ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Энхтайван: Хангалтгүй ажилласан 20 сургуулийн түрээсийн гэрээг цуцласан

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-17

Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хэрхэн хяналт тавьдаг талаар Нийслэлийн боловсролын газрын Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтайванаас тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа вэ. Хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?  
-2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 123, төрийн бус өмчийн 94 нийт 217 сургуульд 1-5 дугаар ангийн буюу бага ангийн 152470 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Нийслэлийн хэмжээнд 2018 онд “Үдийн цай” хөтөлбөрт 13.2 тэрбум төгрөг төсөвлөөд үйл ажиллагаа явж байна. Төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг авч үзвэл нийт сургуулийн 81.3 хувь буюу 100 нь нийслэлийн өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулах замаар ажиллаж байгаа. 

-“Үдийн цай” хөтөлбөрт хэрхэн хяналт тавьдаг вэ? 
-Нийслэлийн боловсролын газрын зүгээс Нийслэлийн өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Захирагчийн ажлын алба, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль гэх мэтчилэн холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хичээлийн жилд нэг удаагийн нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Мөн дүүрэг болгон дүүргийн хэмжээндээ хяналт шалгалт зохион байгуулдаг. Тухайн сургууль буюу нэгж байгууллага дотоод хяналт шалгалтаар улиралд 3-4 удаа “Үдийн цай” хөтөлбөрт хяналт шалгалтыг зохион байгуулдаг байгаа. 

-Энэ онд хийсэн шалгалтад хэчнээн сургууль хамрагдсан бэ. Ямар зөрчил илэрсэн бэ? 
-2018 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтад нийт 219 байгууллага хамрагдсан. 2013 оны Эрүүл мэндийн сайдын 207 тоот тушаалаар хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг анх жагсаалтаар баталж, гаргаж ирсэн. Сүүлд 2018 оны долдугаар сарын 9-ний Эрүүл мэнд болон Боловсролын сайдын хамтарсан А/448, А/268 гэсэн хамтарсан тушаалаар сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн болон давс, чихэр, тосны агууламжийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж өгсөн хууль эрхзүйн акт гарсан. Үүний дагуу хяналт шалгалт явуулахад, энэ хичээлийн жилд нийт сургуулийн 18.8 хувь нь ямар нэгэн байдлаар хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулж байсныг тогтоосон. Гэхдээ өмнөх оны мөн үеэс 20.2 хувиар буурсан сайн үзүүлэлттэй байгаа. 2017 оны байдлаар нийт сургуулиудын 32 хувь нь хориглосон бүтээгдэхүүнийг зарж борлуулж байсан. Хяналт шалгалтын дараа зөвлөмж хүргүүлж, тогооч болон түрээслэгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд 20 хувиар буурсан. 

-Энд онд дахин шалгалт хийх үү. Эсвэл дараа онд хийх юм уу? 
-2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Энэ оны хувьд өмнөх хичээлийн жилд хангалтгүй ажилласан нийт 20 сургуулийн түрээсийн гэрээг цуцлаад дахин сонгон шалгаруулалт зарласан. Холбогдох байгууллагуудыг оролцуулаад Нийслэлийн боловсролын газраас ойрын хугацаанд сургуулиудын цайны газрын үйл ажиллагаа жигдэрсэн байдал болон “Үдийн цай” хөтөлбөрт хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Харин нэгдсэн шалгалтыг он гаргаад хоёрдугаар эсвэл гуравдугаар сард зохион байгуулахаар ажиллаж байна.   

-Хориглосон бүтээгдэхүүнд ямар, ямар хүнсний бүтээгдэхүүн байгаа вэ? 
-Их тосонд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн буюу хиамтай ороомог, хуушуур, пирошки гэх мэт зүйлүүд байдаг. Мөн чихэр, бохь, жигнэмэг, энгийн нүүрс ус ихтэй чихэр, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хориглодог. Үүнээс гадна хиам, хиаман бүтээгдэхүүнийг хориглож байгаа.