ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Баттулга: Соошлыг зөв зүйлд ашиглаж чадвал хүний амьдралд нөлөөлдөг

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-10

Дорнод аймагт гурван хүүхдийн хамт айлын хашаанд, эвдэрхий машин дотор амьдарч байсан н.Гантуяа хэмээх эмэгтэй энэ сарын 03-ны өдөр өөрийн гэсэн гэртэй болсон билээ. Энэ  эмэгтэйд туслах саналыг анх гаргасан М.Баттулга гэх залууг “Хөлсний амт” буландаа урьж ярилцсан юм. 

-Гурван хүүхэдтэйгээ хамт эвдэрхий машин дотор амьдарч байсан эмэгтэйд тусалсан гэсэн. Анх н.Гантуяа гэх эмэгтэйн талаар яаж мэдсэн бэ? 

-Би Дорнод аймгийн Баян-Уул суманд амьдардаг. Нэг өдөр машины кабин дотор гурван хүүхэд амьдарч байна гэж сонссон юм. Өмнө нь тодорхой ажил хийж байсан болохоор сумын иргэдээ ерөнхийд нь мэднэ. Тэгээд кабин дотор хүн амьдармааргүй юм даа ямар сонин юм гэж бодоод очиж уулзахаар болсон юм. Өнгөрсөн сарын 29-ны өдөр очоод харахад өрөвдмөөр гурван хүүхэд байсан. Ямар учиртай яагаад энд байгаа, хаанаас ирсэн талаар асуухад нөхөр нь манай сумын гаралтай хүн байсан юм билээ. Эхнэр нь гурван хүүхдээ аймгаас суманд амьдрах гэж дагуулж ирсэн боловч нөхөрт нь асуудал гараад хорих ялаар шийтгэгдээд явчихсан. Тэгээд гурван хүүхэдтэйгээ нөхрийнхөө хамаатны хашаанд эвдэрхий микронд амьдарч байсан хэрэг. Тэр хүмүүс нь өөрсдөө олуулаа эсгий гэрт амьдардаг. н.Гантуяа гэх эмэгтэй нөгөө айлдаа дараа болохгүй гээд нөхрийгөө ирэхийг хүлээнгээ тэнд амьдарч байсан юм.  

-Яагаад энэ эмэгтэйд туслах болсон юм бэ. Хамгийн түрүүнд хэнд хандсан  бэ? 

-2, 4, 10 настай гурван охинтойгоо хамт амьдарч байсан. Анх уулзахад 10 настай охин нь хөнжил дотроо нуугдчихаад царайгаа ч харуулахгүй байсан юм. Том охиных нь нүдний гал буусан байдал нь миний сэтгэлд нөлөөлсөн. Заавал туслах ёстой юм байна гэж бодсон доо. Тэгээд гэртээ ирээд твиттерт анх жиргэхдээ “Энэ хүнд хэдүүлээ гэр аваад өгчих боломж байна уу, тусалъя” гэж бичсэн. Тэгсэн жиргээчид дэмжээд эхний өдөр хандив цуглаад ердөө хоёр өдрийн дотор нийт 4.8 сая орчим төгрөг цугласан. Өнгөрсөн сарын 30-ны өдөр хотод ирээд аравдугаар сарын 01-ний өдөр хотоос гэр авч, буцаад очлоо. Энэ сарын 03-ны өдөр гэрийг нь барьж өгсөн байгаа. Мөнгө нь хангалттай цугласан учир өөрийнх нь хүсэлтээр дөрвөн ханатай, өвлийн дулаалгатай гэр авч өгсөн. Сайн үйлсийн аян гэдэг утгаар хийж байгаа учир Нарантуул захад гэр зарж байгаа хүмүүс ч гэсэн сайн гэрээ гаргаж, сэтгэл гаргаж тусаллаа. Мөнгө хангалттай цугласан учир нэг мөсөн энэ айлыг айл шиг айл болгоё гээд гэрийн тавилга иж бүрдлээр авч өгөхөөр болсон. Мөн гурван хүүхдэд нь дулаан хувцас авч өгөхөөр болсон юм. Танай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шалтгаан нь нэгдүгээрт, жиргээчиддээ баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Хоёрдугаарт, зарим мэдээллийн сайт болон зурагт радиогоор эх сурвалжаас нь мэдээлэл авахгүйгээр янз бүрийн мэдээ тавьж байгаад нь харамслаа. Бодит байдал, үнэн мэдээллийг та бүхнээр дамжуулж хэлэхийг хүслээ. 

-Жиргээчид хэр их тусалсан бэ? 

-Хүмүүс янз бүрээр хандив өгсөн. 5-100 мянган төгрөгийн хооронд хандив ирлээ. Энэ хугацаанд 160 орчим хүн миний данс руу мөнгө шилжүүлсэн. Орсон бүх мэдээллийг нь твиттерт тайлагнасан байгаа. Гэтэл зарим хүмүүс ингэх шаардлага байхгүй. Эхлээд энэ ажлыг хийчих, дараа нь ерөнхий дүнг нь хэлээд явчих. Хэн хэдэн төгрөг өгсөн нь сонин биш гэсэн. Гэхдээ дараа нь баримтаар жиргээчиддээ харуулна гэж бодож байгаа. Энэ хүн урам аваад цаашид амьдралаа өөрчлөх эрч хүч нь нэмэгдэнэ гэж бодож байгаа. Огт хамааралгүй мөртлөө энэ ажилд сэтгэлээсээ тусалсан жиргээчиддээ маш их баярлаж байна. 

-н.Гантуяа гэх эмэгтэйн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Гантуяагийн хувьд 35 настай. Гурван хүүхэдтэй эмэгтэй. Өөрөө Дорнод аймгийн төвийн харьяат бөгөөд нөхрөө дагаж суманд ирээд хоёр жил амьдарч байгаа. Нөхөртэйгөө цуг амьдрах хугацаандаа сургуулийн барилга дээр манаач хийж байгаад нөхөр нь хүнд хэргээр биш 1.2 жилийн ял эдлээд Хэнтий аймгийн шоронд зургаан сар орчим сууж байгаа юм билээ. Энэ хугацаанд эмэгтэй өөрөө бусдад дараа болохыг хүсэхгүй байсан учир болгох гээд зүтгэсэн байгаа юм. Өөртэй нь уулзахад өөрийнх нь хамаатан гээд туслах ах дүү, хамаатан садан байхгүй гэсэн. 

-Өөрийнх нь хамаатан байхгүй учир нөхрийнхөө хамаатны хашаанд амьдарч байсан хэрэг үү?

-Манай суманд А.Балданлхам гээд сургуулийн галч хийдэг ах байдаг. Тэр ах хашаандаа амьдруулж байсан юм байна лээ. Энэ хүн нөхөр хоёр нь үеэлүүд гэсэн. Хооллож ундлаад нэг жил авч явсан байсан. Хүнд илүү гаргах чадалтай хүн биш ч гэсэн боломжийнхоо хэрээр тусалдаг байсан. Энэ хугацаанд бүх чадлаараа тусалж байсанд баярласнаа хэлье. Микронд нь тог гаргаж өгч, хоол унд өгч байсан байна лээ.  Энэ зуны хугацаанд иймэрхүү байдалтай байсан юм шиг байсан. Хамгаалагч хийж байхдаа гэрт амьдардаг тэгээд нөхөр нь явчихсан үед орон гэргүй болсон хэрэг. Тэрнээс хойш ийм байдалтай амьдарсан гэсэн. 

-Шинэ гэртэй болсон ээж болон хүүхдүүдийн сэтгэгдэл ямар байв? 

-Хүүхдүүд нь гэртэй болж байгаадаа үнэхээр баяртай байсан шүү. Нүдэнд нь оч гялалзаж байсан. Том охин нь муухай микронд амьдардаг гэж шоолдог гээд хичээлдээ ч явах дургүй байсан гэнэ лээ. Одоо бол охин нүүр бардам хичээлдээ явах гэр оронтой болж байгаа. Надад ч бас аз жаргалтай байгаа нь мэдрэгдсэн. н.Гантуяагаас илүү би өөрөө догдолсон байсан. Хэдэн өдөр нойр муутай унтаж чадаагүй. Нүдэндээ төсөөлж байгаад энэ ажлаа хийлээ. Миний төсөөлж байгаа бүх юм биелэх боломжтой болсонд нь баяртай байгаа. Энэ эмэгтэйд туслах нь миний үүрэг гэж бодсон. Урд нь сумын удирдлагын хэмжээнд ажиллаж байсан учраас төр засгаас нийгмийн халамж шаардлагатай хүмүүст гаргаад өгөх мөнгө сумын төсөвт байдаггүй. Төрийн зүгээс ийм ажил хийхэд хүнд байдаг юм шүү дээ. 

-Эхний ээлжинд орох оронтой болгочихлоо. Цаашид яаж туслахаар болсон бэ? 

-Сум, орон нутгийн зүгээс дэмжиж байгаа. Ажлын байр гарсан тохиолдолд ажлын байраар хангана. Тухайлбал, суманд туслах малчин хэрэгтэй байдаг учир гэртэйгээ хаана ч туслах малчин хийгээд явах боломжтой гэж бодоод гэр авч өглөө. Мөн хамгийн бага нь цэцэрлэгт яваагүй байгаа. Хоёр нас хүрэхээр нь цэцэрлэгт авахаар болсон. Дөрвөн настай хүүхдийг нь цэцэрлэгт авчихлаа. Гэр өгчихөөд хаячихвал цааш амьдрахад хэцүү байх гэж бодсон юм. Тухайн хүний хандлагаас нь шалтгаалаад өөрчлөх гэж өөрийнхөө хэмжээнд зүтгэнэ. Энэ хүн өөрөө амьдралд хөлөө олоод явчихвал сайн л биз. Болохоос болохгүй хүртэл нь үзнэ. Нөхөр нь хурдан гарч ирээсэй гэсэн хүлээлттэй л байгаа. Манай сумынхан хүнсний тусламж үзүүлнэ гэсэн. Энэ өвөл идэх хоолтой байх юм. Аавыгаа иртэл алзахгүй байх аа.

-Та яагаад нутгийнхандаа биш жиргээч нарт хандсан юм бэ? 

-Нутгийнхандаа яагаад хандаагүй юм гэж хүмүүс их асуусан. Манайх сум дундын эмнэлэгтэй мөртлөө суманд морг байхгүй байсан. Зун хүн нас барахаар морг байхгүй болохоор халуунд дорхноо муудчихдаг. Энэ байдлыг хараад морг хийе гэж бодоод улсын төсвөөр хийх гэсэн бага төсөв гарсан. Тендэрт хэзээ ч дэмжигдэхгүй байх гэж бодоод сумынхаа иргэдэд хандаад 15 сая төгрөгт багтаагаад хоёр хүний шарил хийх, хөргөгчтэйгөөр мор­гын байшин олон нийтийн хандиваар хийсэн байгаа. Тэгээд жил болгон сумынхаа иргэддээ ханддаг гэж бодоод энэ удаа жиргээчиддээ хандсан хэрэг. 

-Та өөрөө сумандаа юу хийдэг хүн бэ? 

-Одоогоор ажилгүй байгаа. Урд нь сумын Засаг даргын орлогч, сумын иргэдийн хурлын дарга гэх мэт ажлуудыг хийж байсан. Сонгуульт хугацаа дуусаад нийгмийн талыг хамарсан ажлуудыг хувийн ажлынхаа зав чөлөөгөөр хийж байгаа. Завтай болсон учраас хоёр жилийн өмнө жиргээнд орсон юм. Миний гол жиргэдэг сэдэв бол сумандаа сайхан амьдаръя гэсэн маягаар жиргэдэг. Энэ хугацаанд хүмүүс миний жиргээг дэмжиж, намайг сайн мэддэг болжээ. Тогтмол сумын талаар мэдээлэл өгдөг учир ажил бүтэхэд маш их дэм болсон гэж бодож байгаа. Соошлыг зөв зүйлд ашиглаж чадвал хүний амьдралд нөлөөлж чадаж байна гэдгийг л харуулах гэсэн юм. 

-Таныг сумандаа сайхан амьдарч болдог гэдгийг харуулахыг зорьдог хүмүүсийн нэг гэж ойлгож болох уу? 

-Суманд бусдаас илүү сайхан амьдраад байгаа юм бол биш. Миний гол уриалга бол суманд хүмүүс ингэж амьдарч байна гэдгийг харуулах. Би нэг зүйлд санал нийлдэггүй юм. Хөдөөнийхөн оркууд, соёлгүй, хөдөө амьдрах хэцүү, мал дагаад амьдраад байгаа юм шиг бодол надад төрдөг. Юм хоёр талтай. Би хөдөө амьдрахын давуу талыг харуулж жиргэдэг. Тухайлбал, хөдөө бүх юмнаас дутахгүй байж болно. DDISH гэхэд хотод гарч байгаа бүх сувгийг үзэж чадаж байна. Кино захиалаад ч үзэж болно. Үүрэн опператорын бүх суваг орсон бөгөөд 4G сүлжээ орсон. Хөдөө хүн өөрөө хүсвэл бизнес болон аж ахуй эрхлээд ажиллаж болно. Намайг ногоо тарьдаг гэдгээр жиргээчид сайн мэднэ. Гэхдээ би ногоогоор бизнес хийдэггүй. Өрхийн хэрэгцээндээ ногоо яаж тарьж болох вэ гэдгийг харуулахаас гадна эко хүнс хэрэглээсээ гэдэг уриалга явуулдаг. Ингэснээр хүн өөрийнхөө хүнсний аюулгүй байдлыг хангах боломжтой гэдэг утгаар хүмүүс ингэж хийгээсээ боломж нь байна шүү гэдгийг л харуулах гэсэн юм. Манай суманд над шиг хүн олон бий. Миний давуу тал нь мэдээллээ соошлд мэдээлж чаддаг учраас хүмүүст хүрээд байгаа юм.