ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч 2000 гаруй хүүхдэд батламж гардуулав

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-21

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилга, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжийн дагуу хэрэгжиж байгаа “Эх оронч хүүхэд” хөтөлбөрийн явцтай өчигдөр танилцлаа.

Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцэг багийн нутагт байрлаж, Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл заалган, мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээ хийсэн юм. Хөтөлбөрт, Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа аж. Ерөнхийлөгч энэ үеэр 2000 гаруй хүүхдэд биечлэн батламж гардууллаа. Мөн Ерөнхийлөгч оюутан, сурагч нарт хандан үг хэллээ.

Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах, өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, бусдад туслах сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэх, бие биенээсээ суралцах, сурснаа бусадтай хуваалцах дадал суулгах, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй болгох зорилгоор энэхүү сургалт зохиосон нь хамгаас чухал юм.

Сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалт явуулж, сурагчдыг нийгэмд тустай бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Мөн олны танил хүмүүс лекц уншсан гэж сонслоо. Товчхондоо богино хугацаанд сурагчдад ихийг ойлгуулж, олныг дадуулсан эрчимтэй сургалт болжээ. Эх оронч үзэл бол дан ганц бодол санаа, хэл яриагаараа төлөвшдөг зүйл биш юм.Эх орноо хайрлах, эх орондоо зүтгэх нь үйл хэрэг, чин сэтгэл, хичээл зүтгэлээр дамжин хэрэгждэг. Энэхүү сургалтыг би сурагчдад үүнийг бодитоор ойлгуулсан, мэдрүүлсэн ажил хэрэгч арга хэмжээ боллоо гэж ойлгон дэмжиж байна” гэсэн юм.