ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батболд: Хөдөлмөрлөхгүй бол чамд юу ч олдохгүй гэдгийг ойлгосон

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-25

Орон нутагт “Шүтээн улаан уул 50” төсөл хэрэгжүүлж буй “Гео Эрин” ХХК-ийн хээрийн кэмпээс геологийн анги дагаж хөлсний амт бүтээсэн ажилтнаас ярилцлага авахыг хүсэж буйгаа хэлэхэд Б.Баасан захирал залуу туслах ажилчин Б.Батболдыг санал болголоо. Тэрбээр “Хүн хэнээс ч амьдралын ухаан сурч болдгийг харуулсан залуу. 30 минут машин бариулаад хажууд нь суугаад явах үед намайг үнэхээр гайхшруулж чадсан хөдөлмөрч хүүгээ л нэг сонинд гаргая” хэмээлээ. Ингээд “Хөлсний амт” буландаа “Гео Эрин” ХХК-ийн туслах ажилтан залуу Б.Батболдыг урьж ярилцлаа.  

-Ажилд ороод сурсан зүйлээсээ дурдвал. Хөдөлмөрлөхийн сайхан нь чиний хувьд юу вэ?
-“Гео эрин” компанид ажилд орсноосоо хойш эх орноороо аялж ажиллах нь маш сайхан санагдсан. Би өөрөө хангайн хүүхэд. Урсгал усны толио харж өссөн. Говьд харин ус элбэг биш. Амны усаа 3-4 километрийн цаанаас зөөж хэрэглэдэг хүмүүсийг хараад усны үнэ цэнийг илүү мэдэрлээ. Хүн гэртээ, нутагтаа байхдаа өөрийгөө их юм мэддэг гэж боддог юм билээ. Хорвоо дэлхий уужим миний нас залуу байна.

-Дээд сургуульд сурах талаар бодож байсан уу?
-Ер нь хөдөө сумын хүүхдүүд мэргэжил сонгохдоо мэдээлэл хомс байдаг учир сонголтоо буруу хийх тохиолдол гардаг. Би дээд сургуульд орж л байвал ямар ч сургууль байсан яах вэ гээд ХААИС-ийн агрономичийн ангид орж байлаа. Азаар цаг алдаж ээж аавынхаа мөнгийг үрэлгүй өөрийгөө эрт мэдэрсэн. Тиймээс сургуулиа орхиод цэрэгт явсан. Багануур дүүрэгт хилийн 0252 дугаар инженер техникийн тусгай ангид алба хааж байлаа.

-Цэргийн албанаас сурсан зүйл мэдээж олон байгаа байх?
-Өнөөдрийг хүртэл миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан бахархал эр цэргийн алба хаасан явдал. Хамаагүй ээ ахиад нэг удаа цэрэгт яваад ирсэн ч яах вэ гэж бодогддог юм. Хүмүүс ойлгохдоо цэргийн амьдрал дарамттай хэцүү гэдэг. Эр улсууд хааяадаа нэг хүмүүжил амсах тохиолдол байдаг. Тэр бүрт гонгиноод байвал амьдралыг яаж туулах вэ. Бага байхад аавын цэргийн ангийн он жавууд нь ирээд Зүүнбаянгийн цэргийн ангид алба хаасан дурсамжуудаа ярих үед цаанаасаа огшоод ирдэг байлаа. Цэргийн ангид өглөө зургаан цагт босож гүйлт дасгалаа хийсний дараа долоон цагт анги нэгтгэл гэж болдог. Монгол Улсын туг мандуулах үед нар мандаад Монголын төрийн дуулал эгшиглэж байх үед зүрхнээс омогшил гэдэг чинь биед багтаж чадахаа болиод агуу зүйлийг мэдэрдэг. /хоолой нь зангирч нүдэнд нь нулимс цийлгэнэв/

-Энгийн зүйлээс эх орноо мэдэрчээ. Өглөө бүхэн ингэж санагддаг байсан уу?
-Тэгэлгүй яахав өглөө бүр омогшдог байсан. Монголоо гэсэн сэтгэлийг цэргийн албанаас л олсон. Эх оронгүй хүн яаж амьдрах билээ гэдгийг бодох төдий л хамрын самсаа шархираад босоод ирдэг дээ. 

-Анхны цалингаа юунд зарцуулж байсан бэ?
-Цалингаасаа нэг төгрөг зарцуулалгүй хадгаламжид хуримтлуулж байгаад ээжийнхээ цалингийн зээлийг төлсөн. Зээлийн мөнгийг нь банкинд тушааж ирчихээд ээжийнхээ царайг харах үед толгойн үс нь бууралтаж нас ахисан байхыг хараад анх удаа ээжийгээ их өрөвдөж хайрласандаа.

-Ухаантай сайхан санагдаж байна. Мөнгө хуримтлуулах сайн зуршил шүү?
-Манай ажлын онцлог нь байр, хоол, ажлын хувцас гээд урсгал зардалд мөнгө зарцуулдаггүй. Би тамхи татаж, архи уудаггүй учир мөнгө үрэх шаардлагагүй байдаг. Миний цалин хугацаагүй хадгаламжийн дансанд ордог. Цалин тэнд орж л байна. Би ажлаа хийж л байна. Хүнтэй суух үед амьдралд хөл алдахгүй байхын тулд маргааш гэж залхуурч суулгүй ажиллаж цалингаа хураахыг боддог.

-Ажил хийхээсээ өмнөх өөрийгөө өнөөдрийн байгаатай харьцуулбал ямар өөрчлөлт гарсан байна?
-Цэргээс халагдаж ирээд гадуур их тэнэдэг байлаа. Найзуудтайгаа нийлж, олуулаа гудамжинд ямарч зорилгогүй цаг нөхцөөдөг хөөрүү байлаа. Одоо тэр үеэ бодохоор ямар азаар энэ ажилд оров доо гэж ээжийнхээ өмнөөс өөртөө баярладаг. Яагаад гэвэл тэр үед ээж над руу байнга утсаар залгаад “Хаана явж байна. Хэнтэй, юу хийгээд яваад байна” гэж дандаа асуудаг байсан. Тэгэхээр намайг байнгын сэтгэлийн түгшүүртэй байлгадаг байсан байгаа юм. Харин одоо байнга утастахаа больсон. Хааяа нэг залгахаараа дууных нь өнгө амгалан сонсогддог. Ярих сэдэв нь хүртэл өөрчлөгдсөн. “Миний хүү дулаан хувцсаа өмсөөрэй, биеэ бодоорой, хайртай шүү” гэж хэлдэг болсон. Дэндүү их гадуур тэнэдэг байснаасаа болоод дэргэдээ байгаа хүмүүсийн өөрчлөлтийг мэддэггүй юм билээ. Аав,ээж хоёр минь нүдэн дээр л хөгширсөн байсан.

-Ирээдүйдээ ямар зорилго, мөрөөдөл тээсэн байгаа вэ?
-Ажил хийгээд мөнгөний амт үзээд ирэхээр хөдөлмөрлөхгүй бол чамд юу ч олдохгүй гэдгийг ойлгосон. Дээрээс нь энэ хамт олон намайг өөртөө соронз шиг л татдаг. Өнөөдөр би туслах ажилтан. Хэдэн жилийн дараа геологич болоод эргээд хамт олонтойгоо байх мөрөөдөлтэй. Миний хүч хүрэх ямар ажил байна. Би бүгдийг нь хийдэг. Туслах ажилтнаар ажиллах хугацаандаа нэг ч гэсэн чулууны нэр, шинж чанарыг тогтоогоод авахыг хичээдэг юм. Өглөө бүр тийм зорилго тавьж босдог.

-Их өөдрөг сэтгэлтэй юм?
-Би хэзээ ч өөрийгөө голдоггүй. Бас сайн эцгийн буянд олонтой явна. Аав минь өглөө босоод биеэ засалгүй ороо хураахыг сургасан. Ажлыг сэтгэлээсээ хийхийг заасан. Амьдралын сайн суурь хүмүүжил өнөөдрийн намайг олон аавын хөвгүүд дунд газардуулахгүй явуулдаг гэж боддог. Тиймээс өөрт оногдсон ажлаа хамгийн сайнаар хийхийг мэрийдэг. Тэгсэний үндсэнд сайн байна гэдэг үг сонсох нь сайхан байдаг.

-Ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ?
-Сайн эцэг болно доо /инээв/