ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Халтар: Малчин заяандаа нэг ч өдөр гундаж яваагүй ээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-19

Өвөрхангай аймгийн Сант сум Цахиурт багийн малчин Г.Халтарыг эгэл амьдралын хоймортоо урилаа.

Хурын элбэгт сэтгэл дэвтсэн малчин Г.Халтар ахынх их замын харгуй угтаж ганц гэрээр намаржиж байв. “Дөрөвдүгээр анги төгсөөд мал дээр гарсан даа. Би хэтээсээ малд дуртай хүүхэд байсан. Шилбүүрээр хөл дүүжлэх унаа хийсэн хоргол шиг бор хүү хурганы захад гүйдэгсэн” хэмээн ярих нь тэртээ 40 жилийн өмнөх хүүхэд насных нь дурсамж сэтгэлийн хойморт залрав уу гэлтэй. Өглөө нар ажиж, салхины хээгээр  тэнгэр шинжин хонио бэлчээснээр малчин хүний нэг өдрийн ажил эхэлнэ.

Caption

Хоёр нарны хооронд цагийн хувиаргүй хөдөлмөр үнэндээ хэцүү санагдаж байлаа. Борви тэнийхгүй их ажлын дундуур нь малчин заяа холбосон амьдралын түүхийг нь яриулах гэж хэсэгтээ ам хэлийг нь чангаасан юм. Дэндүү гэмээр аядуу зөөлөн дуутай түүний харцнаас тал нутгийн амар амгаланг олж харна. Тэрбээр 1964 оны хавар малчин ард Гонгорын дунд хүү болон төржээ. 1982 онд Улаанбаатар хот Улаанхуаранд байрлах авто засварын  011 дүгээр ангид цэргийн алба хаасан байна. Тэрбээр “Гурван жил авто засварын цэргийн ангид алба хаахдаа техник огт сонирхоогүй. Нутагтаа очиж малаа маллахыг л хүсдэг байлаа” гэж хүүрнэх нь ясны малчин гэдгийг илтгэнэ.

Амьдрал түүнд их зүйл өгчээ. Цэргээс халагдаж ирээд жилийн дараа эцгийн голомтоос туурга тусгаарлаж, нутаг орондоо хүндлэгдсэн номтой хүний долоо дахь отгон охин Ц.Бурмаатай ханилсан байна. “Миний хадам аав н.Цэрэндорж надад амьдралын ухаан заасан сайхан хөгшин байсан. Гэргийтэйгээ сууснаас хойш бид хоёрт үр хүүхэд заяагаагүй. Тээр жил эхнэрийн эгч хүнд өвдөөд бага охиноо манайд түр үлдээсэн юм. Дөнгөж зургаан сартай, нялх амьтан авч үлдэж байлаа. Угжны толгой хөхөхгүй, гурван цаг уйлаад, хөлс нь цувчихсан. Харахаар өрөвдөөд цээж хөндүүрлээд байдаг. Тэгж тэгж нэг юм ядраад унтаад өгсөн. Миний жоохон шар охин чинь ямааны сүүгээр л хүн болсон. Ээж нь өвчнөө эдгээгээд эргээд ирэхэд охиноо өгч чадаагүй. Хадам аавдаа л баярлаж явдаг. Бид хоёрын элэг дэвтээх үр, надад тохиолдсон хамгийн сайхан зүйл” хэмээн өгүүлэхэд эцэг хүний ноён нуруу төвшин зан харагдаж байсан юм.   

Г.Халтар: Ган зудын гашуун зовлон тойроогүй ээ

Г.Халтар ах цэргээс халагдаж ирээд 1991 он хүртэл нэгдлийн эм хонь маллажээ. Нэгдэл тарсны дараа хувийн мал аж ахуй эрхэлсээр өдийг хүрсэн тэрбээр “Өглөө эрт босож хотоо эргээд алхах сайхан байдаг юм. Манайх 2010 оны жилийн эцсийн мал тооллогоор малчны А дансандаа 700-аад толгой малын бүртгэл тэмдэглүүлсэн. Хавар хотоо харлуулчихаад 60 гаруй ямаа, ганирхсан 10-аад үхэртэй үлдсэн өдрүүд одоо ч миний зүрхэнд шар ус хуруулдаг” хэмээгээд байгалийн гамш­гийн өмнө эрхгүй тахим нугалснаа дурсан шимийн архинаас балган хэсэг бодлогоширсон юм. “Цагийн хатууд үстэй дээлээ тайлалгүй өдөр хоногийг өнгөрөөх үе байсан.

Caption

Цай буцлахын төдийд нойр аваад л аяга цай оочоод сууж байхдаа хүн бүлтэйсэн бол гэж хаяа бодогддог л юм. 2010 оны зун газрын гарц сайн гарсан. Гэвч намар аравдугаар сард цас дарснаар малын хамар хатгах өвсгүй үлдээгүй. Тэр жил азаргаар нь адуугаа адуугаа алдчихаад хавар нь Бүрэнгийн хойд талаас толгой бүрэн олоход нулимс гарч байсан шүү” хэмээн өөртөө тохиолдсон гашуун сургамжийг мөр алдалгүй өгүүлж байсан юм. Тэр жилийн зудаар хотоо харлуулсан олон малчин хот руу нүүжээ. “Уулын энгэрт хоосон өвөлжөөнүүд ханхайгаад л муухай шүү.

Цаг хатуу хотоо харлахыг харсан ч  гэрийн бууриар тамгалсан голомтоо орхиж нүүх бодол төрөөгүй л юм даа” хэмээн шүүрс алдав. Нэмж мал худалдаж авалгүй, үлдсэн цөөн толгой малаа ариглаж өсгөсөн Г.Халтар ах, Ц.Бурмаа эгч хоёр өнөөдөр тов хийсэн малтай болжээ. Гурван цагийн зайтай гүү сааж, хонь ямаагаа холбон сааль авч цагаан идээ боловсруулдаг тэднийхээр бууж мордох айлчдын хөл тасардаггүй бололтой. Мөөгөн малгай духдуулж тавьсан гандуу саарал дээлтэй 70 гаруй насны хөнхөр бор өвгөн хонины бэлчээрээс буугаад мордов. Аргалын гал дээр буцлах аарцны эхүүн үнэр ханхийнэ. Халаасан ус юүлж зогсох гэрийн эзэгтэйг  “Манай Бурмаа гар сайтай.

Цагаан идээ боловсруулахдаа их мастер л гэсэн үг. Хүүхээд хоёр усаар авсан шар тостой нэрмэл нь рашаан болж их ноёдын зоогийн тэргүүнд л тавигдана” хэмээн тэсгэлгүй гүдхийн шүлсээ залгилаа. Шар тос хөвүүлсэн халуун нэрмэлээс дунд гарын мөнгөн аягаар гурав татсан хөгшиний магнай хөлс нь чийхарч хамар дээр нь шар будаан чинээ бөнжигөр дуслууд үүсч харагдана. Зан сайтай айлд хүн их цуглана, Замаг сайтай нууран шувуу их бууна гэж хонины хишигтэй  хүүхэд, хөгшид, адуу малын эрэлчид гээд бууж мордсон хэн бүхний гарыг тэнийлгэх өгөөмөр найрсаг монгол заншил хөдөө нутагт хадгалагдан үлдсэнийг мэдэх нь сайхан байсан юм.

Шилбүүр унаж хурдлан давхих баастай бурхантай хоёр хөгшин зээ хүүгээ сургуульд орвол дагаад л суурин бараадна хэмээн хөөрнө. Хөдөө өссөн хүүхэд борог, барагтай бол гутал хувцас өмсөхгүй харагдана. Гэрийн эзэн дөрвөн настай жаал хүүдээ эмээл төхөөрч унага зүсэлж өгчээ. “Энэ насандаа малчин заяанд амьдарсандаа гундаж, гандаж явсан өдөр нэг ч байхгүй ээ” хэмээн сэтгэл тэнүүн өгүүлэх Монголын амар амгалан малчны хотноо л мэдрэгдлээ.