ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Наранзаяа: Япончууд Олимпын бэлтгэлээ эхэлчихсэн байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-08

Япон улсын Токио хотын “Сэншүү” их сургуулийн оюутан Д.Наранзаяаг энэ удаагийн “Онлайн ярилцлага” буландаа урьж ярилцлаа.

-Сайна уу. Сурлага өндөр үү?
-Сайн сайна уу. Сурлага өндөр. Хичээлдээ гүйгээд л байна.

-Уулзалгүй удсан байна. Наагуур чинь сонин юу байна. Аль хотод амьдарч байна?
-Токиод байгаа. Их л завгүй хүмүүс байж байна. Япончууд эртэч, аливааг эртнээс төлөвлөдөг болохоор олимпын бэлтгэлээ эхэлчихсэн байна

-Японд хэдэн жил болж байна вэ?
-Дөрвөн жил болж байна. “Сэншүү” их сургуульд япон хэлний чиглэлээр сурч байгаа. Магистрын бэлтгэл оюутан болчихсон байна аа.

-Олимпын бэлтгэлийн талаар сонирхуулахгүй юу. Ямар ажлууд өрнөж байна?
-Сүүлийн жилүүдэд японд гадаад оюутнууд сурах нь эрс нэмэгдэж байгаа. Олимпын үеэр үүнийг давуу талаа болгоод орон орны тамирчдад орчуулагч, тайлбарлагч хийлгэхээр сайн дурын ажилтнууд бүртгэж байгаа. 

-Оюутнуудаас сонгох юм уу?
-Тийм ээ. Их сургуулийн оюутнуудаас бүртгэж байгаа юм билээ.

-Токиод байгаа монголчуудтайгаа холбоотой байдаг уу. Хэр олон байна вэ?
-Монголчууд цөөхөн. Миний хувьд найзуудтайгаа л уулзаж байна. Энд монголчуудын хаврын баяр гэж хоёр өдөр болдог юм. Тэр үеэр энд тэндээс цугларч, монгол хоолоо идэж, үндэсний хувцасаа өмсдөг.

-Тэр баяр нь хэзээ болдог юм бэ?
-Жил бүрийн тавдугаар сарын эхээр болдог. Үүнийг “Алтан долоо” хоног гэж нэрлэдэг, амралтын өдрүүд байдаг юм. Тэр үеэр зохиодог юм билээ.

-Анх очиж байгаа гадны оюутнуудад тулгардаг хүндрэлтэй асуудал юу байна. Хэр удаж байж дасан зохицож байна вэ?
-Ер нь хэлээ мэддэг болоод ирвэл асуудалгүй. Цагийн ажил, байр сууцаа өөрөө олоод явчихна. Огт хэл сураагүй ч юм уу, хэлний төвшин доогуур ирвэл цагийн ажлаас эхлээд жаахан хэцүү л дээ. Түүнээс гадна цалин бага, орчин нь таагүй ч юм уу тийм л нөхцлийг давж гарах хэрэгтэй болдог. Гэхдээ дөнгөж ирээд дасчихдаг хүмүүс ч байдаг байх. Дасахад жаахан хэцүү.

-Оюутнууд сурахынхаа хажуугаар ажил хийх боломжтой юм байна? 
-Гэхдээ сурч байгаа сургуулиасаа шалтгаалаад цагийн ажил хориотой үе байна.  Ихэнх сургуулиуд гадаад оюутнуулыг долоо хоногт 28 цаг ажиллахыг зөвшөөрдөг юм.

-Тийм үү. Япон руу явснаас хойш Монголдоо ирсэн үү. Гэрээ их санаж байна уу? 
-Нэг удаа Монголдоо очсон. Гэрээ их санадаг юм билээ. Монголдоо очоод ирсэнээс хойш санах нь гайгүй болсон. Хааяа монгол хоол идмээр санагдвал өөрөө хийгээд идчихнэ. Аав, ээж болон найзуудтайгаа онлайнаар байнга холбогддог. 

-Цаг агаар хэр байна. Монголд хүйтрээд л байна. Цас ороод эхэлчихсэн?
-Энд бас бага зэрэг хүйтэрч байна. Гэхдээ хар салхи зэргээс болоод хүйтрээд л, маргааш нь халаад л, хэд хоног хүйтэрснээ буцаж халаад л. Үүнийгээ, өөрсдөө ханиадны улирал гэж нэрлэдэг юм. 

-Залуучуудын хандлага хэр вэ?
-Янз бүр шүү дээ. Хоёр улсын хөгжлийн түвшинээс болдог байх. Япончууд нэг автахаараа хэт их донтчихдог хүмүүс шиг санагддаг.  Дуучин, хамтлаг шүтвэл бүр тултал нь шүтнэ гээч... Хувцас хунар, гэр орон нь нэлэнхүйдээ тэр хүнээрээ чимчихсэн байх жишээтэй. Гайхмаар ч юм шиг. Заримдаа мангар ч юм шиг санагдах үе бий. Гэхдээ тэдний энэ зан чанар нь их таалагддаг. Манайхнаас давуу тал нь гэвэл хөгшин, залуу аль нь ч байсан бусдад төвөг уддаггүй. Энэ чанар нь их гоё. Ямар ч тохиолдолд хүнд төвөг удахгүй.

-Автобусаар үйлчлүүлэхэд ямар байна. Манайхтай адилхан суудлаа булаалдаад л байх уу?
-Ахмадын суудал, жирэмсний суудлууд тус тусдаа байдаг юм. Түүнд нь энгийн хүмүүс суухгүй. Харин энгийн суудлуудад бол хэн ч суух боломжтой. Хөгшин хүн ирээд аахилж уухилаад л байдаггүй шүү дээ. 

-Японы залуучууд хэр мода хөөж байна?
-Гоё загварлаг шүү дээ. Гэхдээ бас янз, янз. Маш энгийн хүмүүс ч байна. Их ганган битүү брэнд болчихсон хүмүүс ч явж байдаг. Хувцаслалт загвараас нь суралцмаар байдаг юм. Ерөнхийдөө бол биед эвтэйхэн энгийн материал сайтай, хувцас сүүлийн үед өмсөөд байх шиг санагддаг.

-Наана чинь одоо ямар гар утас тренд болж байна. Ухаалаг утас руу хошуурах уу?
-Ер нь дийлэнх нь iphone барьдаг. Шинэ загвар гарах болгонд солиод л бариад байдаг. Эмээ, өвөө нар л дэлгэдэг утас барьж байгаа харагддаг юм. 
-Баярлалаа.