ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Сандагдорж: Шавь нараа амжилт гаргах бүрт сэтгэл догдолж суудаг юм

O.Admin
2018-10-08

МУИС-ийн  Биеийн тамирын тэнхимийн ахмад багш,Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, ОХУ-ын  Буриад улсын гавьяат дасгалжуулагч Ц.Сандагдорж залуу нас, бие сэтгэлээ их спортод зориулж олон тамирчид бэлтгэж, амжилтад хүргэсэн ачтан билээ. Тэрбээр МУИС-д  40 гаруй жил багшилж,  эдүгээ 82 насыг насалж байгаа ч хотын төв рүү орж ирэх бүртээ Биеийн тамирын тэнхимээрээ орж, сэтгэлээ сэргээдэг аж. Түүнтэй ярилцсанаа уншигч таньд хүргэе.  

-Та МУИС-даа багшлаад олон он жилийг үджээ. Эндээс яриагаа эхэлье?

-Миний бие Багшийн дээд сургуулийг 1962 онд төгсөөд Цэцэрлэгийн багшийн сургуульд Биеийн тамирын багш, дараа нь Гэгээрлийн яаманд байцаагч хийж байгаад 1965-2006 он хүртэл МУИС-ийн Биеийн тамирын тэнхимдээ багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Намайг 1965 онд  ирэхэд МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр спортын гавьяат багш н.Гомбосүрэн ажиллаж, дөрвөн багштай тосч авч байлаа. Энэ бүрэлдэхүүн дээр  залуу багш н.Дашзэвэг бид хоёр нэмэгдэж ирснээр зургаан багштай болж эндээс ажил амьдралын гараагаа эхлээд 41 жил багшилсан даа. Одоо манай Биеийн тамирын тэнхим 10  багштай. 

-Таны гараас  улс эх орныхоо нэрийг дуурсгасан олон сайн тамирчид төрсөн байдаг юм билээ?

-Сургуульдаа цана, үндэсний болон чөлөөт бөх, боксын төрлөөр хичээл заадаг байсан. Тухайн үед бүх их дээд сургууль, 10 жилийн сургууль  “Соёл” нийгэмлэгт  харьяалагддаг  байлаа. Ингэснээр 1959 онд дээд сургуулиудыг бие дааж нийгэмлэг нэртэйгээр уралдаан тэмцээнд оролцуулдаг болсон. Тэр үеэс Биеийн тамирын тэнхим, Спорт клуб сургалт хүмүүжлийн ажлаа хариуцаж, хичээлээс гадуур нийтийн биеийн тамир, бусад спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлсэн. Гэсэн ч их дээд сургуулиудын оюутнуудад бэлтгэл сургуулилт гардан хийлгэж, спортын өндөр амжилт гаргуулна гэдэг амаргүй байсан. Учир нь тэмцээн уралдаан гэх үү, хичээлээ гэх үү гээд оюутнуудад их ачаалал ирдэг байв.

Энэ хугацаанд Спортын мастер 40 гаруй төрж гарсан.  Тухайлбал, ОУХМ тав, Рэнцэндорж, Жамц, Онх ... нарын таван улсын начин төрүүлсэн. Тэд хэдийгээр миний шавь нар биш ч гэлээ  Их сургуулиас миний мэдэхийн улсын арслан Жамц, Далай даян, Дархан аварга Ж.Мөнхбат нарын  бөхчүүд гарсан байдаг.  Харин боксоор ОУХМ, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Банди. Яагаад энэ хүнд бокс заах болсон гэвэл боксоор хичээллэж байсан тамирчид зодоон цохионд оролцоод нэг үе боксын спортыг хаасан юм. Энэ үед хэдийгээр би мэргэжлийнх биш ч гэлээ  залуу насандаа бокс тоглож байсан учраас бокс заах шаардлага гарсан юм. Харин дараа нь  боксын спорт эргээд сэргэхдээ нэлээд төвөгтэй гарч ирсэн шүү дээ. Үүний үрээр боксоор хичээллэж байгаа тамирчид эхнээсээ нарийн зохион байгуулалтай, Деканы газраас зөвшөөрөлтэй, Эвлэлийн байгууллагаас баталгаатай байх үед Банди анх орж ирж, энэ секцийг миний бие хариуцан авч байлаа.

Цанын спортоор 1962 оноос эхлэн “Соёл” нийгэмлэгийн тамирчдыг авч хичээллүүлж, уралдаан тэмцээнд оролцуулсан. 1965 оноос МУБИС-д ирж энэ сургуулийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг хийлгэж эхэлсэн. Эндээс ОУХМ Рэнцэнхорол, Должин, Дашдорж, Цэнд нарын олон тамирчид амжилтад хүрсэн. Харин бөхөөс ОУХМ Мөнх-Очир байна. Хичээл орж байсан шавь нараас маань олон эрдэмтэн, мөн улс  ардын аж ахуйн  ихэнх салбарт ажиллаж байгаа өндөр зэрэглэлийн тамирчид олон бий. Тэднээс онцолбол 1962 онд наймдугаар ангийн сурагч байсан н.Должин одоо ч холбоотой бүр аав ээж шиг болцгоосон. Хамгийн ууган  шавь маань 1965 онд Спортын мастер болсон. Отгон мастер Цэнд гэж Дорнод аймгаас ирсэн, эдийн засгийн мэргэжилтэй шавь маань  1963 онд спортын мастер болсон.  

-Шавь нартаа хэрхэн юу гэж сургадаг байв?

-Хүүхдүүддээ нарийн мэхийг нь хэлж өгч чаддаггүй юм гэхэд бэлтгэл сургуулилтыг нь тааруулах формд оруулна гэж хэлээд түүндээ хүрдэг байлаа. Үүний үр шимээр их сургуулийн баг тамирчид УАШТ –нд чөлөөт бөхөөр оролцоод эхний зургаан байраас мултарч үзээгүй. Шавь нар маань байнга гэрээр минь орж гардаг. Энэ бүхэнд шавь нарынхаа амжилтаар  бахархаж баярлаж  суудаг даа.   

-Тэр үеийн багш нарын заах арга барил, бэлтгэл хийх орчин одоогийнх шиг биш ч гэлээ маш чанартай бүр тодруулбал хүчний  бэлтгэл их хийдэг байсан гэдэг?

-Бидний үед төсөв мөнгөний хүрэлцээ маш муу, 15 хоногийн хоолны зардлаар 45 хоног хандгайтад очиж бэлтгэлд гардаг байлаа. Өдөр нь хичээлээ заагаад, оройн 11.00 цаг хүртэл секц дугуйлангийн бэлтгэлээ хийдэг байсан. Оюутнуудыг хичээлээс нь чөлөөлүүлж  нэг сарын бэлтгэл хийлгэхэд  дуртай багш олон байгаагүй. Чи өндөр зэрэглэлийн тамирчин болох юм уу, мэргэжилтэн болох юм уу гэсэн сонголт тэдний өмнө тулгардаг байсан. 

-Санаанаас гардаггүй дурсамж, дурдатгалаасаа хуваалцахгүй юу?

-Соёл нийгэмлэгийн тамирчдыг сонгож авч байхад түүнд 10 жил, техникумын хүүхдүүд хамрагддаг байсан. “Урал зис-5” машин дээр тамирчдаа суулгахад багтдаггүй байсан шүү дээ. Тэднийг Шадавлин, Яргайт, Жигжидийн аманд авч очиж бэлтгэл хийсний дараа хувцсыг нь тайлж цасаар биеийг нь угаалгаад эргээд аваад явж байхдаа яаж хатгаа авчихдаггүй байсан юм бол гэж одоо хэр нь  боддог юм. Тийм л өлчир тэсвэртэй байсан байна. Огт даараагүй юм шиг машин дээр дуулж хөгжилдөөд явдаг байж билээ. Бас зуны амралтаараа  амрана гэж  байхгүй. Цэцэрлэгийн техникумын гаднах модыг уулнаас авчрахдаа хүүхдүүдээ модон дээрээ суулгаад Тээврийн товчооны тэнд буулгаад кросс гүйлгэдэг байсан. зургадугаар байранд ордог багийг хоёр жилийн дараа II байранд ордог болгосон шүү. “Алдар” нийгэмлэгийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байсан гээд яриад байвал олон сайхан үйл явдлууд байна аа. Их сургуулийн оюутнуудыг намар цуглахад хүлээж аваад тартал бэлтгэл хийлгэнэ. Долоо хоногт гурван удаа бэлтгэл хийсний үр дүнд өндөр зэрэглэлийн тамирчид олноор төрж байлаа шүү дээ. 

-Спорт танд юуг өгөв?

-Хүүхэд байхдаа адуу малтай ноцолдож, морь уургалж, эмнэг сургаж явлаа. Эндээс спортын хүн болох анхны суурь тавигдсан гэж боддог. Нэг талаар спорт бол өөрийгөө золиослож  байж амжилтад хүрдэг өөрөөр хэлбэл залуу насны ажил шүү дээ. Маш өндөр ачаалал авдаг. Үүнийхээ хүчинд өдий зэрэгтэй, бие хөнгөн урт насалж байна гэж боддог. Энэ мэтээр спорт надад олон зүйлийг өгсөөн. Наад зах нь эх оронч үзлээр хүмүүжүүлэх, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн уриан дор бэлтгэл сургуулилтаа явуулдаг байлаа. Тийм учраас хүний хүмүүжлийн эх суурь бол биеийн тамир, спорт гэж хэлж болно. 

-Тамирчин байх үедээ ямар амжилтуудыг гаргаж байв?  

-1961 онд Бүх ард түмний спартикиадад оролцож цанын 15 км-ийн зайд II байр эзэлж, Спортын  мастер болсон. Төрөл бүрийн спортоор хичээллэсний нэг нь үндэсний бөхөөр хичээллэж аймгийн начин цолны болзол хангаж байлаа. Мөн байт сураар бага гарын нумаар УАШТ-нд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэж байсан. Тэмцээнд ороод 50 км гүйж байхад хөлийн булчин шөрмөс татаж байхад “Би ингэж амьдрах ч гэж дээ” гэж бодогдох үе байлаа шүү дээ. Ингэж спорт хүнийг хатуужил тэвчээртэй болгодог юм. Цасны өнгийг шарлатал бэлтгэл хийгээд түй гэх шүлсгүй болсон ч үе бий. 

-Хүүхэд байхад анхны шагналдаа хөөрч баясаж, их урамшдаг шүү  дээ, сэтгэлд тодхон үлддэг нь ч бий?

-Анхны шагнал гэвэл Спортын мастер болоод, Ардын гэгээрлийн яамны хүндэт үнэмлэхээр шагнуулсандаа хамгийн ихээр баярлаж  байсан. 

-Хамтдаа уралдаан тэмцээнд оролцож байсан тамирчдынхаа тухайд?

-Хэнтий аймгийн төвд 1957 онд бүсийн тэмцээн болсон юм. Энэ тэмцээнд 10 жилийн сурагч Дорнод аймгаас ирж оролцоод дараа нь Хөвсгөл аймгийн Хатгал суманд очиж УАШТ-нд оролцож байлаа.10 жилийн хүүхдүүд аймаг, аймгаас ирж уралдахад Улаанбаатараас Дорж,  Булганаас Даваасүрэн, Завханаас Батцэрэн, Хөвсгөлөөс Шагдар нарын  хүүхдүүд баг болж багаараа хүрэл дараа нь хоёр удаа мөнгөн медаль хүртэж  байлаа. Манай цанын багш Монгол Улсын гавьяат багш н.Рэнцэндорж гэж хүн байсан. Хандгайт руу явдаг  машин гэж байдаггүй болохоор хоол ундаа үүрч, голын мөс хагалж авчирч цай хоолоо хийдэг байлаа. 

-Таны хүүхдүүдээс  мэргэжлийг тань өвлөж спортын хүн болцгоосон   уу?

-Би гурван хүүхэдтэй. Спортын хүн болсон хүүхэд байхгүй ээ. Нэг хүү маань багадаа уралдаан тэмцээнд оролцдог байсан боловч тууштай хичээллээгүй. Харин одоо ач зээ нараас маань бага сага спортоор хичээллээд байгаа. 

-Таны багшилж байх үеийн сургалтын арга барил юу байв?

-Хүүхдүүддээ өндөр шаардлага тавьж, хичээлийн цаг, чөлөөт цаг хоёрыг ялгаж хандахыг зөвлөдөг байлаа. Мөн хүүхдүүдтэйгээ аав шиг нь энгийн сайхан харилцдаг байсан. Сарын бэлтгэлээр УАШТ- нд оролцоно гэдэг амаргүй. Тийм учраас хөнгөн бэлтгэл хийлгэж, ядаргаанд оруулчихгүй, дур сонирхлыг нь бууруулчихгүй бэлтгэж өндөр зэрэглэлийн тамирчин төрүүлдэг байсан даа. Сангийн аж ахуй, дадлага, зуны ажил гээд  бүтэн жилийн бэлтгэл сургуулилт хийдэг  оюутан цаначид гэж байхгүй. Одоо ч би спорттойгоо, сургуультайгаа сэтгэлийн аргамжаа­тай, багш нарынхаа бэлтгэсэн тамирчдыг амжилт гаргахыг хараад уухайлж сэтгэл гийж байдаг даа. 

-Хойч үе залуу­чууддаа хандаж юу хэлэх вэ?

-Үе үеийн төгсөг­чид, тамирчид­даа Монголын ууган биеийн тамирын тэнхим болох МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн түүхт 70 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Д.Нэргүй