ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл сайд аа, баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-10

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл анх сайдын албан тушаал авахдаа таван зүйлийг амлаж байсан юм. Нэгдүгээрт, эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад заана. Хоёрдугаарт, бүх нийтийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Гуравдугаарт, хүүхдийн шүдний өвчлөлд анхаарна. Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээс гадна ажлын байранд суурилсан цалингийн үнэлгээтэй болгож, цалингийн сүлжээг ахиулна. Тавдугаарт, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангана гэсэн амлалт өгч байв. Тэр ажлаа авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Харин амласан ажлынх нь гүйцэтгэл 80 гаруй хувьтай биелжээ. Энэ хичээлийн жилээс ЕБС-иудад эрүүл мэндийн хичээл орно. Маш том дэвшил шүү. Ирэх оны нэгдүгээр сараас 0-12 насны бүх хүүхдийн шүдний эмчилгээг хувь, хувьсгалын эмнэлэг үнэ төлбөргүй хийхээр болсон.

Эцэг, эхчүүдийн хувьд талархаад ч барамгүй ажил болов. Сувилагчийн цалинг үе шаттай буюу 12-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарснаар 127-183 мянган төгрөгөөр нэмэгджээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд сар бүр гадны улс орнуудад мэдлэг боловсролоо дээшлүүлдэг болсон Харин бүх нийтийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил хэрэгжээд явж байгаа. Тэр ажлаа хийсэн шиг хийдэг сайд гэдгээ харуулж байна. “Мэргэжлийн бус хүн очлоо, энэ салбар ч мэдэхгүй дээ” хэмээн халаглаж байсан олон хүн түүнд “онц” дүн тавьчихаад сууж буй. Эмэгтэй хүн эрүүл мэндийн салбарыг удирдах нь ямар давуу талтайг ч харуулж чадлаа. Эрүүл мэндийн салбар одоо л өндийж байна. Д.Сарангэрэл сайд хамгийн сүүлд ханиад томууны дэгдэлт ихэссэн үед буюу арванхоёрдугаар сарын 15-наас, хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраах талаар санал гаргажээ.

Бас л эцэг, эхчүүдийн талархлыг хүлээлээ. Ханиад томуу, хатгалгаа, сүрьеэ зэрэг өвчний дэгдэлт ихэсдэг энэ үед бяцхан үрс гэртээ амарч, уушгиа бага хордуулах тусмаа сайн. Үүнийг ч сайд мэдэрч чаджээ. Дунд нь 14, 10 хоногоор амардаг амралтуудыг цуцлаад, ид хүйтнээр, элдвийн вирус дэгддэг үеэр хүүхдээ хамгаалахад болохгүй зүйл алга. Хичээлийн шинэ жил заавал есдүгээр сарын 01-нд гэхгүйгээр наймдугаар сарын сүүлээс эхэлж болно. Мөн долдугаар сарын 01 хүртэл хичээллэсэн ч болно. Энэ мэтээр төр жаахан зохицуулалт хийчихвэл олон хүүхэд ханиад, хатгалгаанаас болж амиа алдахгүй, өвдөхгүй байж болох билээ. Д.Сарангэрэл сайд аа, баярлалаа. Олон мянган ээжүүдийн өмнөөс танд талархлаа илэрхийлье.