ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ургац хураалттай холбогдуулан аймаг бүрт штаб гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-26

Намрын ургац хураалтаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулж, тариаланчид, тариалан бүхий аж ахуйн нэгжид хүргүүлжээ. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутам цаг агаарын мэдээ хүлээн авч, орон нутагт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрт хүргүүлж байгаа аж.

Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээллээ.

Есдүгээр сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байгаа юм. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн арга бий.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөөд байна. Аймаг бүрт гарсан Ургацын штаб ургац хураалтын явцын талаар Улсын ургацын комисст мэдээ хүргүүлж байгааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр түгээж, ургацаа богино хугацаанд хураан авахаар шуурхай ажиллаж байгаа аж.