ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг: Миний хүү архинаас хол байсныг олон түмэн мэднэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-26

Зам тээврийн яаманд өнгөрөгч наймдугаар сарын 09-нд хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан билээ. Тодруулбал, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал согтуурсан үедээ зодож, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан юм. Тэгвэл өнөөдөр талийгаачийн ар гэрээс “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өглөө. Мэдээллийг талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р. Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар хийлээ. З.Хүрэлсүх өмгөөлөгч “Наймдугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгчийн хувьд “Өдрийн сонин” болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд богинохон ярилцлага өгсөн. Өнөөдөр бол хохирогч талынхан хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгнө гэж хэлсэн учраас өгч байна.

Талийгаачийн 49 хоног болж байгаа. Асуултад хариулах боломжгүй. Сэтгэл санаа хүнд байгаа гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Зам тээврийн яаманд үйлдэгдсэн хүн амины хэргийн хохирогч талыг төлөөлж ирлээ. Олон нийтэд заавал хүргэх ёстой зүйл олон байлаа” гэв.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Манай гэр бүл энэ төрд дөрөвдэх үеэ зүтгүүлсэн. Миний аав ээж, өвөө эмээгээс эхлээд бүгд төр зүтгэсэн, насаараа багш хийсэн хүмүүс. Би хүчний байгууллага болон төрд 43 жил зүтгээд тэтгэвэртээ өнгөрсөн жил гарлаа. Төрд ийм зүйл болно гэж бодоогүй учраас хүүгээ төрд зүтгүүлсэн юм. Миний хүү нийтэч зантай, илүү дутуу зангүй хүүхэд. Миний хүүг архи уусан, харилцан зодолдсон гэх мэдээлэл гарсан. Тийм архи дарс уудаг хүн биш. Би өөрөө ч архи ууж үзээгүй. Монгол ёсоо бодоод би дуугарсангүй. Одоо дуугарах цаг нь болсон байх. Зүй бус байдлаар хүмүүжүүлээгүй ээ. Т.Гомбосүрэн миний голомт түших ганц хүү минь байсан. Дөрвөн хүүхэд нь үлдлээ. Энэ дөрвөн хүүхдийг нь хүнтэй адил хүн болгож хүмүүжүүлнэ гэж бодож байна. 20 жилийн дараа би эцэг чинь архи ууж амиа алдлаа гэх үү, архи уусан хүнд зодуулж амиа алдлаа гэх үү гэдгийг тодорхой болгох гэж энэ хурлыг хийж байна. Надад хэцүү байна” гэв.

Харин талийгаачийн авга ах Р.Ганхуяг “Уучлаарай. Яагаад уучлал гуйж байна вэ гэхээр маш хүнд өдрүүд өнгөрлөө. Айлд хүний хайр татсан сайхан хүүхэд байдаг. Тэр нь миний дүү байсан юм./уйлав/ Би гурван айлын хүүгийн нэг нь байна. Талийгаачийн авга ах. Би ардын цэргийн албанд зүтгэж явсан хүн. 2012 онд цэргийн тэтгэвэрт гарсан хүн. Аймгийнхаа Ахмадын хорооны даргын албыг хааж байгаа жирийн нэг албан хаагч. Хүний ганц хүү, миний хамгийн хайртай дүү төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад төрийн албан хаагч нэртэй харгис хэрцгий хүний гарт, төрийн яамны өмнө амиа алдлаа.

Миний дүүг амиа алдах үед Б.Махбал, н.Лхагвасүрэн, н.Цэцэгмаа нарын хүмүүс дуудан ирүүлж амийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Дуудсан бичлэгийг нь би та бүхэнд сонсгоё. Миний дүүг дөрөвдүгээр сард ажлаа хийгээд явж байхад, Төрийн албаны зөвлөлийн дарга н.Цогоогийн С.Дорждагвыг нэр дэвшүүлэхээр санал дэвшүүлж байсан байгаа юм. Дүүгийнхээ өрөөнд би орсон. Тэгэхэд компьютер нь асаалттай, өрөөний гэрэл нь асаалттай, бүх бичиг баримт нь нээлттэй, пиджак нь өлгөөтэй байсан. Яарч сандран дуудагдаж орсон байгаа юм. Улс төрийн зорилгоор, албан тушаалыг нь авах гэж ийм зүйл хийсэн үү гэдгийг тогтоож өгнө үү” гэв. Мөн улс төрийн хуйвалдаан, ялзралын илрэл учраас хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж байна хэмээлээ. Харин өмгөөлөгч З.Хүрэлсүх энэ талаар мэдээлэл бичихдээ Зам тээврийн яамны дарга нар архидан согтуурч, хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрсэн гэж битгий бичээч. 14 цагийн дараа огт тогтоогдоогүй мэдээлэл цацсанаас үүдэж ийм мэдээлэл гараад байна. Энэ талаар анхаарах ёстой шүү гэв. Мөн олон нийтийн анхаарлыг зөвхөн архи руу чиглүүлж байгаад өмгөөлөгчийн хувьд гайхаж байна гэсэн юм.