ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Шүлхийн эсрэг хор гэсэн 1000 төгрөгийн халтуураа одоо боль

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-02

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрөгч зургадугаар сарын 21-нд өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүү улсын хилээр орж ирэх хорио цээрийн дэглэмийг хэд хэдэн байгууллага хариуцаж байгаагаас үүдэж, хуулийн хийдэл, завхрал олон гарч байна гэсэн юм. Тиймээс тодорхой хэдэн байгууллагад хариуцуулах, хариуцах эзэнтэй болгох талаар санал гаргав. УИХ-ын гишүүдийн зүгээс түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд цөөн хэдэн байгууллага л хариуцахгүй бол улсын хилээр нэвтрэх хорио цээр бол хамгийн чухал гэх саналыг гаргах гишүүд олон байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Би Н.Цагаанхүү даргын саналыг дэмжиж байна. Маш тодорхой хэдэн байгууллага үүнийг хариуцах ёстой. Яам бүр орвол буруудана шүү. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ярилцаж байгаад зөв гольдролд оруулах ёстой шүү. Хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.

МХЕГ-ын ажилтнууд эрх үүргээ хэрэгжүүлээд явах нь зөв байх. Н.Цагаанхүү даргад бас нэг зүйлийг хэлмээр байна. Зунжин хот руу орох товчоонууд дээр шүлхийн эсрэг бодис цацлаа. Дөрвөн сар иргэдээс 1000  төгрөг хураалаа. Энэ бол халтуур шүү. Шөнө болохоор алга болчихно. Өглөө гарч ирээд дугуйны гадна тал руу цацсан дүр эсгээд зогсдог халуураа одоо болихгүй юм уу. Арай өөр болгоё. Дотор талд нь халдахгүй гэж байхгүй биз дээ. Хувийн компаниуд хийгээд байгаа гэх юм. Үүнийг судлаарай. Иргэдээс 1000 төгрөг авдаг байдлаа одоо зогсоовол яадаг юм бэ” гэв.

Харин Н.Цагаанхүү дарга “Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль шинээр гарсан. Өмнөх хуулиудын явцад нутгийн удирдлагын байгууллага нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр тухайн нутаг дэвсгэр дээрээ малаа эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг тээвэрлэх үед ариутгал халдваргүйтгэл хийх ёстой юм. Толгой байгууллага нь Мал эмнэлгийн газар байгаа.  МХЕГ бол зөвхөн ариутгалын бодисын тун хэмжээг хяналт тавина. Ариутгалын үйл ажиллагаа явуулж, мөнгө хурааж байгаа нь Нийслэлийн болон аймаг нийслэлийн Мал эмнэлгийн байгууллагын мэдэх асуудал” гэсэн хариулт өгсөн юм. Харин Д.Эрдэнэбат гишүүн “Товчоо болгоны хажууд МХЕГ гэсэн газар байгаа. Тэндээс хүмүүс нь гарч ирдэг шүү. Одоо Б.Батзориг сайдын асуудал болоод хувирчихлаа. Одоо наад халтуураа боль” хэмээлээ.

 

Б.Тогтох