ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2020 оны сонгуулиар иргэний дайн болох юм байна даа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-10

Онигоо шиг зүйл цаана чинь болж байна. УИХ-ын сонгуулийн дайтай орон нутгийн сонгууль саяхан болж, ялсан намынх нь гишүүд нүдэндээ нулимстай зогсож байгаа гэнэ. Түүнийг нь өөр нэг улстөрч өрөвдөж, бас баярласандаа дагаад уйлчихжээ. Нөгөө “булчинтай” даргын туслах нь цагаан махаа эргэтэл даргынхаа төлөө тэмцсэн шиг л онигоо Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн үеэр гарсан сурагтай. Бас болоогүй ээ, тэнд нь нэг дэд сайд давхиж очоод мөнгө тарааж, бүр согтуугаар санал худалдаж авах гэж оролдсон гэнэ лээ. Төлөөлөгчдөөрөө архидаж байх үед нэг нь амиа алдчихсан гэх яриа ч чих дэлссэн. УИХ дахь намын бүлэг хүртэл “мөнгөний сонгууль” болсон гэж хэвлэлийн хурал зарлаж сүржигнэв.

Хоёр том нам ээлжлээд л манайх ялсан, танайх ялагдсан гэх мэдээлэл явуулж үзлээ. “Сүхбаатарчууддаа баярлалаа” гэсэн постыг намын дарга хийсэн байхыг харвал сумын сургуулийн жижүүрийн сонгууль ч МАН, АН-д ямар чухал болсныг ойлгох шиг. Өнгөрөгч амралтын өдөр Дорноговь, Сүхбаатар, Нийслэлийн Багахангай дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль болсон нь тэднийг ийм алиа марзан “жүжиг” тавих шалтгаан болсон хэрэг. Нөхөн сонгуулийг жижиг атлаа том ач холбогдолтой гэж хэвлэлүүд дүгнэсэн. Мөн ч сүржигнэж байгаа юм шүү. Хэн танил талтай, ах дүү олонтай нь аймаг, суманд ялдаг бичигдээгүй хуультай биз дээ. Тэнд нэр хүнд, ажлын мэдлэг туршлага тийм ч чухал биш. Гэтэл Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгууль болчихсон аятай том, том дүгнэлт хийж, түүндээ итгэж давхиад л. “МАН-ынхан массаараа нөхөн сонгуульд ялчихлаа. Намын нэр хүнд унаагүй юм байна” гэсэн дүгнэлт гаргачихсан ч байх шиг. Эрх мэдэлд ингэтлээ донтжээ, тэд.

Орон нутагт ажил хийх бус зөвхөн аль нам ялах нь чухал болчихсон гэдгийг хоёр өдөр үргэлжилсэн нөхөн сонгууль тойрсон алиа марзан зүйлс бидэнд харуулав. Эрх мэдлийн төлөө нэгийгээ хөнөөхөөс ч буцахгүй улайрч байх юм. Улаан цагаандаа гарчихаад мөнгө тараав. Айл бүрээр орж санал худалдаж авах гэж зүтгэлээ. Архи уусан уугаагүй гэдгээ шүүж, бүр үнэртүүлж үзэх нь холгүй аашиллаа. Ялсан нэгнийх нь төлөө нулимсаа урсгаж ч байх шиг. Яасан бэлэн нулимс вэ. Нялх балчир үрс нь хүчирхийлэлд өртөж, хулгайлагдаж, амиа алдаж байхад урсаагүй нулимс нэг “хурган” дарга сонгуульд ялахад гарч л байдаг. Ичиж үхэх нь ээ. Түүнийг нь дэвэргэж байгаа намын удирдлагуудын өмнөөс бүр нүүр хийх ч газар олдохгүй байна. Улс орны төлөө нэгдээд ажиллах учиртай улс төрийн намууд “жижигхэн” сонгуулийн ялалт, ялагдалд ингэлтээ ач холбогдол өгч, нус нулимстайгаа хутгалдаж байна гэхээр 2020 онд юу болох талаар бодох ч хүсэл алга.

Ерөөс сонгууль тойрсон энэ балайрал, эрх мэдлийн төлөөх улайрал бүр замаа алдаж дууслаа. Саяхан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсаны дараа нөхөн сонгууль явуулах сураг гарсан. Гэтэл тэнд 13 намын дарга очиж өрсөлдөхөөр бүртгүүлсэн байгаа юм даа. Нэг нөхөр дүрдээ итгэчихсэн өнөөдрийг хүртэл Хэнтийг тойроод сурталчилгаагаа хийсээр явна. Бараг л “Чингис хаан бол миний хамаатан” гэж хэлэхээс наагуур аашилцгаалаа, хэдэн өдөр. Нэгхэн жил УИХ-ын гишүүн хийж үзэхийн төлөө мөнгө төлж, өөрийгөө таниулж, зарим нэг хүмүүсийг гэртээ хонуулж, пиардлаа. Жил гаруйн дараа  2020 оны сонгууль болох гэж байна. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед энэ улсад бараг иргэний дайн болох юм байна л даа. Ухаалаг утсаа барьсан чигээрээ хүн алж ч мэдэхээр нөхцөл байдал бий болчихжээ. Мөнгө тараах бол наад захын асуудал.

Нам, намаараа талцаж байгаад зодолдох нь тодорхой. Хүний аминд хүрчихгүй л бол гэж залбираад сууж байхаас өөр яалтай. Хоёр намын удирдлагууд нь нулимсаа барагдтал уйлах нь тодорхой. Ер нь намд элсэх шинэ шалгуур ч гаргаж ирэхэд гэмгүй юм биш үү. Намын үнэнч гишүүн байхын тулд эхлээд уйлж чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, ичих булчирхайгүйгээр мөнгө тараадаг, эсвэл тараасан мэтээр гүтгэж сурах ёстой. Цаашлаад амиа алдахгүй архи ууж, бас зодолдож сурах хэрэгтэй /Намын гишүүд зодолдож нэгийгээ түлж, бүр Сүхбаатар аймгийн нөхөн сонгуулиас болж хүн амиа алдсан/. Хамгийн сүүлд үнэнч намынхаа төлөө төрсөн ах, дүү, амраг ханьтайгаа ч хэрэг гарвал зодолдож, араас нь өчиггүй “хутгалдаг” бол маш том шалгуур хангана. Хамгийн чухал нь уйлж чаддаг л бол ирэх сонгуулийн дараа та эрх мэдэлд хүрэх нь байна шүү. Намуудын чансааг бус эсрэгээрээ арчаагүй, шившигтэй байдлыг нь харуулсан нөхөн сонгуулиар архи ууж, мөнгө тараагаад өнгөрсөн нь яамай даа.