ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Ирэх оны төсвийн алдагдлыг сайн бууруулсан гэж харж байгаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-04

-Манайд байгаа хадгаламж эзэмшигчдийн 96 хувьд нийт мөнгөний 97 хувь байна-

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн талаар ярилцлаа.

-Ирэх оны нэгдсэн төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Удахгүй УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Төсвийн гол зарчим болох алдагдалгүй байх, зарлагаа танах талаар хэр анхаарсан байна вэ?

-2019 оны төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлээд хэлэлцүүлэх шатандаа орлоо.  Төсвийн төсөлтэй танилцсан. Миний хувьд ирэх оны төсвийг өмнөх жилийнхтэй харьцуулахад сайн болсон юм уу гэж харж байгаа.

-Ялгаа нь юу  байна вэ?

-Төсвийн төсөлд хэд хэдэн онцлог байна. Тухайлбал, 2019 оны төсөвт хуримтлалыг анх удаа  бий болгожээ. Ирээдүй өв санд  554 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ маш зөв зүйтэй алхам. Өмнө нь бид уул уурхайгаас орж ирсэн мөнгөө үрчихдэг байсан. 500 гаруй тэрбум төгрөг бага мөнгө биш. Улсын төсөвт нэмэр болно. Миний хувьд чухал ач холбогдолтой зүйл гэж бодож байгаа. Түүнчлэн төсвийн алдагдлыг эрс багасгасан байна. 2017 оны төсөв есөн хувийн алдагдалтай байсан. 2018 оны төсөв найман хувийн алдагдалтай байгаа. Ирэх оны төсвийг 5.4 хувийн алдагдалтай гэж оруулж ирсэн байна. Төсвийн алдагдлыг сайн бууруулсан гэж харж байгаа. Мөн орлогыг маш их дайчилсан байна билээ. Тэр дундаа нүүрсний орлогыг нэмэгдүүлж, 42 сая тонн нүүрс борлуулна гэж тооцжээ.

-Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан гэж Сангийн сайд хэлж байсан.  Энэ нь хэр зөв шийдвэр вэ?

-Тийм ээ. Өмнөх оныхоос хөрөнгө оруулалтын зардлыг 189  тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнийг би чухал гэж харж байгаа. Өмнө нь орон нутгийн төсвийг нэмэгдүүлэхгүй барьж ирсэн байдаг. Ирэх онд аймгуудад 8-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьж өгсөн байна билээ. Гэхдээ энэ нь хүн амын тооноос хамаарна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээг бага зэргээр нэмж өгчээ. Дунджаар нэг аймагт 12-17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт очно. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх маш зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Байгалийн баялагтай холбоотой орлогыг орон нутагт нь үлдээх шийдвэрийг төсвийн төсөлтэй хамтад нь өргөн барьжээ. Тухайлбал, ашигт малтмал хайгуулын лицензийн төлбөрийн 50 хувийг орон нутагт өгчээ. Газрын тосны хайгуулын 30 хувийг өгсөн байна. Агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг өгөхөөр болж. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг зарим зардлыг шилжүүлсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгааллын чиглэлийн тогтмол зардлуудыг орон нутагт шилжүүлжээ. Тогтмол зардал гэхээр байр, дулаан, цахилгаан гэх мэт зардлыг шилжүүлсэн гэсэн үг. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан төсөв гэж дүгнэсэн.

-Зарлагаа танахад хэр анхаарсан байна вэ?

-Төсвийн зарлагыг нэлээд шахсан байна. Тэр дундаа төрийн байгууллагуудын зардлыг нэлээд шахжээ. Боловсрол, эрүүл мэндийн зардлыг нэлээд тавиу өгсөн байна.  Тухайлбал, цалинг 18-20 орчим хувиар нэмэхээр заасан. Тэтгэврийг 8-10 хувиар нэмнэ. Цаашид анхаарахаар зүйл нь тэтгэврийг дахиад жаахан нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг судлах ёстой юм байна. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн сангийн хөрөнгийг нэмэх гэх мэт зүйлд анхаарах шаардлагатай гэж харсан.  

-Халамжаас татгалзсан бодлогыг хэрэгжүүлнэ, цаашид танана гэж байсан. Халамжийг улсын төсөвт оруулсан гэсэн мэдээлэл байгаа. Яагаад улсын төсөв рүү татсан юм бол?

-Халамжийг өмнө нь орон нутгийн төсөвт суулгаж өгдөг байсан. Энэ удаад халамжийг улсын төсөв рүү татсан байна билээ. Энэ нь зөв байх. Манайд халамж хавтгайрах гээд байгаа нь үнэн. Цаашид халамжаа багасгаад, зорилтод бүлэгт нь өгөх ёстой. Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хийж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ урамшуулах ёстой. Энэ чиглэлд илүүтэй анхаарах  шаардлагатай.

-Эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэж байна. Гэхдээ иргэдийн амьдралд бодит дүр зураг харагдахгүй байгаа шүү дээ. Харин ирэх оны төсвөө эдийн засгийн өсөлттэй хэрхэн уялдуулсан байна вэ. Ингэж чадаж уу?

-Эдийн засаг өсөөд, хөрөнгө оруулалт нэмэгдээд байдаг. Иргэдийн орлого хэрхэн нэмэгдэж, амжиргаа яаж дээшилж байна вэ гэдэг асуудал байнга сөхөгддөг. Эдийн засгийн өсөлт  хэдийгээр дээшилсэн ч ард иргэдийн амжиргаа дээшлэхгүй бол нэмэр байхгүй. Өсөлтөө амжиргаатайгаа уялдуулах асуудал нь ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Тиймээс бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой байлгах, хөдөлмөрлөж байгаа иргэдээ урамшуулах гэх мэт зүйлд онцгой анхаарах ёстой гэж харж байгаа. Тиймээс ирэх оныг төсвийн хүрээнд эдгээр асуудлыг ярих байх. Эдийн засаг өслөө гэхээр төрийн байгууллагуудаа улам бэхжүүлээд байж болохгүй.

-Эдийн засаг өсөхөөр тансаглаад байдаг талтай. Тансаглалаа хазаарлах уу. Өмнө нь тансаглалд тулгуурласан үрэлгэн төсвийг баталж байсан удаатай. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?

-Төрийн байгууллагын хангамжийн асуудлыг ил тод болгож, нэгдсэн нэг тогтолцоонд оруулахыг энэ удаагийн төсөвт тусгаж өгсөн байна. Тухайлбал, шатахуун. Зөвхөн албанд ажилд зарцуулна. Ажлын таван өдөрт лимит өгнө. Мөн дулааны асуудал байна. Сар сарын гүйцэтгэлээр байхаар төсөвлөсөн байсан. Үүнээс харахад, зарлагаа танах, нэгдсэн тогтолцоотой, ил тод байлгахад анхаарал тавьж эхэлжээ гэж харсан.

-Ханшийн тогтвортой байдал болон инфляцийг бууруулахад ямар алхам хийхээр тусгасан байна вэ?

-Ирэх оны хувьд инфляцийг найман хувьтай байхаар тусгасан байна. Үүнийг хэвээр барих байх. Аливаа зүйл заавал эерэг сөрөг талтай. Эдийн засаг өсөөд, хөрөнгө оруулалт нэмэгдэхээр ам.долларын ханш өсдөг. Эдийн засагт жаахан эерэг хандлага гарахаар Монголд байгаа хэдэн ам.доллароо гадагшаа гаргах сонирхолтой. Үүнээс болж ханш  нэмэгддэг. Тиймээс ханшийг бууруулахдаа эдийн засгийн зүй тогтлоор нь бууруулах ёстой. Түүнээс интервенц хийгээд шууд буурах боломжгүй. Үүнд Засгийн газар болон Монгол банкнаас анхаарах хэд хэдэн том асуудал байгаа. Одоогоор ханшийн зөрүү 100 ам.доллароор хэтэрчихсэн байна. Мөн зээлийн хүү. Манайд зээлийн хүү хэтэрхий өндөр байна. Тиймээс бууруулахад анхаарах ёстой. Зээлийн хүүгийн асуудлаар төрөөс хатуухан арга хэмжээ авах шаардлага үүссэн. Нэн тэргүүнд хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Арилжааны банкнууд 6-8 хувийн хүүтэй хадгаламж нээчихээд 18-24 хувийн хүүтэй зээл гаргаж байна. Яаралтай хадгаламжийн хүүг бууруулах шаардлагатай. Манайд их мөнгөтэй нь  мөнгө хүүлээд суух боломжийг хадгаламжаар олгосон байна. Хадгаламжийн хүүг 3-5 хувьтай байхад дагаад зээлийн хүү 8-10 болоод буурах бүрэн боломжтой. Манайд байгаа хадгаламж эзэмшигчдийн 96 хувьд нийт мөнгөний 97 хувь байна. Тэгэхээр цөөхөн хүний гарт их мөнгө байна гэсэн үг. Хадгаламжаар мөнгө хүүлдэг байдлыг халж байж, зээлийн хүү буурна.

-Ирэх онд манайд орж ирэх хөрөнгө оруулалт хэр байна вэ. Нэмэгдэх хандлага байна уу?

-Уул уурхай болон барилгын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна. Гаднаас хөрөнгө оруулалт нэмэгдэж байж, валют орж ирнэ. Ингэж байж ам.долларын ханш тогтворжих боломжтой. Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газар ажиллах хэрэгтэй.