ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.БАДАМЦЭЦЭГ: “ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ” ЧУХАЛ ЦАГ ҮЕТЭЙ ДАВХЦАЖ БАЙГАА УЧРААС ИХЭЭХЭН ҮР ДҮНТЭЙ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙНА

O.Admin
2018-10-10

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны өдөр “Онол, практикийн бага хурал” зохион байгуулах гэж байгаа аж. Энэ талаар ТЕГ-ын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэгээс тодрууллаа.

-ТЕГ-аас зохион байгуулж буй “Онол, практикийн бага хурал” хэд дэх жилдээ болж байгаа вэ. Энэ жилийн “Онол, практикийн бага хурал”-ын онцлог юу байна?

-ТЕГ “Онол, практикийн бага хурал”-ыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн жилээс хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон ба өмнөх хурал 2016 онд болж байсан. Энэ жилийн “Онол практикийн бага хурал”-аар BEPS /Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудал/, Global forum /Глобал форум/-ын гишүүн орны эрх үүрэг, стандарт шаардлагууд, энэ талаар татварын хуулийн шинэчлэлд хэрхэн тусгах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцана. Мөн Монголын татварын алба, Татварын мэргэшсэн зөвлөх байгууллагын хамтын ажиллагаа, татвар төлөгчийн татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх, тайлагнахад мэргэшсэн зөвлөх байгууллагын үүрэг, хариуцлага зэрэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

-Ер нь хэр өргөн хүрээг хамардаг вэ. “Онол практикийн бага хурал”-д оролцогчид жилээс жилд нэмэгддэг үү?

-Жил тутам хамрах хүрээ нэлээд тэлж байна. Эрдэмтэн, судлаач, багш нар нэлээд их оролцдог болсон. Мөн Татварын мэргэшсэн зөвлөх компаниудын мэргэжилтэн, бизнесийн байгууллагын татварын асуудал хариуцсан мэргэжилтэн нар идэвхтэй оролцдог. Түүнчлэн манай Татварын албаны албан хаагчид, ахлах байцаагч нар сүүлийн жилүүдэд нэлээд идэвхтэй оролцож байна. Бүр болох хугацааг нь хүлээдэг болсон. “Онол практикийн бага хурал”-ын илтгэлийн сэдэв гарахтай зэрэгцээд судалгааны ажилдаа ордог болсон.

-Энэ жилийн илтгэлийн сэдвийг тодруулахгүй юу?

-Энэ жил илтгэлийн сэдвээ хоёр чиглэлээр гаргасан. “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь”,  “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” гэсэн хоёр сэдвийн хүрээнд илтгэлээ хүлээн авч байна. “Монгол Улсын олон улсын татварын тогтолцоог шинэчлэх нь” сэдвийн хүрээнд Монгол Улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээнд заасан харилцан тохиролцох журмын хэрэглээ, мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Глобал форумаас тавигдах стандарт, шаардлагууд, бодит үнэ тодорхойлох буюу үнэ шилжилтийн тохируулга, баримтжуулалт, нөхөн ногдуулалт хийхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах болон татвар ногдуулах зэрэг чиглэлийг өгөөд байгаа. Яагаад олон улсын татвар руу чиглүүлсэн бэ гэхээр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль маань шинэчлэгдээд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ цаг үетэй “Онол практикийн бага хурал” давхцаж байгаагаараа нэлээд ач холбогдолтой. Хууль өргөн баригдаад, хэлэлцэж байх явцтай зэрэгцээд олон улсын татвартай холбоотой дагалдан гарах дүрэм, журмуудыг боловсруулж байна.

Олон улсын татвартай холбоотой асуудал Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэлээд түлхүү орж ирсэн учраас үүнтэй холбогдон гарч байгаа дүрэм, журмуудтай холбоотой хөрсөн дээр буухуйц ямар практикууд байна, олон улсад хэрэгжүүлсэн ямар үр дүнтэй туршлагууд байна гэх зэрэг асуудлуудыг “Онол практикийн бага хурал”-д оролцогчид судалгааны ажлаараа хөндөн гарган ирж, хэлэлцэх юм. Харин хоёр дахь сэдэв буюу “Татварын албаны үйл ажиллагаанд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ дэмжлэг үзүүлэх нь” сэдвийн хүрээнд татвар төлөгч үүргээ биелүүлэхэд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагын оролцоо, нөлөөлөл, “татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ”-ний өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, ёс зүйн талаар судлаж, илтгэлдээ тусгахыг санал болгоод байна.

Учир нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 2013 онд батлагдаад 5 жил болчихлоо. Энэ хугацаанд байгууллагууд ч нэлээд өргөжөөд, хүрээгээ тэлээд өнөөдрийн байдлаар маш олон хувийн хэвшлийн компаниуд Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг үзүүлж байна. Тэгэхээр энэ компаниудын үйлчилгээ Татварын албанд хэрхэн, ямар байдлаар дэмжлэг үзүүлж байгаа юм бэ гэдэг тал руу нь нэлээд чиглүүлэхийг зорьсон. Мөн олон улсад эдгээр байгууллага ямар төвшинд, ямар чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ, Монгол Улсад ямар чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна, одоо хэрэгжиж байгаа эрх зүйн зохицуулалт нь практик үйл ажиллагаатай нийцэж байгаа эсэхийг судалгааны хүрээнд гаргаж, хэлэлцэнэ.

-Илтгэлд ямар шаардлага тавигдаж байгаа вэ? 

-“Онол практикийн бага хурал”-д оролцогчид дээрх хоёр сэдвийн хүрээнд илтгэлээ бэлтгэхээс гадна өнөөгийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж, судалсан байх, хэрэгжиж болохуйц шинэлэг санаа дэвшүүлж, шийдвэрлэхэд чиглэсэн байх, бодит мэдээ мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан байх, олон улсад хэрэгжиж, үр дүнд хүрсэн амжилтыг судалж, харьцуулах зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй. “Онол практикийн бага хурал”-д оролцогчдын илтгэлийг 2018 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл ТЕГ-ын Сургалтын төвийн www.trainingcenter.gov.mn цахим хаягаар хүлээн авч байгааг энэ дашрамд дуулгая. 

-Жил бүрийн “Онол практикийн бага хурал”-аас тодорхой хэмжээний үр дүн гардаг байх. Энэ жилийн хувьд ямар үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа вэ? 

-Мэдээж хэрэг “Онол практикийн бага хурал”-д маш олон эрдэмтэн, судлаач, багш, практик дээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа хүмүүс оролцож байгаа учраас дээрх сэдвүүдийн хүрээнд гаргаж ирж, дэвшүүлж буй саналууд, өнөөдрийн тулгамдаж буй асуудлууд, эдгээр асуудлуудыг олон улсын практикт хэрхэн шийдвэрлэсэн байдгийг судлаад, илтгэлдээ тусгаад хэлэлцүүлнэ. Эдгээр илтгэлд тусгасан шинэ санал санаачилгыг судлаж үзээд, бодлогын газрууддаа санал болгон дэвшүүлж, шинээр гарч ирэх гэж байгаа дүрэм, журмууддаа хэрхэн шигтгэж оруулах талаар санал солилцох боломж гарч ирж байна. Энэ удаагийн “Онол практикийн бага хурал” маш чухал цаг үетэй таарч байгаа учраас ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй болно гэж бодож байна. 

-“Онол практикийн бага хурал”-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ. Мөн шагналын сангийн тухай оролцогчид сонирхож байгаа байх? 

-Удирдамж болон хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Татварын албаны www.mta.mn болон ТЕГ-ын Сургалтын төвийн www.e-learning.mta.mn сайтад хандан авах боломжтой. Түүнчлэн 11-310893 дугаарын утсанд хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой гэдгийг хэлье. Шагналын сангийн тухайд бид хоёр төрлийн шагнал бэлтгэсэн. Тодруулбал, гаднаас оролцож байгаа эрдэмтэн, судлаач, багш нар болон Татварын мэргэшсэн зөвлөх компаниудын мэргэжилтэн нар шагналт байрт шалгарсан тохиолдолд мөнгөн шагнал олгоно. Харин манай Татварын албаны албан хаагчид шагналт байрт шалгарвал албан тушаал дэвшүүлэх, зэрэг дэв нэмэх, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцуулах гэх мэтчилэн өргөн хүрээний урамшууллаар шагнахаар бэлтгээд байна. Ингээд ТЕГ-аас зохион байгуулж буй 13 дахь удаагийн “Онол практикийн бага хурал”-д эрдэмтэн, багш, судлаач, татвар төлөгч, Татварын албаны ажилтан, албан хаагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Ярилцсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг