ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улаанбаатар-Дарханы замын ажил ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-10

Зам тээвэр, хөгжлийн дэд сайд өнөөдөр өглөө шуурхай хурал хийж, хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт өгсөн 16 үүрэг даалгавраас 100 хувийн биелэлттэй гурван ажил байгааг онцолсон аж.

Харин сул биелэлттэй байгаа ажлууд болох орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор 1000 автобусанд шүүлтүүр суурилуулах ажил болон Төмөр замын тээврийн тухай хуулийн ажлын явцыг эрчимжүүлэх, ТЗТТХ-ийг дагалдаж гарсан багц дүрмийг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгчээ.

Үүнээс гадна Тавантолгой Гашуун сухайтын замын засвар арчлалтыг эрчимжүүлэх, Хөвсгөл аймгийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу чанарын баталгаат хугацаа дуусаагүй авто замуудыг шалгах, шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн аж.  

Мөн Агаарын тээвэр, Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газруудад шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах хугацаа ойртож байгаатай холбогдуулан авто замын ашиглалт, засварыг эзэнжүүлэх, Авто замын барилгын төслүүдийн гүйцэтгэлийн явцыг долоо хоног бүр танилцуулах, Улаанбаатар-Дарханы замын барилгыг ирэх оны дөрөвдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах, Шинэ нисэх буудлын дагалдах ажлуудыг эрчимжүүлэх үүргүүдийг тус тус өгчээ.