ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-26

Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахад гарч буй сорилт бэрхшээл, сайн туршлагыг тодорхойлох зорилгоор Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид энэ сарын 24-нөөс аравдугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, төрийн холбогдох байгууллагууд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үнэлгээ хийхээр иржээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр “Ардчилсан Институт” ба “Хүний эрхийн Газрын төлөөлөгчид”ийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, ахиц дэвшил, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч боловсруулсан бөгөөд хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүдэд өргөн барьсан тухайгаа танилцууллаа.

Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид энэхүү айлчлалаараа бие даасан, хараат бус үнэлгээ хийхийг зорьж буй төдийгүй Монгол Улс дахь төрийн болон төрийн бус этгээдүүдийг хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэмээн танилцууллаа. Түүнчлэн айлчлалын үеэр цуглуулсан мэдээлэл, үнэлгээг нэгтгэж тухайн улсын үнэлгээний тайланг гаргаж, Монгол Улсын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст хүргүүлж, улмаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний эх сурвалж болгон ашиглах аж. Зочид хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын тухай үнэлгээний эцсийн тайланг 2019 онд гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний үнэлгээний үе шатанд хамрагдсан бүх улсууд /үүнд Монгол Улс орно/-ын үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээ, ерөнхий тойм дүгнэлтийг гаргах аж.