ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр Солонгос дахин гар барилаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-09-20

-Ким Жон Ун Сөүлд айлчилна-

Манай улсад хүний хөл дээр гишгэсэн бол уучлалт гуйж, баруун гараа сунгах бол харилцаж буй хүн нь уучилж буйгаа илэрхийлэн гар барилцах бичигдээгүй хууль үйлчилдэг билээ. Энэ нь нэг талаас нөгөө хүнээ хүндэлж буйн, нөгөөтэйгүүр эвлэрч буйн илэрхийлэл болдог. Тэгвэл хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд хоёр дахь удаагаа уулзаж буй түүхэн үйл явдлын мэдээ мэдээллийг дамжуулахдаа БНСУ-ын нэвтрүүлэгч Сун Сог Хи Монголын эл ёс заншлыг иш татжээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн, БНСУ-ын Ерөнхийлөгч 11 жилийн дараа анх удаагаа БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод айлчилж, хоёр улсын төрийн тэргүүнүүд эв нэгдлийн бэлгэдэл болгон хоёр дахь удаагаа гар барив.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Ун нар өнгөрсөн хавар Солонгосын хойгийн Панмунжом тосгонд түүхэн уулзалт хийж байсан бол энэ сарын 18-нд Мүн Жэ Ин Пхеньянд айлчилсан юм. Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүнүүд задгай дээвэртэй машинд хамтдаа сууж, замын хоёр талд үндэсний хувцсаа өмсөн  эгнэн зогссон хүмүүс рүү гараа даллан мэндчилснээс гадна Хөдөлмөрчдийн намын төв байранд уулзалт хийсэн байдаг.

Тэдний уулзалт хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн билээ. Харин өчигдөр уулзалтын хоёр дахь шат болж, айлчлалын үеэр төрийн тэргүүнүүдийн хэлэлцсэн асуудал, гарсан шийдлийн талаар хэвлэлийнхэнд мэдэгдэл хийсэн байна. Удаан хугацаанд дайсагнасан харилцаатай байсан хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж, Өмнөдийн Ерөнхийлөгч 10 гаруй жилийн дараа анх удаа Пхеньянд хөл тавьж буй эл үйл явдал дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудын анхаарлын төвд байгаа юм. Өчигдөр болсон уулзалт Пэквавон өргөөнд 10:00 цагийн үед эхэлж, цаг гаруй үргэлжилсэн байна. Үүний дараа талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсаныхаа дараа гар гараа барилцан гэрэл зургаа татуулжээ. Уулзалтын дараа Ким Жон Ун хэвлэлийнхэнд ойрын хугацаанд БНСУ-ын Сөүл хотноо айлчилна гэж мэдэгдсэн бол Мүн Жэ Ин тус айлчлал онцгой нөхцөл байдал бий болохгүй бол энэ жилдээ болох боломжтой гэдгийг дуулгажээ.  Ким “Ойрын хугацаанд Сөүл хотод айлчилна гэдгээ Ерөнхийлөгч Мүнд амласан байгаа” хэмээн гэнэтийн шийдвэрээ танилцуулсан байна. Хэрэв түүний амлалт биеллээ олвол хоёр Солонгосын дайн дууссанаас хойш 60 шахам жилийн хугацаанд Умард Солонгосын Ерөнхийлөгч анх удаагаа Сөүлд хөл тавьсан тохиолдол болох юм. 

Мөн Умард Солонгосын Пёнан Пукто мужид байрлах Тончханни пуужингийн талбайгаа хааж, Ионбён дахь цөмийн обьектуудаа татан буулгахаа тэрбээр амлажээ. Ингэснээр Ерөнхийлөгч Мүн Жэ Иний энэ удаагийн айлчлалын зорилго ерөнхийдөө биелсэн гэж үзэж болох аж. Тодруулбал, гадны хэвлэлд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Пхеньянд хийх айлчлал үндсэн хоёр зорилготой гэдгийг онцлон мэдээлсэн байсан юм. Нэгдүгээрт, хоёр улсын харилцааг шинэ төвшинд хөгжүүлэх, хоёрдугаарт Ким, Трамп нарын уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хурдасгах зорилготой аж. 

АНУ-БНАСАУ-ын харилцаанд БНСУ зуучлагчийн үүрэгтэй оролцдог юм. Тэгвэл Ерөнхийлөгч Мүн даалгавраа биелүүлж, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгоход хүчин чармайлт гаргана” гэх амлалтыг Кимээс сонсчээ. 

Тэрбээр “Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болоход ойрхон байна. Дайсагналгүй эвсэг  Солонгосын шинэ эрин үе эхэллээ” хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолжээ. Мөн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мү болон Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд Но Кван Чоль нар салбарын хамтын ажиллагааны зөвшилцөлд гарын үсэг зурав. Харин эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хил гаалийг холбосон төмөр зам, авто замуудыг дахин холбож, Кэсон аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг дахин сэргээхэд удирдагчид санал нэгджээ. 

Ингэснээр жил гаруй хугацааны өмнө цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлт хийж, бүс нутгийг айдас хүйдэст автуулж байсан Умард Солонгос 2018 он гарснаас хойш буулт хийн Өмнөдийн өмнө “баруун гараа сунгаснаар”, хоёр Солонгос эдүгээ гар барилцан эвлэлдэж нэгдсэн гэдгээ дэлхий дахинаа хоёронтоо зарлаж байна.