ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүрэлээ & хүрлээ

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-25

Хүрэлээ гэдэг ерөнхийдөө сэлэм эргүүлдэг аавтай болоод, Хүрэлээ гэдэг сав сааль, сан сүн барьдаг, хотгор шанага эргүүлдэг ээжтэй болоод, хий насаараа бол хоёр хүрлээ. Та хоёр минь эцэг, эх болоод эргэнэг сав тачигнуулаад, энд тэндээс зээл аваад, өрийг өрөөр дараад, өөр бусдыг хуураад хоёр нас  хүрлээ. Та хоёр минь биднийхээ буянаар дан байсан дээлээ давхарлаж өмсөхөд хүрлээ. Давхар байсан гэрээ дан болгоход хүрлээ. 2440 төгрөг байсан доллар 2530 төгрөгт хүрлээ. Литр нь 1600 төгрөг байсан бензин 1800-д хүрлээ, 1680 байсан түлш, 2200-д хүрлээ, км-т 800 төгрөгөөр явдаг такси 1000-аар явахад хүрлээ.

Цаг түгжирдэг байсан газар хоёр цаг түгжрэхэд хүрлээ. Та хоёрын минь сайнаар бага байсан тоонууд их болоход хүрлээ. Бас тэгэхдээ заримдаа их байсан тоонууд багасахад ч  хүрлээ.  Ам бүл 76-уулаа байсан бол 75-д хүрлээ. МАНайхан 33, 32-оороо хуваагдаж хэрэлддэг байсан бол 32, 32-оороо тэгшхэн хуваагдаад тэмцэлдэхэд хүрлээ. Та хоёрын минь үед нэг дарга нөгөөгөө алахад хүрлээ. Нэг сайд ажлаа өгөхөд хүрлээ. Сумъяа дарга Су-гаа тонгороход хүрлээ. Хотын фракци хог дээр үсрэхэд хүрлээ.

Хүрэлээ та байгууллагуудаар явж нэгжлэг хийж, эргэнэг савыг нь уудалж, идэж уухыг нь хянахад хүрлээ. Хүрэлээ ээж минь та тавьсан өртэй цаасаа биш дарсан өртэй цаасаа гайхуулахад хүрлээ. Та хоёрын минь үед төмөр замаар явдаг вагон замаас гарахад хүрлээ. Та хоёрын минь үед л шувуунаас болж тог тасрахад хүрлээ. Тэр шувуу нь үхсэнээс болж эрүү үүсгэж чадахгүйд хүрлээ. Та хоёрын минь үед багш нар ажил хаяхад хүрлээ. Хог хаяхаас бас өөр л дөө. Тэр жилээс хойш сэлэм эргүүлдэг аав минь эрчүүдийг үнсэхэд хүрлээ. Энэ жилээс шанага эргүүлдэг ээж маань үсээ засуулах өдөр  судраа валютын сангаас асуухад хүрлээ. Сайхан байна аа, сайхан байна. Та хоёрын үйлээр “жаргалтай” хотын дарга маань азгүй болоход хүрлээ.

Хүрэлээ аав минь та ажил ихтэй тул амиа хайрлахгүй зүтгэхэд хүрлээ. Амиа хайрлахгүй зүтгэж байгаа тул мотоцикль унаж давхихад хүрлээ. Мөн цахилгаан гитар барьж дуулахад ч хүрлээ. Тэгж ярих юм бол цахилгаан гитар чинь хамгийн аюултай хөгжим. Цахилгаанд цахиулж, тогонд цохиулбал яана. За бас чөмгөө дундартал ажиллахад хүрлээ. Чөмгөө дундлахын тулд гар дээрээ суниаж, төмөр өргөхөд хүрлээ. Ингэж ажиллаж байгаагаа үзүүлэхийн тулд “Засах цаг” нэвтрүүлэг хийхэд хүрлээ. Гэхдээ засах цаг гэдэг чинь хурга, ишиг засахаас өөр юм үзүүлдэг нэвтрүүлэг л дээ. Мөн нефтийн үйлдвэрийн шав тавихад хүрлээ. Дарханы замын шав тавихад хүрлээ. Бас тэгээд Санктпетербург явахад хүрлээ. “Хоёр адилхан хүн уулзахад толинд харсан мэт эвгүй гэж” хэлээд хэн ах хүлээж авахгүй гэсэн тул болиход хүрлээ.

Тэгэхээр нь Солонгос явж өөрөөсөө өөр хүнтэй уулзахад хүрлээ. Тэгээд бас Хятад явахад хүрлээ. Хятадаас хилээр машинаар орж ирэхэд хүрлээ. Эх орноо санаад жолооч нарыг үнсэхэд хүрлээ. Ирээд эмээгээ бас санасан тул үнсүүлэхэд хүрлээ. Утаатай байсан тул маск зүүхэд хүрлээ. Нүүрс түлэхийг хориглоход хүрлээ. Утаагүй болгоно гэж хэлэхэд хүрлээ. Уулзсан дарга нараа камерын өмнө загнахад хүрлээ. Маскаа авсан чинь өмхий үнэртсэн тул өмхий үнэргүй болгоно гэж амлахад хүрлээ. Тэгээд бодоод байхад манай Хүрэлээ аавын хамгийн том хийсэн ажил бол амлалт өгөх л юм даа. Аан бас гуйлга гуйх.