ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Баяртсайхан: ФАТФ Монгол Улсыг мөнгө угааж байна гэж буруутгасан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнээс хамгийн чухал нь   “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Монголбанкны Ерөнхийлөгчөөс харуилт авлаа. Хуралдааны төгсгөлд олонхийн саналаар тус тогтоолын төслийг  хэлэлцэхийг дэмжлээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Валютын савлагаа, тогтворгүй байдлыг цаашид хэрхэн хангаж ажиллах юм бэ. Монголбанк, Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа маш муу байна. Хамгийн чухал нь эдийн засгийн өсөлтийг яагаад иргэдэд хүргэж чадсангүй вэ. Энэ талаар  Засгийн газар, Монголбанк мэдээлэл хийх ёстой. 

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч тайлбар өглөө. Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Түүнээс гадна татварын байгууллагаас бид экспортын бүтээгдэхүүний татварын тайланг авдаг.  Үүнээс харахад гарч,  орж байгаа валютын хооронд зөрүү гараад байна.  Тухайлбал, валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал асуудал.  Төлбөрийн тэнцэл гэдэг нь дан ганц Монголбанкны ажил биш. Гадаад худалдаа алдагдалтай байгаагийн бас нэг шалтгаан нь Монгол Улсад гадаад худалдааны бодлого алдагдсантай холбоотой. Гадаад худалдааны агентлаг, зохицуулалтын зүйл дутагдаад байна. Гадаад бодлого хариуцсан төрийн байгууллага дутагдаж, нэг хоёр мэргэжилтэн хариуцаад сууж байна гэж хариулсан юм. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын хар жагсаалтад оруулахыг сануулж байгаа байгууллагын жинхэнэ зорилго нь юу байна вэ. Бидэнд сануулга өгөөд байна уу. Монголоос гарах валютын урсгал хаашаа чиглэж байна вэ. Мөн өөрийн хөрөнгө дутагдсан банкуудын үйл ажиллагаа юу болж байна вэ. Өөрийн хөрөнгийн дутагдлаа арилгаагүй банкуудад ямар арга хэмжээ авах вэ. 

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Түүний асуултад Монгол Улс одоо саарал жагсаалтад байгаа.  ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу  хар жагсаалт руу орохгүйн төлөө бид ажиллаж байна.  ФАТФ Монгол Улсыг гурван үндсэн зүйл, шалтгаанаар буруутгаж байгаа. Тухайлбал,  Хойд Солонгосын иргэд Монголд үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ  нь хойд Солонгост тодорхой төсөл хөтөлбөрүүдэд  санхүүжилт болж байна.  Үүнийг тайлбарлаж өг гэж байна. Мөн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гарч ирсэн.  Энэ бол тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тоо.  Ийм их хэмжээний мөнгө гарсан нь  Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна. Тиймээс  үүнийгээ зас гэсэн сануулга өгсөн. Монголд 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоо  байна. Энэ бүхэнд хяналт тавьдаг газар байхгүй  гэсэн  шалтгаанаар бидний хар жагсаалт руу оруулах боломжтой байна гэдэг зүйлийг хэлж байна. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлаа хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан гэж хариулав.   

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Гадаад валютын тогтвортой байдлын төлбөрийн тэнцлийг  хангах асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Энэ жилээс Засгийн газар, Сангийн яам бие дааж  шийдвэр гаргадаг болсон.  Валютын  нөөцтэй холбоотой асуудалд  Засгийн газрыг түлхүү оролцуулах шаардлагатай. Монгол Улс валютын нөөцөө бүрдүүлдэг гурван  сувагтай. Экспорт, зээл тусламж, алт гэсэн гурван  үүсвэртэй. Бид алт хөтөлбөрөөр үйлдвэрлэлийг бодлогоор дэмжсэний үр дүнд маш сайн явж ирсэн. Монголын хөрснөөс авсан нэг грамм алт ч гэсэн  валютын нөөц болох ёстой. Алт олборлолт 100 хувь эх оронч байх ёстой шүү дээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. 

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Түүний асуултад Бид өнгөрсөн жил 20 тонн алт авсан. Ирэх жил 22 тонн алт авахаар төлөвлөж байгаа. Алт тушаалтын  процессыг хөнгөвчлөх зорилгоор алтны сорьцын лабораторийг Дарханд байгуулсан. Ирэх онд дахин хоёр аймагт байгуулахаар төлөвлөж байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд, зээл тусламж маш их хэрэгтэй гэсэн тайлбарыг өглөө.