ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн МАН “бутач хүүхэд” шиг даргатай бүтэн жилийг барлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-19

Одоогоос яг нэг жил, гурав хоногийн өмнө буюу 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн НИТХ-ын хуралдаанаар Иргэдийн хурлын дарга Ц.Сандуй албан үүргээ хүлээлгэн өгч, албан тушаалаасаа татгалзаж байлаа. Тэр 2014 оноос хойш яригдаж буй “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсондоо уучлалт гуйж, албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь энэ юм. Зөв жишиг байсан уу, эсвэл шахалтад орсон уу гэдгийг хэлэхэд эрт. Гэвч албан тушаалаа хүлээлгэн өгөхдөө “Улс төрийн сонгуульд нэг баг болж, ялалтын төлөө гар гараа барин алхсан журмын нөхдийн зүгээс эрх мэдэлд шунахдаа  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор гүтгэлэг, дайралтыг удаа дараа зохион байгуулалттайгаар  хийж,  нэр төрд минь халдаж,  итгэл сэтгэл рүү минь ус цацах явдал бишгүй л гарлаа. 27 жилийн өмнө  Монгол Улс ардчиллын замыг сонгохдоо хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ тунхаглаж, хэн нэгнийг шүүхээр гэм  буруутай гэж тогтоогоогүй байхад нэр төрд нь халдахгүй байхыг тунхаглан зарласан.

Гэтэл нэр бүхий  16 гишүүн  нь  НИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.  Төлөөлөгчдийнхөө шаардлагыг хүндэтгэн үзсэний зэрэгцээ, олон нийтийн түвшинд үүссэн эргэлзээг нэг талд нь болгох үүднээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ би гаргасан юм” хэмээж ажлаа өгч байв. Тэр цагаас хойш  МАН-д  тэр хэн ч биш болсон. Бүр МАХН-д элсэх нь гэсэн яриа ч ажлаа өгснөөс хойш олон удаа яригдлаа.

Ц.Сандуйгийн тухайд 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь нийслэлийн зургаан дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан гэдэг утгаараа Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг зэрэг хашиж байлаа. Гэвч төрийн албан тушаалыг арилжсан гэх “60 тэрбум”-тай зэрэгцэн намын даргын албан тушаал, тамгаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болсныг бүгд мэдэж буй. Тухайн үед намын даалгавраар хотыг удирдаж байсан, Төв аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Су.Батболдод албан тушаал, бас тамгаа түр зуур хүлээлгэн өгч байв. Харин Су.Батболд энэ боломжийг зүгээр алдаагүй юм. Нийслэлийн МАН-ын даргын тамгыг атгаж суучихаад, нэг жилийн хугацаанд хангалттай намаа самарлаа.

Одоо ч тамгаа өгөхийг хүсэхгүй байгаа. Бүтэн нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэгч, ор нэр төдий намын даргатай байсан Нийслэлийн МАН-ынхан жинхэнэ даргатай болох гэж “тэлчилсэн” ч тусыг эс олов. Өнгөрөгч зургаа, долоо, наймдугаар сард хэд хэдэн удаа сунгаа явахаар тов зарлаж, бүр хурлаа тавдугаар сарын 07-нд зарласан ч хойшлогдож, жинхэнэ даргатай болж чадаагүйг та мартаагүй биз. Үр дүнд нь намын даргын суудалд  санаархсан Су.Батболдын булхай илэрч 305 төлөөлөгчийн 69 квотыг өөртөө буюу М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй хотын фракцийн толгойлогчид өгсөн нь ил болж, хэсэгтээ л олны анхаарлыг татсан.

Тэр цагаас хойш намд үнэхээр шударга ёс байсан уу гэдгийг шалгах хэд хэдэн удаагийн бодит шалгуур гарсан ч Су.Батболд тахимаа өгсөнгүй. Хэвлэлээр өөрийгөө од хэмээн дөвийлгөж, нийслэл хот байтугай нам нь түүнгүйгээр урагшлахгүй гэдэг пиар хийж үзлээ. Өрсөлдөгч болох УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайханыг харлуулах гэж оролдов. Нийслэлийн газрыг зарсан гэх “алим” хочит хотын мээр Ц.Батбаяр даргад өрсөлдөнө хэмээж захидал бичих хүртлээ аргаа барсан гэхээр нийслэлийн МАН-д ямар гэгчийн бантан болж буйг бэлхнээ харж болох биз. Нийслэл хотын авралын гэгээ нь Су.Батболд гэх пиарыг өглөө, үдэшгүй явуулсан ч үр дүн харин гарсангүй, уучлаарай.

Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийн хүн бүрийг “үнсэж” давхисан намын 28 дугаар Их хурлаар тэд үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан ч “Су”-д нөлөөлөөгүй. Тодруулбал, Үндсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг нийслэлийн Бага хурлын Намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Су.Батболд тэргүүтэнд зориулж нэг ч квот бэлдээгүй гэсэн үг л дээ. Гэтэл намынхаа эгэл жирийн гишүүдээр батлуулчихсан дүрмийг илтэд зөрчиж, эсэргүүцсэн нэгнийг өнөөдөр ч баалж суугаа хотын мээрийн шуналд 2020 оны ялалт, УИХ-ын гишүүний суудал харагдаж байгаа нь илхэн байна. 2018 оны статистик тоогоор Нийслэлийн МАН-д 32 мянган гишүүн байдаг.

Гэтэл олон мянган гишүүдийн дөнгөж нэг хувь нь Нийслэлийн МАН-ын даргыг томилох учраас эгэл жирийн гишүүдийнх нь эсэргүүцэл энэ хүртэл үргэлжилж, эцэст нь Нийслэлийн МАН тамга барьсан ч хууль ёсны бус, “бутач хүүхэд” шиг даргатай бүтэн жилийг барлаа. Су.Батболд ч юм уу ерөөс хэн нь байлаа ч нийт гишүүдээс бус нэг хувиас сонгогдсон дарга гэх нэр хочтой болохгүйн тулд үндсэн дүрмийн дагуу хурлаа хийх болов уу гэсэн эгэл гишүүдийн итгэл талаар өнгөрч байх шиг. “Су” даргын өөртөө бэлдсэн 69 нь аль нэг фракцийн эрх ашгийг хамгаалах дарга нар байх учраас эсэргүүцэл тэмцэл бүх шатанд өрнөсөн нь эрүүл үзэгдэл болсон ч нам шинэчлэгдэж чадсангүй.

МАН-д дотоод ардчилал бий гэдгийг харуулсан үйлдэл болов хэмээн итгэж байсан ч тэр итгэл талаар өнгөрлөө. Үүнийг намын даргын төлөө өрсөлдсөн хэн бүхэн хүлээн зөвшөөрсөнгүй. Нийслэлийн МАН-д өрнөсөн намын даргын төлөөх тулаан өдгөө “цустай” болох нь уу гэсэн эмээлт буйг нуух юун. Су.Батболд дарга ярьдаг шигээ мөрөөдөлтэй байсан бол намын даргын суудлыг хэзээний авчих байлаа. Гэвч намын гишүүд нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүйн шалтгаан юу вэ. Тэр туршлагатай улстөрч. Хотын мээр байтугай Төв аймгийн ард иргэдийг төрд төлөөлж суучихсан зангарагтай улстөрч.

Гэтэл тамганы төлөөх улс төрийн  төлөө хоёр байтугай ялагдал хүлээж, өдгөө 97 тэрбумын хэрэгт нэр холбогдоод явж байгаа нь шунал уу, эсвэл албан тушаалын төлөөх дон уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Өнөөдөр дуусахад маргааш сонгууль эхэлнэ. Тэр цагт Су дарга та энэ чигээрээ л зүтгэсээр байх уу. Хотын мээрээс илүү Нийслэлийн МАН-ын даргын тамга ийм үнэ хүндтэй байдаг гэдгийг хэн мэдэх билээ. Уг нь эрхэлсэн ажлаа нэр төртэй хийсэнсэн бол  УИХ-ын гишүүний суудал  өлхөн олдох байсан даа.