ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Болд: Өдөрт 200 мянган воны цалин авч байна

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-07

-Монголд одоо очсон ч надад хийх ажил олдохгүй шүү дээ-

 

Хүний нутагт хөдөлмөр эрхлэн амьдралаа залгуулж буй олон мянган хүний төлөөлөл болох  А.Болдыг “Онлайн ярилцлага” булангийнхаа анхны зочноор урилаа.  

-Сайн уу,  Сайхан намаржиж байна уу. Ажил тавтай юу?
-Сайн сайн уу.  Ажил сайн. Өдрийн хоолны цаг болоод амарч байна.

-Наана чинь цаг агаар хэр байна вэ. Монголд ойрын хэд хоног сэрүүхэн байна?
-Цаг агаар тогтуун байна. Өнгөрсөн сарын сүүлээр хэд хоног хүйтэн бороо орсон. Түүнээс хойш бороо ороогүй байна. Монголоор сонин сайхан юу байна даа. 

-Их хотын хөл хөдөлгөөн эхэлсэн, бужигнаад л байна. Та Солонгост хэчнээн жил болж байгаа билээ? 
-Солонгост ирж ажиллаад 10 гаруй жил болжээ. Энэ хугацаанд 40 шахам удаа ирж очсон байна. 

-Та Солонгосын аль хотод байна вэ?
-Инчонд  байна. 

-Солонгост ажлын байрны олдоц муу байна гэсэн мэдээлэл байна. Тэр үнэн үү. Инчонд ажил хэр байна вэ?
-Өмнө би  барилга дээр ажилладаг байсан. Тухайн үед Канад хаус барьдаг байлаа. Дараа нь орон сууц  барьдаг. Одоо хийж байгаа ажил хамаагүй хөнгөн бөгөөд  цалин өндөр.  16 метр өндөр үйлдвэрийн сэндвичин барилгад  ажиллаж байна. Энд ажлын олдоцгүй байна гэж байхгүй. Ажлынхаа хүнд, хөнгөнөөс хамаараад цалин нь янз янз байдаг. Тиймээс хүмүүс ажлын олдоц муу байна гэж ярьж байгаа байх. 

-Наана чинь олон орны хүмүүс ажиллаж байна уу?
-Тийм ээ. Монгол, Узбекистан, Казахстан, Хятад, Турк гээд олон орны хүн ажиллаж байна. 

-Өдөрт хэчнээн цаг ажилладаг вэ?
-Өглөө 05:00 цагийн үед гэрээсээ гардаг. Ажилдаа  06:00  цаг гэхэд ирсэн байх ёстой. 06:20 хүртэл өглөөний цайгаа уудаг. Ер нь бол үүнээс хойш  11:00 цаг хүртэл амралтгүй ажилладаг. Өдөр хоолоо идчихээд  орой 17:00 цагт ажлаасаа буудаг.

-Ядарч байна уу, хоол цай хэр вэ?
-Ажил хөнгөн болохоор гайгүй ээ. Өмнө нь хүнд ажил хийгээд, учраа олохгүй ядардаг, зутардаг байсан. Одоо ч солонгос хүн шиг орчинд нь дасжээ. Барилгын ажил хүнд. Ажил олгогчдоос шалтгаалаад хоолны чанар янз бүр байдаг. Манай ажилд  хөргөгчинд  хүйтэн ус, ундаа, пиво, халуун кофе, жигнэмэг, талх хангалттай.  Солонгосчууд их  халамжтай байдаг.  Энд  австрали хонины мах импортоор ирдэг. Монгол хонины махнаас ялгаагүй сайхан амттай. 

-Цалин мөнгө нь гайгүй уу, цагтаа өгч байна уу?
-Гайгүй ээ. Өдөрт  200 мянган  вон авдаг. Анх тийм ч өндөр цалин авдаггүй байсан Ажилдаа мэргэшээд инженерийн зургийн дагуу бүтээцийг угсардаг. Бүх ажлыг сэтгэлд нь хүртэл болж байж цалин боломжийн болсон. 

-Солонгост очиж ажиллаад олон жил болсон. Бусдын адил байр, машины мөнгө хурааж чадсан уу?
-Үгүй ээ. Байр, машин аваагүй. Хүүгийнхээ хуримыг хийсэн.  Хүүдээ хоёр өрөө байр авч өглөө. Хэдэн жилийн өмнө би барилгын хоёр давхараас  унаад, хэвтэрт орсон юм. Хоёр хөлөндөө  10 удаа хагалгаанд орсон доо. Үүнээс болоод олсон хэдэн төгрөгөө эмчилгээндээ зарцуулжээ. Түүний хүчинд өнөөдөр бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөж явна. Эрүүл байвал мөнгө, ажил хоёр олдоно. 

-Одоо хөл нь зүгээр үү. Өвдөх зовиур байна уу?
-Зүгээр ээ. Эмчилгээ сайн хийлгэсэн болохоор дажгүй байна даа. 

-Та Солонгост удах уу. Монголдоо ирж ажиллах сонирхол байна уу? 
-Монголд очоод надад ажил олдохгүй шүү дээ. Одоо 50 гарсан хүнд харуул хамгаалалтын ажил олдвол их юм. Солонгост хийсэн хөдөлмөрөө зохих ёсоор нь үнэлүүлж чаддаг. Монголд өдрийн 400 гаруй мянган төгрөгийн цалин авахгүй. Миний виз 2020 он хүртэл хүчинтэй. Юутай ч тэр болтол ажиллана. Энд хэл мэддэг, найдвартай, гүйцэтгэл сайтай хүн ажлаа хийж чадаж байвал ажилд зоволтгүй. 

-Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Би жижигхэн нэг өрөө байр жилээр нь түрээсэлж  байгаа.  Амралтын өдөр гэртээ амарч өнгөрөөдөг. Гадуур яваад байх шаардлага гардаггүй. Энд ажиллах гэж ирсэн гадны хүмүүс мөнгө хураах л зорилготой. Түүнээс  архи, дарс хэтрүүлэн хэрэглээд байдаггүй. Архи бол бүр уух хэрэггүй.
-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.