ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-26

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлийг бий болгож, үндэсний дата төвд аюулгүй байдлыг ханган байршуулах юм.

Мөн эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформыг байгуулж, салбарын цахим мэдээллийн шинэ тогтолцоог байгуулна. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний регистрийн дугаар олгодог байсныг төрөх байгууллагаас шууд олгодог болохтой холбогдуулан энэхүү сургалтыг хамтран явуулж байгаа аж. Төслийн хүрээнд 330 гаруй сумын эрүүл мэндийн төв, 240 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийг тус бүр дөрвөн компьютэрээр хангаж, тус бүр гурван хүнийг компьютерийн анхан шатны болон ахисан түвшний сургалтад хамруулсан байна. 21 аймгийн эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд оролцож буй тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ.