ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг төр концессын гэрээгээр авна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-13

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. 

 

Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь тухайн жилдээ нас баржээ 

 Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар хэлэлцлээ.  Монгол Улсын хүн ам ходоод, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61.1 хувь, нас баралт 54.1 хувь болсон аж.  Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь жил хүрэхгүй хугацаанд нас бардаг байна.

Тухайлбал, өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оношлогдсоноос 4004 нь тухайн жилдээ нас барсан аж. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Тиймээс нэн тэргүүнд хүн амын дундах  хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэв. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100 мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд  11-13 сая төгрөг дунджаар хэрэгтэй болдог байна. Тиймээс “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн сайд нарт  үүрэг болгосон байна. 

 

Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана

Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг бий болгохоор тусгасан байдаг.  Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлэлт хийгдээгүй нь улс орон, дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааг зохицуулахад эрхзүйн зохицуулалтын хувьд учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна. Энэхүү хууль батлагдсанаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх гэх мэт эрхзүйн зохицуулалтын боломжтой болох юм.

 

Харилцаа холбооны тухай хуулийг шинэчилнэ 

Харилцаа холбооны зах зээл дэх төрийн оролцоог багасгах цаашдын хөгжил, зах зээлийн үр өгөөжтэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүртээмжтэй хангахад одоо мөрдөгдөж буй Харилцаа холбооны тухай хууль учир дутагдалтай байна.  Хуулийн төсөлд харилцаа холбооны зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах, зах зээлийн өрсөлдөөн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулах аж. Ингэснээр тус салбар дахь монополь шинжтэй үйлчилгээг тодорхойлох, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглох, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэхийн тулд салбар хоорондын уялдааг хангах зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.