ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гутлын өсгий цоорсон ч зорилго минь бүтэн байсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-05

Намар болж, модод нүцгэрч, шаргал навчис ирэх хаврын зүг нисэх үед дурсамж минь сэдэрдэг юм. Оюутан цагийн гэгээн, цагаан, бас хөндүүр дурсамжууд.  Цээжний гүнд ургасан моддоос навчис тасраад сэтгэл руу унаж байгаа юм шиг. Оюутан ахуй цагтаа их л тарчигхан дөрвөн жилийг үдэж билээ. Тэр дундаа нэгдүгээр дамжаанд автобусны мөнгөгүй алхах үе олон байлаа.  Аав, ээж рүүгээ залгаж, мөнгө нэхэхээс халгаж, өлсөж, алхаж явсан өдрүүд минь намайг зорилготой болгосон. Анх хөдөөнөөс оюутан болж ирэхдээ ганц гуталтай Улаанбаатарт хөл тавьсан юмдаг. Цайны ганцаа намаржин өмсөж, өвөл жаахан амсхийлгээд хавартай золгож билээ.

Тэр үед ботинкны өсгий хөндий хайрцаг дээр хаймар наачихсан юм шиг хэврэг байж. Улаанбаатарын цардмал замыг намаржин, хаваржин зүлгэсэн гутлын минь өсгий яаж тэсэх билээ. Хавар гэхэд тал нь элэгдээд, өсгийний саргар нүхнүүд нь гарчихдаг юм байна. Тэглээ гээд ганц гутлаа тайлж шидчихээд, шинийг авах бэл байх биш. Гутал муут гурвын ард гэдэг шиг хүнээс ичиж л явсан үе. Нэг өдөр Барсын гүүрэн дээгүүр даваад алхаж явтал ард явсан хамт сурдаг оюутан охидууд “Гутлаа чирснийг нь би тоохгүй юм. Гунхсан нэг нь намайг тоохгүй юм” хэмээн чанга чанга ярьж, инээлдэж билээ. Тэгэхэд л шинэ гутал аваад өмсөх мөнгөгүйдээ гуниглаж, хажуугаар нь шар хөдөлж, дахиж л ингэж хэлүүлэхгүй гэж зүтгэсэн.

Тэднийг хэлсэн үгээ буцааж автал, намайг гунхсан нэг нь биш юм гэхэд гутлаа чирсэн гэж хэлэхгүй болтол нь сайхан амьдарна гэж өөртөө амласан. Би тэр амлалтдаа ч хүрсэн. Хичээлдээ ч суухгүй ажиллаж, хөдөлмөрлөж явсан минь оюутан цагийн сайхан дурсамж.  Тэр үед цайны ганц гутлын минь өсгий цоорсон ч сэтгэлдээ тээсэн зорилго минь бүтэн байсан юм шүү. Гунхсан нэгнийх нь тоонд ороогүй ч бусдаас дутахгүй л хөдөлмөрлөж, зүтгэж, ажиллаж, амьдарч явна. Гутлаа чирснийх нь өсгий цоордог ч сэтгэл нь бүтэн. Гунхсан нэгнийх нь гутал гялалздаг ч сэтгэл цоорсон байдаг хорвоо доо.