ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Ариунболд: Азийн топ 100 сургуулийн тоонд багтана гэсэн зорилт тавьж байгаа

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-01

Их, дээд сургуулиудын чанар ямар түвшинд байгаа талаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Ж.Ариунболдоос тодрууллаа.

-Их, дээд сургуулиудын чанар сүүлийн 20 жилийн хугацаанд ямар түвшинд байна вэ?

-Монголын их, дээд сургуулиудын чанарын асуудал ярихаасаа өмнө хэдэн тоо баримт хэлсэн нь зөв байх. 1990-ээд оны үед Монголд 10 гаруй их, дээд сургууль байсан. 1999 оны сүүлээр буюу 2000 оны эхээр 200 гаруй сургууль байсан. Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 96 их, дээд сургууль байгаа. Тоон өгөгдлийг аваад үзэх юм бол тоон талаасаа буурах хандлагатай байгаа. Боловсролд тоо гэхээсээ илүүтэй чанарын асуудал чухал. Монгол Улсад 1999 оноос эхлээд магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2004 оноос хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад цаашдын зорилго зорилтоо авч үзээд боловсролын чанар руу гол анхаарлаа хандуулж байгаа. Цаашид их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх талаар эрчимтэй ажиллана. Өмнө нь 2003 онд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм батлагдсан. Үүнээс хойш дүрэм батлагдаагүй. Энэ үед боловсролын байгууллагад магадлан итгэмжлэл хийхдээ 10 жилийн хугацаатайгаар хийдэг байсан. Ийм урт хугацаагаар магадлан итгэмжлэл авсан сургуулиудын хувьд чанарын асуудал ярихад маш төвөгтэй байдаг байсан. Одоо Засгийн газар болон манай байгууллагын дүрмээр хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэх хугацааг таван жил болсон. Мөн ахиц дэвшлийн тайланг хоёр жил тутам авна. Тэгэхээр цаашид боловсролын чанарын асуудал сайжирна гэсэн үг. Боловсролын чанар дээшлэхийн хэрээр эдийн засгийн тогтвортой байдал үүснэ гэж үзэж байгаа.

-Их, дээд сургуулиудын чанар сайжруулахын тулд тоог нь бууруулах уу?

-Их, дээд сургуулиудын тооноос чанарт шилжих процесс явж байгаа. Жил ирэх тусам их, дээд сургуулиудын тоо багасна. Багасах нь юутай холбоотой вэ гэхээр эхний ээлжид их, дээд сургуулиуд хоорондоо нэгдэж байгаа. Зарим их, дээд сургуулиуд элсэгчдийн тоо багасаад ирэхээр аргагүйн эрхэнд хаагдах нөхцөлүүд үүснэ. Өөрөөр хэлбэл жам ёсны шалгарлаар их, дээд сургуулийн тоо буурна. Их дээд сургуулиудын тоог цөөлөх хэрэгтэй гэж хүмүүс их ярьдаг. Энэ нь нэг талаасаа зөв. Гэхдээ их, дээд сургуулиудын тоог цөөлөхийн тулд Үндсэн хуультай холбоотой өөрчлөлтүүд хийх болдог. Үндсэн хуулийн 16.7-д “Монгол Улсын иргэн хувийн их сургууль байгуулж болно” гэсэн байдаг.

-Сургалтын чанар хаашаа чиглэж байгаа вэ. Дотооддоо боловсон хүчин бэлтгэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?  

-Чанарын асуудал ярихад хоёр гол зүйл дээр төвлөрнө. Нэгдүгээрт сургалтын хөтөлбөр, хоёрдугаарт сайн багш. Мөн сургалтын орчин ярина. Энэ гурван зүйл нийлж байж сургуулийн чанарын асуудал яригдана. Монгол Улсад давхардсан тоогоор 1700 гаруй сургалтын хөтөлбөр байна. Одоогоор манай байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн 213 хөтөлбөр байдаг. Өнөөдрийн байдлаар 72 их, дээд сургууль болон давхардсан тоогоор 210-аад сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн. Энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд манай байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага олон улсын түвшинд хүрсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

-Сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Сайн сургалтын хөтөлбөрөөр оюутныг сургахаас илүү тухайн сургуулийг магадлан итгэмжлүүлснээр бодит үр дүн гарна гэж үзэж байгаа бол энэ нь төөрөгдөл гэж миний хувьд боддог. Хамгийн чухал нь сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх хэрэгтэй. Нийт Монгол Улсын их, дээд сургуульд суралцах гэж байгаа оюутнууд ч гэсэн аль нэг их, дээд сургуулийн нэрэнд нь биш сургалтын хөтөлбөрт нь болж суралцах хэрэгтэй. Мөн багш нарыг нь судлах ёстой. Үүнээс гадна, тухайн их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сайн төгсөгчид болно гэсэн үг. Эдгээр ойлголтуудыг нийтэд ойлгуулж, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа.

-Тэгэхээр сургуулиуд хөтөлбөрөө заавал магадлан итгэмжлүүлэх ёстой гэсэн үг үү?

-2004 онд байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл сайн дурынх байсан. 2016 оны хуулиар байгууллага заавал магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэж хуульд өөрчлөлт орсон. Тэгээд их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө маш эрчимтэй магадлан итгэмжлүүлж эхэлсэн. Үүнээс гадна, бидний санааг зовоож байсан зүйл нь их, дээд сургуулиуд өөрийн дур сонирхлоороо шинэ хөтөлбөр нээдэг байсан бол одоо тэгэхээ больсон. 2016 оны Боловсролын тухай хуулиар шинээр хөтөлбөр нээх гэж байгаа бол урьдчилсан магадлан итгэмжлэх хийлгэх ёстой болсон. Үүний ач холбогдол маш өндөр. Урьдчилсан магадлан итгэмжлэх хийлгэснээр их, дээд сургуульд орж байгаа оюутнууд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрт орж байгаа. Үүний давуу тал нь юу гэхээр зээлийн санд хамрагдаж байна. Энэ мэт том боломжууд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй сургуулиудад олдож байгааг хэлэхэд таатай байна.

-Сүүлийн үед оюутан залуучууд их  гадаад явах болсон. Зарим хүмүүс үүнийг их, дээд сургуулиудын тоо олон учир сургалтын чанар муу байгаатай холбож тайлбарладаг. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Тухайн хүний сонголт шүү дээ. Гадаад явах маш олон хүчин зүйл байгаа байх. Тухайлбал, хэл суръя, урлаг спортын өндөр боломж хангамжтай газар суръя гэж бодож байгаа байх. Монголын боловсрол өнөөдөр тийм муу түвшинд байгаа юм бол биш. Дутагдалтай зүйл бол байгаа. Гэхдээ олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн чанарын баталгаажуулалт авсан маш олон сургууль байдаг. Онцолж хэлбэл, Төрийн өмчийн тээврийн дээд сургууль, Батлан хамгаалах гэх мэт 100 хувийн төгсөгчид нь ажлын байртай байдаг сургуулиуд бий. Цөөн тооны төгсөгчид нь ажилгүй болдог сургууль ч байдаг. Дутагдлаа олж харсан. Тэрийгээ сайжруулна. Гэхдээ цаашдын зорилго хөтөлбөрийн магадлан итгэмжлэл дээр төвлөрч байгаа. Оюутнууд гадагшаа их явж байгаа гол шалтгаан нь бид мэдээллээ зөв өгч чадахгүй байна. Тэр хүүхдүүд ч бас сайн мэдээлэл авч чадахгүй байна. Энэ мэт зүйлээс болж алдаа дутагдал гарч байгаа байх.

-Цаашид сургалтын чанар сайжруулахын тулд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Олон улсын Ази номхон далайн чанарын баталгаажуулалт байгууллагын APQN гэж байгаа. Энэ байгууллагаар магадлан итгэмжлүүлэх ажлыг хийж байна. Мөн улс орон даяар дээд боловсрол сургалтын хөтөлбөрийг удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хийж байна. Ажилчдынхаа боловсон хүчин болон бодлогоо сайжруулж, хамт олноороо зорилт тавин ажиллаж байгаа. Мөн боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Энэ ойн хүрээнд нэлээн олон ажил хийж байгаа. Тухайлбал, анх удаа олон улсын шинжээч бэлтгэх сургалт хийсэн. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгууллаа. Манай байгууллага олон улсын байгууллагатай хамтын гэрээнд гарын үсэг зурсан. Цаашид дээд боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлд эв нэгдэлтэй, хамтач уур амьсгалтай ажиллаж болно. Их, дээд сургуулиудын хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар үзэж харах, сургалт зөвлөгөө өгөх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн, 96 их, дээд сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд дотоод чанарын баталгаажуулалтын гарын авлагыг орчуулаад хэвлэлтэд өгөхөд бэлэн болгож байна. Үүнээс гадна, Монгол Улсын тэргүүлэх сургуулиуд 2021 юм уу, 2022 он гэхэд Азийн топ 100 сургуулийн тоонд багтана гэсэн зорилт тавьж байгаа.

-Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт ямар түвшинд байдаг вэ?

-Гурван төрлийн магадлан итгэмжлэл  байгаа. Тодруулбал, байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага нь есөн үндсэн шалгууртай бөгөөд 96 дэд шалгууртай. Харин хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн долоон шалгуур, 50 гаран дэд үзүүлэлттэй байдаг. Мөн урьдчилсан магадлан итгэмжлэл нь таван үндсэн шалгууртай, 18 дэд шалгууртай үндсэн хэсгүүдээс бүрддэг.  Манай их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэл олон улсын түвшинд хүрсэн. Үүнийг харуулах л үлдсэн. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл сайн хийхийн тулд Монгол Улсад бэлтгэгдсэн сайн шинжээчид хэрэгтэй байна. Эдгээр шинжээчдийг үе шаттай бэлдэж байгаа. Саяхан олон улсад зөвшөөрөгдсөн 50 шинжээч анх удаа Монголд бэлтгэгдсэн бол дараагийн ээлжид 15-20 инженер технологийн олон улсын шинжээчийг бэлтгэх гээд гадны байгууллагатай гэрээ хэлэлцээр хийгээд харилцаад явж байна. Энэ онд багтаагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  инженер технологийн хөтөлбөрийн шинжээчдийг бэлтгэх сургалтаа гадны улс оронд хийхээр бэлтгэж байгаа.