ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамгийн хэрэгтэй зүйлийг минь надад заяасан юм байна

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-12

Одоо цагт ярих юм бол надад их олон зүйл байхгүй. Их олон шүү. Гэхдээ зарим нэгэн хүнд байхгүй цөөн хэдэн үнэт зүйл, үнэ цэнтэй юм надад бий. Тухайлбал, ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл буй. Буруу ч байж мэдэх ч өөртөө таарсан тэр үзлээ хэдэн халтар төгрөг, ганц хоёр шил архи, шунал тачаал, хань хамсаатны ятгалга, харь хамаагүй хүмүүсийн элдэвлэл, бас бус  шальдар бульдар аль нэг зүйлээр худалдчихаагүй энэ хүрлээ.

Хөгшин азарга жороо сурдаггүй гэдэгчлэн цаашдаа ч уг үнэт зүйлээсээ, үнэ цэнтэй гэж бодож байгаа үүнээсээ нээх их хазайлгүй явчих байх гэж найдна. Бас сайхан гэр бүл байна. Өдий миний насан дээр эхнэр аваагүй хүмүүсийн хувьд хэрэгтэй, хэрэггүй санагдаж, “хэнд хэрэгтэй юм” гэж хэлүүлж мэдэх ч, аль эсвэл эхнэр хүүхэдтэй хүний хувьд хүн бүхэнд байдаг зүйл шиг санагдаж болох ч, миний хувьд энэ амьдралаас олж авсан хамгийн том зүйл маань энэ билээ. Үйл нь ирээд үхэл ирэхийн цагт хөтлөлцөөд үлдэх хоёр сайхан үр минь байна. Үхээд өгсөн ч нэрээр минь овоглож, нэр гарган дуурсгана гэдэгт итгэнэ. Магадгүй намайг мал биш хүн болгодог энэ хоёр зүйл байхад л надад хангалттай.

Түүнээс бол сурсан эрдэм, цуглуулсан хөрөнгө, нэр алдар, шунал тачаал, гагцаар жаргах орь хүсэл аль нь ч надад алга, хөөрхий. Би боловсролгүй хүн гэж дүнхүүдэж байгаа юм биш. Мөнгөнд л дургүй гэж ойворгон загнаж байгаа юм биш. Нэр алдарт дургүй гэж хуурмаглаж байгаа юм биш. Шунан тачааддаггүй гэж олиггүйтэж байгаа юм биш. Өөрөөсөө илүү бусдыг л боддог гэж гүжирдэж байгаа юм биш. Гэхдээ яагаад ч юм, ямар нэгэн шалтгаанаар энэ бүхэн надад заяагаагүй байна. Харин тэгсэн атал хамгийн хэрэгтэй зүйлийг минь яагаад ч юм заяачихсан байна.