ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

79 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-16

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Г.Золжаргал "2018 оны эхний есөн сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болоод байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд байна. Үүнээс 59 холбогдогч ойр дотны болон танил хүмүүс хүчингийн гэмт хэргийн холбогдогч болсон.

Задлаад үзвэл үл таних хүн найм, эцэг эхийн найз нэг, төрсөн эцэг гурав, хойд эцэг ес, хүргэн ах хоёр, төрсөн ах хоёр, авга ах хоёр, нагац ах дөрөв, өвөө хоёр, зүс таних хүн 26 гээд ихэвчлэн ураг төрлийн буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Шинэ эрүүгийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн шинжтэй, хүч хэрэглэсэн, завдсан, бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хамгийн хүнд ялтай буюу 12-20 жилийн хугацаагаар хорьдог.

Улсын хэмжээнд түр хамгаалах байр 11 байна. Нэг цэгийн үйлчилгээ дөрөв бий. Нийтдээ 15 хамгаалах байранд 1-30 хоногийн хугацаатай байрлуулж, тухайн хүүхдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг. Хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шууд цагдан хорьж саатуулж байгаа. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд Дорноговь аймагт 12 настай хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлсэн, мөн Дундговь аймагт энэ сарын 02-нд хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарсан. Дээрх хэргүүдэд Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэв.