ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Бидний үйлдвэрлэсэн цаас хангалттай байгаа шүү дээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-08

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдааны гол сэдэв нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль төсөл байлаа. Төсвийн тухай хууль нь УИХ-ын гишүүд төдийгүй жирийн иргэдэд хүртэл хамаатай. Тухайлбал, Монгол Улсад хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалт хийх, эдийн засагт ямар байх, инфляци, цалин, тэтгэвэр, тэр ч бүү хэл төсвийн  алдагдал, зарлага, орлого нь хүртэл хэд байх эсэх нь хүн бүрийн анхаарлыг татдаг. Өөрөөр хэлбэл, төсөв хэрхэн батлагдахаас хамаарч ирэх жилийн эдийн засаг хэр  байх эсэхийг харж болох юм.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг есөн  их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна. Тэгвэл энэ үеэр маш зөв зүйтэй асуултыг асуусан улстөрч бол УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  юм.

Тэрбээр, “2016 оноос хойш эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр нэмэгдэж, өр төлбөрийг барагдуулах ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа. Бага ч гэсэн хэмжээгээр бид цалин хөлсөө нэмэгдүүлэх зэрэг нааштай өөрчлөлтүүд гарч байгааг үгүйсгэхгүй.

Ирэх онд эдийн засгийн үзүүлэлт нааштай гарахаар төлөвлөгдсөн байна. Ирэх жилийн төсөвтэй танилцаад үзэхэд, зарим асуудлыг тодруулж асуумаар байна. Ирэх жилийн төсөв Монгол Улсын хөгжлийн бодлоготой хэр уялдсан бэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх маш олон хуудас бүхий баримт бичгүүдийг УИХ-аас баталсан байдаг. Харамсалтай нь эдгээрийг хэр тусгаж байна вэ гэдэг нь тун бүрхэг байгаа,  сайд аа. Энэ асуудалд та тодорхой хариулт өгнө үү. Бидний үйлдвэрлэсэн цаас хангалттай байгаа шүү дээ. Цаашид дахин цаг хугацаа, мөнгө цаас үрэх шаардлага байгаа эсэхээ эргэж хараарай гэж хэлмээр байна” хэмээгээд гол нь хөгжлийнхөө бодлоготойг уялдуулахыг сануулж байлаа.