ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жавхлан: Зээлийн хүүг буулгах хамгийн том шалтгаан нь макро тэнцвэр

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-25

Зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Монгол Улсад зээлийн хүүг буу­­руу­­лах боломжтой юу. Зээ­­лийн хүүний хувьд ма­­най улс мөнгө хүүлэлтийн зарч­­маар явдаг гэсэн шүүмж­­лэл бий. Таны хувьд энэ асуу­далд ямар байр суурьтай байна вэ?

-Зээлийн хүүг бууруулах асуу­дал үеийн үед төрийн бод­ло­гуу­дын  гол зүйл нь байсаар ирсэн. Тэр дундаа хэрэглэгчдийн зүгээс байнгын хүлээлтэд байдаг том сэдвийн нэг шүү дээ. Зээлийн хүү гэдэг манай улсын эдийн  засгийн төлөв ямар байгаагийн тусгал. Энгийнээр хэлбэл, халууны шилэнд гарч ирж байгаа заалт гэж ойлгож болно. Эдийн засаг өөрөө асуудалтай байх юм бол санхүүгийн зуучлалын өртөг өндөр байна гэсэн үг.

-Зээлийн хүүг  бууруулахаар янз бүрийн алхам хийж байгаа ч өнөө хэр үр дүнгүй байлаа. Хууль  батлаад, захиргааны аргаар шууд бууруулах боломжтой юу?

-Зээлийн хүүг бууруулах гэж захиргааны арга хэмжээ авъя, эсвэл хадгаламжийн хүүг бууруулъя гэдэг. Үйл ажиллагааны зардлыг нь бууруулъя. Банкны эзэд ашгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж, зээлийн хүүг бууруулах боломжтой гэх мэт янз бүрийн гарц гаргалгааг хэлдэг. Эдгээр зүйлс бодит шалтгаанууд мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь зээлийн хүүг дорвитой бууруулах суурь шалтгаанууд болж чадахгүй.

-Зээлийн хүүг инфляцитай уялдуулж болох уу?

-Зээлийн дундаж хүү 18 хувьтай байна. Инфляцийн түвшин 8-9 хувьтай бай­гаа. Инфляцийн түвшинг арилжааны банкнууд бас хэрэглэгчид бий болгоогүй. Энэ нь цэвэр төрийн макро болон төсөв, эдийн засгийн бүтцийн бодлогуудын тусгал юм. 1990 оноос хойш бид зах зээлийн эдийн засагт ороод, макро бодлогоо төр нь удирдаж явдаг болсон. Түүнээс хойшхи хугацаанд бий болсон манай улсын санхүүгийн өртөг ийм хэмжээнд ирсэний гол үзүүлэлт.

-Таны хэлж байгаагаар Монголд зээлийн хүү буурах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Зээлийн хүү огт буурахгүй гэж би хэлээгүй. 1990, 2000, 2010 оныг харьцуулбал зээлийн хүү тодорхой хэмжээнд буурсаар ирсэн. Цаашид ч аажим аажмаар буух төлөвтэй байна. Зээлийн хүүг буулгах ёстой  хамгийн том шалтгаан нь макро тэнцвэр шүү дээ. Бид уул уурхайгаас хамааралтай эмзэг эдийн засагтай. Гадаад худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай. Манай улсын зээлжих  зэрэглэл ямар түвшинд байгаа билээ. Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө зээлэхэд сарын 5-7 хувийн хүүтэй байна. Банкууд олон улсын санхүүгийн зах зээлээс сарын 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байгаа. Үүнийг нь эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөврүүлэх зардлыг нэмбэл гадаад зах зээлээс банкууд сарын 12  хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна гэсэн үг.

Энэ нь улсын эдийн засаг болон зээлжих зэрэглэлд  олон улсын зах зээлээс өгсөн  үнэлгээ. Ийм л эх үүсвэр бидэнд олдож байгаа. Дотооддоо шингэхдээ ямар хүүтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Төр өөрөө санхүүгийн тогтвор­той байдал, макро тэнцвэр­ээ хангасны дараагаар инфляциа таван хувиас доош барьчихаад, захиргаадалтын арга хэмжээ авах ёстой юм. Төр үүргээ биелүүлж суурь өртгийг багасгаж, инфляцийг бууруулж, зээлжих зэрэглэлээ сайжруулна. Дараа нь хэт их ашгийн төлөө зээлийн хүүг өндөр байлгах ёсгүй, зээлийн хүүг нэг хувьд байлгах ёстой гэж шаардах хэрэгтэй. Ийм байдлаар шат дараатай захиргааны арга хэмжээ болон макро бодлого явуулах ёстой юм. Төр санхүүгийн өртгийг доороос нь өндөр болгочихоод, дээрээс нь зээлийн хүүг  бага байлгаж барих ёстой гэвэл санхүүгийн бүтцээ эргэж нураах эрсдэлтэй.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд эдийн засагт дорвитой өөрчлөлт хийж чадах уу. Зээлийн хүүнд зориулж хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадах болов уу?

-Ганцхан энэ удаагийн парламент ч гэлтгүй эдийн засгийн бүтцээ оновчтой болгох ёстой юм. Ямар ч эдийн засгийн хямралыг сөрөх чадвартай  бол­гож, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, нэг салбараас хэт хамааралгүй байх, гадаад бодлогоо оновчтой явуулах гэх мэт асуудалд Засгийн газрын болон улс төрийн түвшинд зоригтой, дорвитой алхмыг хийх нь чухал. Үүнээс болж, улс төрд өндөр эрсдэл гарна.

Олон нийтийн зүгээс улс төрд хандах хандлагадаа нэмэх оноо өгөхгүй байсан ч зоригтой шийдэх ёстой юм. Тухайлбал, халамжийн бодлогоо хойш тавих хэрэгтэй. Макро бодлогуудаа зөв оновчтой болгох шаардлагатай байна. Ингэж байж дунд,  урт хугацаанд эдийн засгаа тогтвортой болгож чадна. Энэ нь нэг удаагийн Засгийн газрын авах арга хэмжээ биш. Улс төрийн нам хүчнүүд халамжийн бодлогоосоо татгалзаж  улс төрийн эрсдэл авч, эдийн засгийн бүтцээ оновчтой болгох ёстой. Эрсдэлтэй хэдий ч урт удаан хугацаанд олон нийтэд үр өгөөжөө өгөх чиглэл рүү явах хэрэгтэй.

-Зарим эдийн засагчдын зүгээс банкнуудын өрсөл­дөх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд  гадны хөрөнгө оруулалттай банк­ийг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү буурах болон арилжааны банкны үйлчилгээнд олон дэвшил гарна гэж тайлбарлаж байгаа?

-Би дээр хэлсэн. Зээлийн хүүгийн үндсэн бүтэц нь хоёр зүйлээс бүрдэж байна. Нэг нь макро шалтгаан. Нөгөө нь зах зээлийн институцийн шалтгаан юм. Өрсөлдөөн­ийг дэмжсэнээр банкууд санхүүгийн зах зээлд хямд өртгийг бий болгоно. Өндөр хүүтэй хадгаламжийн эх үүсвэрээр биш олон улсын санхүүгийн зах зээлээс хямд бага өртөгтэй эх үүсвэр авчрах юм. Үүнийгээ дотоодын санхүүгийн байгууллагад хямд өртгөөр шингээх зуучлагч нарыг бий болгох боломжтой. Энэ нь зээлийн хүү буурах бас нэгэн том шалтгаан гэж ойлгож болно.

-Иймэрхүү арга хэмжээ авахад ямар нэгэн эрсдэл гарах уу?

-Өрсөлдөөнийг бий болгох нь нэгдүгээр асуудал. Гэхдээ дотоодын банкны зах зээлээ эвдчихгүй байх талаар давхар хамгаалалт хийх нь чухал.

-Манай улсын эдийн засаг, зээлжих зэрэглэл хангалтгүй байгаа үед гадныхны сонирхол хэр байна вэ?

-Намайг Төв банкинд ажиллаж байх үед эдийн засаг 15-18 хувийн өсөлттэй байсан. Манай санхүүгийн зах зээлийг сонирхсон гадны банкнууд ч байсан юм. Сүүлийн үед эдийн засгийн байдал ийм байгаа үед гадныхан хэр сонирхож байгааг хэлж мэдэхгүй юм. Миний сонссоноор санхүүгийн зах зээл рүү шууд орох хөрөнгө оруулалт өмнөх шиг элбэг биш байна гэж дуулсан.

-Арилжааны банкуудыг хадгаламжийн эх үүсвэрээр бус хувьцаа гаргах байдлаар ажиллаж болно гэсэн зүйлийг зарим оролцогчид хэлж байна. Энэ хэр боломжтой хувилбар вэ?

-Боломж бий. Харамсалтай 28 жилийн түүхэнд хоёр банк хувьцаа гаргасан байдаг. Тухайлбал, “Анод” болон “Зоос” банк. Хоёул­аа дампуурсан. Үүнээс харахад тухайн үед төрийн зохицуулалт хангалттай байж чадаагүй. Мөн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа худалдаж авсан олон нийтийн санхүүгийн боловсрол хангалттай хэмжээнд байж чадаагүй юм билээ. Банкны хувьцаа эзэмшигч нь хөрөнгө оруулагч болж байгаа гэсэн үг. Түүнээс хадгаламж эзэмшигч биш шүү дээ. Тиймээс банкны үйл ажиллагаа болон  удирдлагад хяналт  тавих ёстой. Энэ хэрээр өөрсдөө эрсдэл хүлээж байдаг. Харин одоо бол иргэдийн санхүүгийн боловсрол дээшиллээ. Хөрөнгийн бирж болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа дээшилсэн. Тиймээс энэ цаг үед арилжааны банкнууд хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах боломжтой, цаг үе нь ч ирсэн. Үүний тулд арилжааны банкуудын өөрсдийнх идэвх санаачилга чухал.

-Төрийн зохицуулалт байхгүй мөнгө хүүлэлтэд хэрхэн хяналт тавих вэ. Үүнээс болоод хохирсон, орон гэргүй болсон өчнөөн иргэд байна. Үүнд төрийн зохицуулалт хийх боломжтой юу?

-Төрийн зохицуулалт байдаггүй хар захад зайлшгүй хяналт тавьж, арга хэмжээ авах ёстой. Энэ зах зээл хатуу оршин тогтноод байхаар төр хянах боломжгүй зээлийн харилцаа үүсээд байна. Төр оролцож, хууль эрх зүйн орчноор хязгаарлах шаардлагатай.