ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Шинээр сургууль, цэцэрлэг барьж байгаа учраас аймаг бүрт 10 тэрбум төгрөг тавьсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-04

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэе.

Б.Бат-Эрдэнэ: Улсын эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгааг бид мэднэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Хариуцлагатай, ил тод нээлттэй төсвийн бодлого хэлэлцүүлнэ гэж заасан. Энэ юу болов. Хоёрдугаарт, Төсвийн хэмнэлтийн горимд шилжинэ гэсэн. Энэ ажил ямар төвшинд явж байна вэ. Сургууль цэцэрлэг бариад түүний тохижилт, орон тоо, санхүүжилт гээд бусад зүйлсийг орхидог. Энэ бүгдийн тооцоо судалгааг хийж байгаа юу. Их засвартай холбоотой асуудлыг иж бүрнээр нь хийж байна уу?

Ч.Хүрэлбаатар: Засгийн газар иргэдийн төсөв гэдэг төсвийг бий болгосон. МУ-ын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө учраас хамгийн ил тод зарлагдаж байх ёстой. Тийм учраас бүх төсвийг ил тод байдлаар тайлагнаад явж байгаа. Төсвийн тодотгол хийхгүй гэдэг зарчмыг бид хатуу баримталж байна. Төсөв тодотгох нэрээр маш их мөнгө гардаг байсныг  мэднэ. Харин зээл аваад алга болсон хүмүүсийн хэргийн хувьд Сангийн яам энэхүү зээлийн хойноос нэгбүрчлэн хөөцөлдөнө.  Төсвийн зардлыг бид хатуу барьсан. Шинээр сургууль цэцэрлэг орж байгаа бол зардал нэмэгдэнэ. Шинэ сургууль цэцэрлэг баригдаж байгаатай холбоотой аймаг бүрт 10 тэрбум төгрөг тавигдсан.

Н.Учрал: Энэ оны төсөв маш чамбай болсон гэж харж байгаа. Гэхдээ төсөвт мөнгө суугаад, ажил хийгдэхгүй байгааг яах вэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Яамдууд бодлогоо баримтлах уу эсвэл тендер зарлаад сууж байх уу. Гурван ээлжээр хичээллэж байгаа 5000 хүүхэдтэй сургуулийн асуудлыг яах вэ. Боловсролын сайд аа, чадна гэж суугаад аравдугаар сар болж байхад 62 дугаар сургуулиас эхлээд асуудал шийдэгдээгүй байна. Одоо газар шорооны ажил зогсох үе болчихлоо. Хөрөнгө оруулалтын асуудал хэдэн хувьтай байгаа юм бэ. Дараа жил ийм асуудал гарах уу?

Ч.Хүрэлбаатар: Тодорхой хэмжээний бэрхшээлүүд байгаа нь үнэн. Газрын асуудал, зураг төсөв гэх мэт хүндрэлүүд байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын асуудал 33.7 хувьтай явж байна. Материал нь бүрдсэн бол 48 цагийн дотор санхүүжилтийг гаргаж байгаа.

Ц.Цогзолмаа: Анхнаасаа төлөвлөлт дутуу тооцоолсон учраас гурван тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийх компани олдоогүй. Бодит нөхцөл байдлыг мэдсээр байж удаа дараа боловсролын салбар луу дайрдагаа Н.Учрал гишүүн болих хэрэгтэй.