ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой буюу улстөрчдийн “зөгийн балтай сав”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-10-08

Австралийн Квинсландын их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав, Ж.Мэндээ нарын “IndraStra” цахим хуудаст бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

 

Тэд хэн бэ

Орон нутгийн өмчит Таван толгой, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой, Ухаа худаг гэх гурван уурхайгаас нүүрс тээвэрлэдэг 7000-9000 жолооч бий. Тэд  амьдрахад маш хүнд, ямар ч зохицуулалтгүй хөдөлмөрийн орчин нөхцөлтэй, нэгнийх нь тодорхойлсноор “Монгол дахь Сирид” Монгол орны өнцөг булан бүрээс  ирсэн.

Тэдгээр жолоочдын хэдэн зуу нь л хөдөлмөр, эрүүл мэнд, тээврийн хууль дүрэм стандартыг дагаж мөрддөг “Энержи Ресурс” болон бусад тээврийн компанид харьяалагддаг. Жил бүр эрүүл мэндийн үзлэг, бүх төрлийн даатгалд хамрагдахын зэрэгцээ цалин, тэтгэмж авдаг. Мөн хэдэн  зуун жолоочийн гэр бүл, ойр дотныхон нь Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо суманд амьдарч байна. Харин үлдэж буй  6000-8000 /Хятадын эрэлтээс шалтгаалж өөрчлөгддөг/ жолооч нь үндсэндээ машиндаа ажиллаж, амьдарч, хэдхэн шөнийг гэр амралтад өнгөрүүлдэг аж. 

Ихэнх нь буюу 99 хувь нь өөрийн гэсэн ачааны машингүй. Хөдөлмөр эрхлэх зохих гэрээ, хууль, эрх зүйн хамгаалалтгүйгээр Хятад, Монгол иргэдийн эзэмшлийн машинуудыг барин ажиллаж, амьдарч байна. 

 

Тэд юу хийдэг вэ

Мэдээж тэд долоо хоногийн долоон өдөр, хоногийн 24 цагийн турш жолоо барьдаг. Таван толгой дахь гурван уурхайгаас Монголын хил давж, Хятадын худалдан авагчдад нүүрс хүргэхдээ тэд 270 км замыг туулдаг. Өмнө нь нүүрсээ Хятадын талд шууд нийлүүлдэг байсан бол одоо хилийн боомт /Гашуун сухайт Ганц мод боомт/-оос 20 км зайд байрлах Цагаан хадны гаалийн хяналтын бүсээр дамжиж байна. Хэн нэгэн ялангуяа уул уурхайн компани, худалдан авагчдын хувьд нүүрсээ тэнд буулгаж, дахин ачих нь утгагүй хэрэг. Гэхдээ орон нутгийн эрх баригчид энэ бүсийг нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор нээжээ.

Харин Засгийн газрын албаныхан жолооч нарын хэт урт зам туулж байна гэх гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Жолооч нар уртын урт буюу уурхайгаас Хятадын хил хүртэлх 270 км, урт буюу уурхайгаас Цагаан хадны гаалийн бүс хүртэлх 170 км, богины буюу Цагаан хаднаас Хятадын хил хүртэл 20 км гэсэн гурван маршрутаас сонгон тээвэрлэлт хийнэ. Тэдний ердийн ажил нь говийн халуунд шороо тоостой замд урт дараалал үүсгэн ээлжээ хүлээн зогсох. Хэр хугацаанд зогсох нь Хятадын гаалиас хэчнээн машинд нэвтрэх зөвшөөрөл /өдөрт 500-600 ачааны машин/ олгохоос шалтгаална. Жолооч уурхайгаас нүүрс авахын тулд 2-4 хоног, хил нэвтрэхийн тулд 12-15 хоног, буцахдаа 3-5 хоног тус тус зарцуулдаг. 

 

Тэдэнд тулгарч буй бэрхшээл

Хүний эрх, хөдөлмөрлөх эрх гэх мэт бүхий л хууль тогтоомж тэнд хэрэгждэггүй. Орон нутгийн захиргаа, ялангуяа  замын цагдаа, цагдаа, байцаагчаас эхлээд эрүүл мэндийн мэргэжилтэн хүртэлх хууль сахиулагчид 7000-9000 түр оршин суугчдад /такси үйлчилгээ, гэр ресторан, биеэ үнэлэгчид гэх мэт/ 1000 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж байна. 
Үүнээс гадна Засгийн газрын агентлагууд /хил, гааль, мэргэжлийн хяналтын шалгалт, авто тээвэр/ болон төрийн алба хаагчид ажилладаг ч хүний нөөц нь хэтэрхий цөөн тул тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Цагдаагийн цөөн хүний бүрэлдэхүүнтэй тасаг хэдхэн машинтайгаар хэдэн мянган жолооч нарыг зохицуулж, зохион байгуулалтад оруулж чадахгүй гэдгийг хэн ч хялбархан төсөөлж чадна. 

Уул уурхайн компаниудын нэгэн адил жолооч нар ч гэсэн орлогоо нэмж, зардлаа бууруулахыг хүснэ. Тэд ачааны машиныхаа эздэд мөнгө төлдөг учраас эрүүл мэнд, нийгмийн даатгал, жолоочийн даатгалаа аль болох төлөхгүй байхыг хичээнэ. Түүнчлэн, нэмэлт жолооч хөлслөхгүй,  замын татвар ч төлдөггүй. Гэвч энэ нь осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна ачааны машины эздэд болон Хятад, Монголын албаныханд өндөр торгууль төлөхөд хүргэдэг. Албаныхны мэдээлснээр, 2016 онд 1500 зам тээврийн осол гарч, найман хүн нас барсан бол 2017 онд 1000 удаа осол гарч, долоон хүн нас баржээ.

Харин 2018 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар ослын улмаас дөрвөн хүн амиа алдсан байна. Шороо тоос боссоны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон, гэрэлтүүлэггүй, зам засвар, тэмдэг тэмдэглэгээ муу, туршлагагүй, хайхрамжгүй согтуу жолооч нар, өдөр бүр 8-10 гаруй цаг ажиллаж ядарсан жолооч нар осол гарахад ихэвчлэн нөлөөлдөг аж.  Хамгийн чухал нь ажлын байрны нөхцөл маш муу, эрүүл ахуйн хэрэгцээ шаардлага огт хангагдаагүй. Нийтдээ 250 км үргэлжлэх тал хээр нутагт угаалгын өрөө, шүршүүр, амралтын газар байхгүй. Харин Хятадын талд амарч тухлах газар байдаг тул жолооч нар тэнд сэргэж авдаг. 

Түүнчлэн, архидан согтуурах, биеэ үнэлэгч авах, хоорондоо зодолдох нь эрчүүдэд тулгардаг нийтлэг асуудал юм. Хууль дүрэм хэрэгждэггүйгээс эдгээр гурван асуудал жолооч нарын ажлын орчинд улам бүр дордуулж байна.  Орон нутгийн болон хувийн эмнэлгийн эмч нарын ярьснаар жолооч нарын дунд бэлгийн замаар халдварладаг олон төрлийн халдварт өвчин тархжээ. 

 

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ

Асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл бол аль болох хурдан хугацаанд төмөр зам барих юм. Гэвч, өнөөгийн улс төрийн хэв маяг үргэлжилсээр байвал цаашид өөрчлөлт гарах эсэх нь эргэлзээтэй. Энэ биднийг гурван шийдэлд хүргэж байна. Нүүрс тээврийн ачааны машины нууцлагдмал эзэд Засгийн газарт нэг ч төгрөгний татвар төлөлгүй байгаль орчинд ээлтэй бусаар нүүрс тээвэрлэж их хэмжээний ашиг орлого олдог. Харин цөхөрсөн, хэт ачаалалтай ажиллаж буй жолооч нар өөрсдийгөө болоод бусдад эрсдэл дагуулсаар байдаг. Хоосон газарт орхисон эвдэрсэн машин, хог хаягдал, хоосон кэмп  270 км үргэлжлэх “дайны бүс”-ийн дүр төрхийг хялбархан ойлгуулах биз ээ. Улстөрчид дараагийн сонгуулийн циклийн /2020, 2021/ өмнө тэнд очиж, төрийн өндөр албан тушаалтнууд нь худал амлалт  өгөх нь гарцаагүй. 

Тавантолгой нь Засгийн газар улстөрчдийн хувьд “Зөгийн балтай сав”. Тиймээс өнөөгийн нүүрс тээвэрлэлтийг зогсоох нь дэндүү өртөг өндөртэй. 

Гэхдээ “Зэрлэг баруун”-ы хувилбараа хадгалах замаар асуудлыг шийдэж, хуулийг хэрэгжүүлэх боломж байна. Үүний тулд эхлээд нүүрс тээвэрлэлтийн зам дагуух төрийн үйлчилгээг сайжруулахад Засгийн газраас илүү их нөөц гаргах явдал. Өөрөөр хэлбэл, цагдаа, эрүүл мэнд, гааль, мэргэжлийн хяналтын хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.  Мөн Засгийн газрын агентлагуудтай уялдаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцох ажиллагааг сайжруулах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, төрийн өмчит эсэхээс үл хамаарч тээврийн компаниудтай гэрээ байгуулж, тэдгээр компаниудаас өөрсдийн ачааны машиндаа хяналт тавих, өөрсдийн кэмпээр үйлчлэх, хөдөлмөрийн болон эрүүл мэндийн стандарт, дүрэм журмыг мөрдөхийг шаардах хэрэгтэй. Бүх ачааны машинд GPS төхөөрөмж суурилуулснаар замын хөдөлгөөний зөрчил, дараалал дайрах явдлыг хялбархан шийдэх боломжтой юм. Эцэст нь татварын алба, хөдөлмөр эрүүл мэнд, тээврийн байцаагчид тээврийн компаниудад тавих хяналт шалгалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь тээврийн хэрэгсэл эзэмшигч болон жолооч нарыг хариуцлагажуулж, далд эдийн засгийг багасгахад тусална.