ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Degruben.com: Монголын бусдаас давуу гурван шийдэл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-09-06

“Олон нийтийн оролцоо, нийгэм, тогтвортой байдал” төслийн Улаанбаатар дахь төлөөлөгч Кристофер де Грубен манай улсад 13 жил амьдрахдаа анзаарсан, зөвхөн монголчуудын бусад улс орноос илт давуугаар шийдэж чадсан гурван зүйлийн талаар “Degruben.com” цахим хуудаст нийтэлжээ. Уг нийтлэлд “Твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээгээр  Монголын улс төр, аж амьдралын талаар иргэд бухимдаж, дургүйцлээ илэрхийлдэг. Зарим хүмүүс нь байнга л бухимдана.  Харин зөвтгөсөн нь харьцангуй бага. Энэ мэдээж зөвхөн Монголд байгаа хандлага биш. Дэлхий даяар жирийн ажиглагчид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Би Монголд амьдраад 13 жил болж байна. Энэ хугацаанд миний мэдэж буйгаар дэлхийн ихэнх улсаас Монгол Улс л хавь илүү шийдэж чадсан гурван шийдлийг танилцуулахыг хүсч байна”  

 

НӨАТ-ын e-Barimt систем

Дэлхийн ихэнх улсуудын нэгэн адил Монгол ч гэсэн татварын сан бүрдүүлэхээр ажиллаж буй. Гэсэн ч, “Засгийн газар чадваргүй, тэд бүгд авлигад идэгдсэн, тэд миний төлсөн татварын мөнгийг үр ашиггүй зүйлд үрэн таран хийж байна, өөрийн зовж олсон мөнгөө яах гэж татварт төлөх ёстой гэж” гэх мэт олон нийтийн дундах түгээмэл ойлголтуудтай тулгарч байна. Авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг эсэргүүцэх энэ хандлага нь томоохон хэмжээний хуваагдлыг бий болгож, татвараас зайлсхийх нөхцөл болж байгаа юм. Харин 2015 онд татварын албад эргэлт хийсэн. 2015 оны долдугаар сард НӨАТ төлөлтийг сайжруулах, орлогоо үнэн зөв мэдүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын хуулийг шинэчлэн найруулсан. Бусад татвараас ялгаатай нь НӨАТ-ыг хэрэглэгч төлж, бизнес эрхлэгчид Засгийн газрын нэрийн өмнөөс цуглуулдаг юм. Энгийнээр хэлбэл, үйлчилгээний байгууллага, бизнес эрхлэгчид бүх борлуулалтаа “Point of Sale” буюу ПОС-ын машинд бүртгүүлэх бөгөөд уг машин нь татварын сүлжээнд холбогддог. Харин иргэд гар утас, цахимаар бүртгүүлсэн Е баримт платформд баримтаа бүртгүүлж, жилд нэг удаа буцаан олголт, сар бүр 300 хүртэлх сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцдог юм. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оноос өмнө улс даяар 12 мянган кассын машин байжээ. Үүний улмаас аж ахуйн нэгжүүд орлогоо буруу тайлагнах явдал байсан аж. Харин НӨАТ-ын систем ажиллаж эхэлснээс ердөө хэдхэн сарын дараа кассын машины тоо 37400-д хүрсэн бол эдүгээ 65 мянган QR код бүхий баримт гаргах кассын машин ажиллаж байна. Энэ систем Монголын жижиг зах зээлүүд дэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, наймаачдад тохирсон шийдэл. Гэсэн ч, Засгийн газар системээ илүү хялбар болгохоор ажиллаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хэрэглэгчдийн хувьд системийн эрэлт нэмэгдсэнээр жижиг бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг дагаж мөрдөхгүй л бол Татварын алба үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах, эсвэл алдагдал хүлээх нөхцөл байдалтай тулгарч байна. 
 

 

Нэг цэгийн үйлчилгээ

Төрийн үйлчилгээний хүнд суртал дэлхий даяарх нийтлэг сэдвүүдийн нэг. Харин уг тогтолцоог үгүй хийсэн төрийн үйлчилгээг нэг газар дээрээс хүлээн авах боломжийг хангасан Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Мэдээж үүнийг Монгол л шинээр бий болгосон юм биш. Гэхдээ шинэ төвшинд аваачсан. Хотын хүн ам хамгийн ихтэй цэгүүдэд байршсан нэг цэгийн үйлчилгээнээс иргэд шаардлагатай баримт бичиг, тодорхойлолт, татварын асуудлаа хялбархан шийддэг. Мөн хотын өнцөг булан бүрт байршсан цахим машинаас иргэд энгийн хэрэглээний тодорхойлолтуудыг зөвхөн өөрийн цахим үнэмлэхээ ашиглан, ямар ч төрийн албан хаагчийн тусламжгүйгээр авах боломжтой юм. 

 

Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо

Монголд өнгөрүүлсэн эдгээр жилүүдэд нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль их байгаа нь надад тааламжтай санагддаг. Үүнийг Монголд ирж байсан хүмүүс ажигласан л байх. Монголын их, дээд сургууль төгсөгчдийн 60-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс оффисын ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд улс төрд ч эмэгтэйчүүдийн оролцоо бусад Азийн орнуудтай харьцуулахад өндөр.  Мэргэжлийн өндөр албан тушаал, амжилттай бизнесийн ард эмэгтэйчүүд байдаг нь нууц биш болсон бөгөөд төрийн тусгай агентлагууд, эмнэлгүүд ч ялгаагүй байгаа юм. Улаанбаатар хот дахь өндөр зэрэглэлийн ресторан, үйлчилгээний газрууд ч бүгд эдгээр хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулан үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. Хачирхалтай нь, гэр бүл дэх эмэгтэй хүний давамгайлал нь эрэгтэй хүнийг эдийн засаг болоод  сэтгэл зүйн хараат байдалд оруулж, бухимдал, сэтгэл гутралд оруулах нь ихэссэн. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, эрчүүдийн дундах архидан согтуурах явдал ч нэмэгдэж байгаа юм.
Монголд өнгөрөөсөн он жилүүдээсээ харахад эмэгтэйчүүдийн тэгш байдал үргэлж хүчтэй яригдаж, бүсгүйчүүд ч өөрийн эрхээ чадварлагаар хамгаалж, иргэний үүргээ олон эрчүүдээс илүү биелүүлсээр ирсэн юм. Хэдийгээр Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангахад цаашид ч олон зүйл хийх шаардлагатай ч, миний бодлоор олон улс орон  Монголын жишээнээс суралцах хэрэгтэй. 

 

Dailysabah.com: Гулины ФЕТО, Мүүний шашин бол  нэг зоосны хоёр тал

Монгол, Туркийн харилцаа өнгөрөгч долдугаар сард Монголын тал Гуленист террорист байгууллага болох “ФЕТО”-гийн гишүүнийг Туркт шилжүүлэн өгөхөөс татгалзсантай холбоотойгоор хурцадмал байдалтай болсон юм. Энэ явдлын дараа Турк “ФЕТО” байгууллага  үйл ажиллагаагаа Монголд чөлөөтэй явуулахыг зөвшөөрч буй нь Турк Монголын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг мэдэгдсэн. Туркийн эл мэдэгдлийн дараа Монгол Улсаас Анкарад суух Элчин сайд Р.Болд “ФЕТО” байгууллагатай хамааралтай таван сургуулийг Монголын Боловсролын яаманд шилжүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв. 
Мөн “ФЕТО”-ийн гишүүдийн  боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн визийн хугацааг сунгах боломжгүй тул энэ жил Монголыг орхино гэдгийг нэмж хэлсэн юм. 1994 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй таван сургуульд өнөөгийн байдлаар 1300 гаруй сурагч суралцдаг байна. “Эмпати” компанийн эзэмшилд байдаг тэдгээр сургуулийг “ФЕТО” байгууллагад үйлчилдэг Германы нэгэн компанид зарсан байдаг. Харин Монголын БСШУСЯ тус компанид үйл ажиллагаа эрхлэх лицензийг олгох боломжгүй гэж үзсэн юм. Тэгвэл энэ талаар Элчин сайд Р.Болд “ФЕТО”-оос тэдгээр сургуулиудад явуулах үйл явцын улмаас сургуулиуд өдөр ирэх тусам суралцагчдаа алдаж буйг хэллээ.
Мүүний шашин болон “ФЕТО” байгууллага сургууль, компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ хоорондоо ижил төстэй. Тэр утгаараа энэ хоёул Монголын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдэгт Элчин сайд Р.Болд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Мүүн, ФЕТО бол нэг зоосны хоёр тал. Монголоос Туркт суух Элчин сайдын хувьд Туркийн талын байр суурийг бүрэн дүүрэн ойлгож байна. Би Монголын улстөрчдийг үүнд итгүүлэхэд чадах бүхнээ хийх болно. Өнөөдөр терроризм ганц улсын асуудал биш. Олон улсын асуудал” гэдгийг мөн нэмж дурдсан байна. Мүүний шашин гэгддэг эв нэгдлийн сүм Монголд сурах бичгийн агуулгыг өөрчлөхийг оролдсон гэх үндэслэлээр  ихээхэн маргаантай байдаг. Түүнчлэн 2016 онд Боловсролын яамны томоохон албан тушаалтан сүмийн үйл ажиллагаанд нэгдэж байсан гэдгээ хүлээж, албан тушаалаасаа огцорч байсан юм. Сүмийн гишүүдийг ихэвчлэн Мүүнийхэн гэж нэрлэдэг бөгөөд боловсрол, худалдааны чиглэлээр Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ. Эв нэгдлийн сүмийг БНСУ-ын бизнесмэн Сун Мюн Мүүн 1954 онд үүсгэн байгуулж байсан бөгөөд Зүүн өмнөд Азийн зарим улс, БНСУ, Япон, Монгол зэрэг оронд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мүүн 2005 оны аравдугаар сард эхнэр Хак Жа Ханы хамт Монголд айлчилж, гэр бүлийн сэдвээр илтгэл тавьж байжээ. Өнөөдрийн байдлаар сүм дэлхийн 120 оронд дөрвөн сая гишүүнтэй. Зөвхөн АНУ-д гэхэд 100 мянга орчим гишүүдтэй аж. 
Элчин сайд Р.Болдын хэлж буйгаар гурван жилийн өмнө Мүүний шашныхан Монголд гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь Монголд өргөн тархахад нөлөөлсөн байна. Тиймээс ч Мүүний шашин болон “ФЕТО”-ийн нөлөө ижил гэж Р.Болд хэлэв. Тэрбээр “Би Монголын улстөрчидтэй ярилцаж, тэдэнд энгийн жишээ дурдсан. “ФЕТО” бол Мүүний хөдөлгөөнтэй ижил. Хэрэв Гулин болон “ФЕТО”-ын талаар ойлгохгүй байгаа бол Мүүнийг аваад үз. Тэр Монголд юу хийснийг. Тэд харагдах байдлаараа өөр боловч, зорилго нь яг ижил. Тэд нэг зоосны л хоёр тал” гэжээ.  Мөн ОХУ-ын Засгийн газар “ФЕТО” байгууллагын талаар Монголд сэрэмжлүүлж, тус хөдөлгөөнтэй холбоо бүхий 50 сургуулийг хаасан гэдгийг дурьдсан байна.