ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газар нутгаа өмгөөлсөн сэтгүүлч зодуулж, эгэл иргэд гэмтсээр байх уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-11

Уугуул нутаг, ус голоо ухуулахгүй гэсэн нутгийн иргэдийн тэмцэл сүүлийн өдрүүдэд ар араасаа гарч байна. Мал бэлчих газар байтугай, нүүдэллэх нутаггүй үлдэхгүйн тулд тэд сөөм газрын төлөө сөрж зогсож буй нь тэр. Сүүлийн үеийн мэдээллээр Баянхонгор, Төв, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн хэд хэдэн сумдын иргэд нутаг усаа ухуулахгүйн тулд мөнгөтэй компанийн эсрэг тууштай тэмцэж байгаа аж. 

“Уул уурхайгүй аймаг боллоо” хэмээн сүржин зарлаж байсан Хөвсгөл аймагт гэхэд л Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн харьяа “Блэк рок” гэх компани  Бүрэнтогтох сумын Нүүрстэйн аманд олборлолт хийхээр санаархаж, ашиглалтын лиценз авсан гэх маргаан өнөө хэр үргэлжилж байна. Засаг даргаасаа эхлээд хэн ч тоохгүй байхад нутгийн иргэд л тэмцсээр үр дүнд хүрч, лицензийг нь цуцлуулж байна. Газар нутгийнхаа төлөө зарим нь ингэж тэмцэж байна. Хэнтий аймагт өнгөт чулуу олборлуулахгүй гэж тэмцсэн сумын Засаг дарга залууг танигдахын аргагүй болтол зодсон баримт ч саяхных. Гэтэл төрийн нэр барьсан, тусгай зөвшөөрлийн цаас барьчихсан гадны компаниуд энд тэндгүй дураараа дургиж байна.

Эх нутгаа хамгаалсны төлөө нутгийн иргэдийг зодсон, биед нь халдсан бичлэг ар араасаа соошл орчинд тавигдсаар байхад монгол төр нүдэн балай чихэн дүлий суусаар байна. Тэр ч байтугай нутаг усыг нь ухаж буй Хятадын хөрөнгө оруулалттай компанид сумын Засаг дарга нь ТУЗ-ийн гишүүн хийж, сардаа сая төгрөгийн цалин авч байгаа нь ариун явдал уу. Энэ бол ойрын жишээ. Цаашлаад, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Цагаан-Овоогийн алтны үндсэн ордыг эзэмшдэг “Спейшл майнз” компанийн хамгаалагч нар ажлаа хийж явсан сэтгүүлчийн биед халдаж, техникийг нь эвдэж байсан түүхийг бид мартах учиргүй. Тухайн үед асуудлыг хэсэгтээ ярьсан ч тэгсхийгээд мартчихсан. Мөнгөтэй компани хүчээр дарсан ч байж мэдэх юм. Гэвч бид мартах учиргүй.

Эх орныхоо газар нутгийг хамгаалж, хууль бус зүйлийг нь илчилснийхээ төлөө сэтгүүлч нь зодуулдаг, гэмгүй малчин гэмтэн болдог байх ёсгүй. “Гишүүн хуулиас гадуур тэмц гэсэн бид хуулийн дагуу тэмцэнэ” хэмээн Баянхонгор аймгийн иргэд хэлсэн тухай саяхан манай сонинд сурвалжилга гарч байлаа. Юу гэсэн үг вэ. Төрд төлөөлж суугаа УИХ-ын гишүүн нь хүртэл мөнгөтэй компанийн өмнө хүчгүйдэх болтлоо арчаагүйтжээ. Уул уурхайн компаниудад гарч буй ослын тухай бичвэл цаг их орно. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан гэх компаниудад ар араасаа осол бүртгэгдэж байгаа. Байгууллагын нэр хүнд хэмээгээд халхалж, нуугаад өнгөрдөг нь олон. Ар гэрт нь ганц өрөө байрны мөнгө өгөөд л амыг нь барьдаг. Дахиад л “Спэйшл майнз” компанийн жишээг авч болно. Үйлдвэрт нь аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсанаас үүдэж цианид алдагдсан байж болзошгүй гэх хэрэг гарч, үйлдвэрийг лацдаж байв.

Гурван хүн хордсон байж болзошгүй хэмээн эмнэлэгт хүргэгдсэн ч золоор тэд эрүүл байсан юм. Хэрвээ амиа алдсан бол яах вэ. Хэрвээ тэр бодис нь гадагшаа алдагдсан бол хэрхэх вэ. Маш олон “хэрвээ” гэх асуулт уул уурхайн компаниудаас гарч байгаа. Төв аймгийн Заамар сум, Өвөрхангай аймгийн “Онги” голын жишээг мартах учиргүй юм. Ундалж өссөн гол мөрөн нь нүдэн дээр нь ширгэж, уул нурууд нь шар шороо болохыг харж тэвчээгүй Ц.Мөнхбаяр гэх тэмцэгч Төрийн ордон руу буу шагайж байсныг эргээд санацгаая. Бид дахиад л мэдсэн ч мэдээгүй юм шиг суугаад өнгөрч байна. Ямартай л газар нутгаа хамгаалахын тулд сумын Засаг дарга хуулиас гадуур “аашилдаг” “Босоо хөх монгол” бүлгэмээс тусламж гуйж суух билээ. Энэ бол элэглэх, шоолох сэдэв биш.

Эх нутгийнхаа сөөм газрыг ухуулахгүй хадгалж үлдэх гэсэн эгэл иргэдийн тэмцэл хүмүүсийн элэглэх сэдэв лав биш. Бидэнд сэтгэл зовоох хангалттай олон сэдэв байгаа нь үнэн. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэтээр нэрлэж болно. Гэвч гишгэх газар үлдээгүй цагт түгжрэх зам ч бидэнд үлдэхгүй гэдгийг санаж, мөнгөтэй компаниудын үйл ажиллагаанд дахин нэг шалгалт хийгээч, эрх баригчид аа. Ухаж болох газар нь хаана, ухуулах ёсгүй газар нь хаана байгааг шалгаж, улс даяар нэг удаа бүртгэл тооллого явуулахад ч болохгүй гэх газар алга. Мөнгөтэй компанийн талд биш ард түмний талд нэг удаа зогсоод тэдний үгийг сонсчихдог бол хэн л хуулиас гадуур тэмцэхийн тулд, бүлгэм гуйж доог болох билээ.