ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Жаргалсайхан: XXI зууны хүн төрөлхтний хийж байгаа зүйлийг монголчууд хийж чадахгүй гэж ярьж байгаа нь гутамшигтай

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-18

Хэдхэн хоногийн өмнө Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” хэмээх хоёр цахилгаан автобус үйлчилгээнд гарахаар болсон билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр очиж үндэсний үйлдвэрлээ дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобуснуудаа дотоодын үйлдвэрлэгч нараас авах бодлого барихыг үүрэг болгож байсан юм. Гэвч нийгмийн сүлжээнд “Энэ цахилгаан автобус бол Монголд үйлдвэрлээгүй. Хятадаас оруулж ирж, угсарсан автобус юм. Урд хөршид яг ийм цахилгаан автобус 110 мянган ам.доллар байхад энд угсарсан нэрээр үнэ нэмж зарлаа” хэмээн харьцуулсан зураг тавиад шүүмжилж, хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн. Тиймээс энэ талаар “МОН-30” автобусыг үйлдвэрлэгч, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.

-Та “МОН-30” нэртэй цахилгаан автобусыг үйлдвэрлэж, саяхан хүлээлгэж өглөө. Хоёулаа яриагаа энэ автобусны нэрнээс эхэлье л дээ. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ. Зарим хүмүүс У.Хүрэлсүх 30 дахь Ерөнхий сайд болохоор ийм нэр өгч шоудлаа гэж ярьж байна?

-Би Чех улсад инженер мэргэжил эзэмшин төгсөж ирээд 30 жил болж байна. Түүнийгээ бэлгэдээд өөрийнхөө хийсэн автобусанд нэр өгчихөж болно оо доо.

-Ингэж асуусны учир нь автобусаа хүлээлгэн өгөх ёслолд  Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлж оролцлоо. Харин нөгөө талд нийгмийн сүлжээнд яг үүнтэй ижил автобус урд хөршид 110-аад мянган ам.доллар байна. Манайхан 70, 80 мянган ам.доллар нэмээд зарж байна гэсэн хэлэлцүүлэг өрнөх боллоо. Тиймээс цахилгаан автобусыг үйлдвэрлэгчийн хувиар энэ талаар тодруулах гэсэн юм?

-Монгол Улсын Авто тээврийн тухай хуульд  “Нийслэлийн нийтийн тээврийг цахилгаан болон газын автобусаар явуулна” гэсэн заалт бий. Дээр нь “Авто тээврийн тухай төрөөс баримтлах бодлого” гэж байгаа. 
Түүнд мөн л хотын нийтийн тээврийг шийдэхдээ цахилгаан болон газаар шийднэ гээд тусгаад өгчихсөн. Гуравдугаарт, УИХ-аас 2014 онд баталсан “Ногоон хөгжлийн бодлого” гэж байгаа. Тэр баримт бичигт шинэ технологи, инновацийн буюу газын болон цахилгаан тээврийн хэрэгслийг нийслэл хотод нэвтрүүлж бий болгоно гээд заачихсан байдаг юм. Мэдээж ингэж заасан байдаг нь хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилготой.

Тэгвэл бодит байдал дээр өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт жижиг, дунд, том оврын нийлсэн нийтдээ 2000 орчим автобус явж байна. Гэтэл энэ том мөнгөн урсгал Солонгосын аж үйлдвэрийн салбарыг дэмжиж байна гэхэд болно. Үйлдвэрлэл явуулахгүйгээр тэндээс олж ирж энд зарах сонирхолтой хүмүүс ч байгаа. Авч ирж зарахад хэдэн хүн хэрэгтэй вэ. Ихдээ хоёр, гуравхан хүн биз дээ. Тэгвэл энэ их мөнгийг Монголдоо үлдээгээд 3000 орчим ажлын байр бий болгоод жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлээд дээр нь шинэ технологи, инновацийн цахилгаан автобус үйлдвэрлэх сонирхолтой хүмүүс ч байна. Ийм хоёр бүлэг хүмүүсийн хоорондын зөрчил нийгмийн сүлжээнд ил гарч байгаа юм шүү дээ. Энэ нь нөгөө бизнесийн эрх ашгаа булаацалдаж байгаа хэлбэр. Аль нь төр засгийн бодлого шийдвэрийг дэмжиж байгаа юм, аль нь улс орны эрх ашигт нийцэж байна вэ гэдгийг төр засаг, ард түмэн өөрсдөө харах хэрэгтэй.

-Хятадад явж байгаа автобус бол 110 мянга орчим ам.доллар байхад манайх өөрсдөө үйлдвэрлэж буй автобус нь яагаад 70-80 мянган ам.долларын зөрүүтэй байгаа юм бэ?

-Хятадад хоёр янзын үнэ байна. Тэр 110 мянган ам.доллар гээд байгаа чинь татаастай үнэ байхгүй юу. Ер нь үйлдвэрлэл хөгжсөн бүх орон үйлдвэрлэлээ дэмжиж төрөөс татаас өгдөг. Наашаа орж ирвэл мэдээж экспортын үнэ өндөр байлгүй яах вэ.  Тээврийн зардал, гааль, НӨАТ нэмэгдээд ирэхээр ялгаагүй болно. Манайх эндээ үйлдвэрлэхэд ч гэсэн үйлдвэрийн барилга байр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажилчдын цалин, банкны хүү, байрны ашиглалтын зардал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаатай холбоотой зардлууд, татвар гэж нэмэгдсээр байгаад л ийм үнэтэй болж байгаа. Туршилт судалгааны ажлууд гээд зөндөө зардалтай учраас ийм үнэлгээтэй байгаа юм. Зөвхөн жишээ болгоод хэлэхэд цахилгаан хөдөлгүүрийг ачааллын горимд удирддаг программыг худалдаж авахад хамгийн багадаа сая евро болно. Хоёр автобус хийсэн ч программ хангамж ийм үнэтэй болно, 2000 автобус хийсэн ч ийм үнэтэй манайд зарна. Харин цаашид биднийг татварын бодлогоор дэмжих юм бол цахилаан автобусны үнэ буурах боломжтой.

-Тэгэхээр таны хийгээд нийлүүлсэн автобус боломжийн үнэтэй байна гэсэн үг үү?

-Би энгийн жишээ татъя. Миний унадаг шиг 4-5 хүний суудалтай, 40кб батерейтай шинэ цахилгаан машин Монголд орж ирж байгаа үнэ нь 96 сая төгрөг байна. Гэтэл 150 хүн суудаг цахилгаан автобусны талаар бид ярьж байна шүү дээ. Хэд болох вэ гэдгийг та бүхэн ч бодоод олчихож болно. Мөн энд нэмээд хэлэхэд Хятадын бараа гурван түвшинд байдаг. Огт чанаргүй, дундаж, өндөр буюу европ руу экспорт гаргадаг гээд. Түүний хамгийн бага үнэлгээтэй, чанаргүй тэсэрч дэлбэрч мэдэх автобус нь тийм үнэтэй байгаа хэрэг.

-Би “Алибаба” руу орж нягталж харлаа л даа. Гаднаасаа бол таны хийсэн автобус, тэнд худалдаалж буй автобусны загвар яг адилхан юм. Харин дотоод талдаа монгол инженерүүдийн хийсэн цахилгаан автобусанд ямар давуу тал байна вэ?

-Өнөөдөр дэлхийд цахилгаан машин ерөнхийдөө халуун оронд зориулагдаж хийгдэж байгаа. Литюм батерей бол долоон төрөл байдаг. Тэгэхээр эхний ээлжид сэрүүн уур амьсгалтай манай нөхцөлд ямар батерей тохирох вэ гэдгийг сонгох хэрэгтэй болно. Тэр нь нэгдүгээрт үнэ өндөр, хоёрдугаарт жин хүнд. Ингэхээр үнэ өсөх сул тал үүсдэг. Батерейн жин нэмэгдэнэ гэхээр бид хөдөлгүүрийнхээ чадлыг нэмэх ёстой болно. Тэгэхээр хөдөлгүүрийн үнэ нэмэгдэнэ. Программ хангамж шинээр бичигдэнэ. Контролиц шинэ байх ёстой. Тормозлоход хийн систем 6мплаар тоормосны систем хангаж байхад бид 8мплаар хангаж байж машиныг зогсоох шийдэлтэй болно. Ийм зөрүүнүүд байгаа.

Ер нь -30 градуст явдаг цахилгаан автобус байхгүй. Москва хот хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлээд үндэсний хэмжээний баяр боллоо. Тэр автобусаа 280 мянган еврогоор буюу 350-аад сая ам.доллароор хийлээ. Гэтэл манайд баяр хүргэхийн оронд биднийг гөвж өгч байна даа. Энэ бол гутамшиг. Мөн загварын талаар хэлэхэд салхины шилний загвараас хамаарч хойших дизайнууд гарч ирдэг. Гэтэл Монголд хөрөнгө оруулалт хийгээд шил хийгээд өгөх газар байна уу, байхгүй. Тэгэхээр дэлхий нийтээрээ шилээ авдаг шилний үйлдвэрээс авч таарна. Магадгүй надаас баталгаатай 1000 автобус авна гэвэл манайд шил үйлдвэрлэдэг “Шилэн хийц”, “Авто шил” гэх мэт компаниудад захиалга өгөөд хэвийг нь оруулаад ирж болно. Бидний захиалгаар шил хийгээд өгнө.

-Одоо нийтийн тээвэрт явж байгаа дизель автобуснуудаас таны хийсэн автобус юугаараа давуу талтай юм бэ?

-Нийтийн тээврийн автобус жилд 46 сая төгрөгийн шатахуун түлш зарцуулдаг. Шатахуун дизелийн үнэ жилээс жилд нэмэгдэнэ. Манай цахилгаан автобус зургаа дахин хямд цахилгаан хэрэглэнэ. Дотоодын эрчим хүчээр буюу IV цахилгаан станцаас цахилгаанаа авна. Нийтийн тээврийн салбарын компаниудын зардлын 40 хувь нь зөвхөн шатахуундаа зарцуулдаг. Энэ зардлыг 6-7 дахин бууруулбал ямар вэ.

-Энэ автобусны баталгаат хугацаа, чанар стандартыг хаана шалгасан юм бэ?

-Монгол Улсын үндэсний стандартаар батлуулсан. Хоёрдугаарт, бид тавьж байгаа үндсэн агрегат дэд ангиуд бүгд гарал үүслийн гэрчилгээ, чанар стандартын шаардлага хангасан батламжтай бүтээгдэхүүн сонгож авдаг. Дурын нэг бүтээгдэхүүн сонгон авдаггүй юм аа. Дээр нь компьютерийн тусгай программуудаар карказ угсралт, бүх ачааллын тооцоог хийдэг болсон. Бидний хийсэн анхны троллейбус гэхэд 12 жил явж байна.

-Би яг энийг л асуух гээд байна. Манай стандартаар автобус нийтийн тээвэрт хэдэн жил явах ёстой вэ?

-Манайд бол Африкийн Зимбабве улсын түвшинд байгаа. 12 жил явах стандарттай.  Дэлхийн стандартаар бол найман жил л явах ёстой юм. Уг нь бол найман жил болоод парк шинэчлэл хийж байх ёстой.

-Та тэгэхээр энэ хоёр автобусанд гардаж хийсэн хүний хувиар 12 жилийн баталгаа өгч чадах уу?

-Ер нь бол жил 1.6 сарын баталгааг өгч байгаа. Цаашдаа энэ автобусны засвар, үйлчилгээг биднээр хариуцуулж явбал насжилт өндөртэй байна. Учир нь улс төрөөс хамаараад янз янзын хүн цахилгаан тээврийн даргаар томилогдож очоод байдаг. Эко автобусанд “евро5” түлш хийх ёстой байхад “евро2” түлш хийгээд түлшний системийг нь бохирдуулаад эвдэж байна. Мэргэжлийн бус хүмүүсийг тэнд томилоод байвал энэ автобуснууд сүйрнэ.

-Ерөнхий сайд сая очихдоо дэмжихээ илэрхийлсэн цаашдын чинь зорилго?

-Энэ цахилгаан автобусууд бол загвар байхгүй юу. Олноор хийх хэрэгтэй. Эхлээд нийтийн тээвэрт явдаг 1000 автобусны талаар ярьж байна шүү дээ. Дараа нь хот хоорондын автобус, дараа нь 117 мянган ачааны машин, дараа нь Монгол Улсад байгаа 680-аад мянган суудлын машины асуудал ярьж байна.

-За өнөөдөр Улаанбаатар хот та бүхэнтэй 500 автобус хийлгэх гэрээ байгуулъя гэж бодъё. Тэгвэл танай компанийн хүчин чадал хүрэх үү, бид хийж чадах түвшинд байгаа юу?

-Өнөөдөр Монголд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн “Экобус”, “Монгол машин байгууламж”, “Монгол машин индустрал”, “Эрдүү” зэрэг машин үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд байгаа. Тэд нийлэхээр 20-оод мянган квм талбайтай байна. Энэ газрууд жилдээ 500 биш юм гэхэд 300 автобусыг үйлдвэрлэж гаргах хүчин чадалтай. Сард 25 автобус үйлдвэрлэж чадна гэсэн үг шүү дээ.

-Ер нь итгээд захиалга өгчих юм бол чадна л гэсэн үг үү?

-XXI зууны оюунлаг хүн төрөлхтөн хийж байгаа зүйлийг монголчууд хийж чадахгүй гэж үзээд, бид энд ийм үг яриад сууж байна гэдэг сонсохоос ч гутамшигтай байгаа юм. Бараг ярихгүй байсан нь дээр.

-Бид машин үйлдвэрлэж байсан туршлагагүй учраас л үл итгээд байна?

-Социализмыг битгий үгүйсгэ. Тэр үед бид хийж эхэлж байсан юм. Том, том үйлдвэрүүд дампуураад алга болчихсон учраас та нар тэрийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Ачааны машин хийж байсан. Чиргүүл хийж байсан.

-Улаанбаатар хот худалдан авалт хийх хандлага ямар байна. Ерөнхий сайд үүрэг өгсөн боловч яг шийдсэн зүйл байхгүй байгаа биз дээ?

-Хүн бүр л эх орноо хөгжүүлэх итгэл үнэмшил, үзэл санаатай байх хэрэгтэй. Үйлчлэгчээс эхлээд бүх ажилчид нь бүх дарга, захирал нь эх орноо хөгжүүлэх үзэл санаатай байх ёстой юм. Түүнээс ганцхан Д.Жаргалсайханы асуудал биш байхгүй юу. Би улс орны хөгжлийн зарчмын асуудал ярьж байна. Энэ асуудлыг шийдэхэд ийм гаргалаа байна гэж 20 жил би бодитоор нь үзүүлээд хийгээд ирлээ. Бүх стандартуудыг гаргаад экспортлоод явж байна. Д.Жаргалсайхан энд ямар ч падлийгүй. Энэ монголчуудын хөгжлийн эрх ашиг байхгүй юу. Хөгжлийн эрх ашгийн төлөө МАН-ын мөрийн хөтөлбөрт дотоодын үйлдвэрлэлээс 400 автобус авна гээд заачихсан байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч байгаа, хотын даргын "Аз жаргалтай Улаанбаатар" мөрийн хөтөлбөрт ч байгаа. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мөрийн хөтөлбөрт байгаа ажлаа ажил хэрэг болгооч гэж хэлээд байгаа юм.

-Сэтгүүлч хүнийхээ үүднээс асуухгүй өнгөрч болохгүй зүйл байна. Зарим хүний хардаад байгаа шиг урд хөршид 110 мянган доллар гэж буй зүйлийг та бүхэн дунд нь ченж хийгээд 70-80 мянган доллар нэмээд зараад байгаа юм биш биз?

-Тэгэхээр ийм байхгүй юу. Тэр хүмүүс үнэхээр тэгж ашиг хийгээд аймаар гоё бизнес гэж бодож байгаа бол энэ салбарт хөрөнгө оруулалтаа хийгээд өрсөлдөөд, энэ мөнгөө ав л даа. Чөлөөтэй шүү дээ.

-Тэндээс автобусаа оруулж ирээд шах гэж үү?

-Үгүй ээ. Үйлдвэрлэх тухай яриад байна. Импортлохыг бол эрс эсэргүүцнэ. Энд үйлдвэрлээд зар л даа. Тэгвэл Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл дэмжинэ. Машин байгууламжийн салбар луу хөрөнгө оруулалт хийгээд, энд үйлдвэрлэл хөгжих тусам баярлах болно. Би өрсөлдөгч гэж харахгүй. Улс орны хөгжлийн төлөө зүтгэгч гэж харна. Тиймээс дэмжинэ. Харин доллар гадагшлуулж, бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэх юм бол ясаа цайтал үзнэ.

-Та сүүлийн 30-аад жил Монголд машин үйлдвэрлэнэ гэж явлаа. Ер нь хувь хүнийхээ үүднээс яг юу бодоод байгаа юм бэ?

-Миний өссөн орчин, аав ээжийн хүмүүжүүлсэн байдал, хар нялхаасаа гадаад сургуульд төгсөөд, ард түмэндээ тусыг хүргэх хүсэл гээд их олон зүйлтэй холбоотой. 1983 онд Чех руу сургуульд явж байхад Тээврийн яам, төлөвлөгөөний комисс гэх мэт байгууллагууд биднийг дуудаж оруулж ирээд л тангараг өргүүлж байлаа. Улс орондоо аж үйлдвэржилтийн хувьсгал хийнэ. Тэр европоос шинэ технологи бүгдийг сурч ир гээд тангараг өргүүлээд явуулж байлаа.  Би тэр тангартаа л үнэнч байгаа. Тэр итгэл үнэмшил үзэл санаагаараа явж байгаа. Зүгээр л жишихэд Батынх гээд айл байлаа. Тэр айлын хамгийн их мөнгө зарлагаддаг зүйл нь байр, машин худалдаж авахад мөнгө зарж байгаа.

Түүнийг томсгоод монгол гэдэг айлыг харахад хамгийн их мөнгө зардаг зүйл нь мөн л нефть хий, машин эд анги сэлбэг хэрэгсэл. Энэ хоёр дээр л хамгийн том ам.долларын мөнгөн урсгал гадагшаа явж байгаа байхгүй юу. Энэ гадагшаа урсгаж байгаагаа л зогсоогоод Монголд үйлдвэрлэл, ажлын байр бий болгочих юм бол төгрөгийн ханш чангараад ам.долларын ханш сулрана шүү дээ. Би хүүхдүүдээ зөв нийгэм үлдээчихмээр байна шүү дээ. Гол нь түүний төлөө явж байгаа. Тэгээд ч ямар инженер хүн мал маллаж, тариа тарьж, наймаа хийлтэй ч биш. Төрийн албанд орж худлаа үнэн ярьж явалтай биш. Хийх ёстой сурсан мэдсэн, чаддаг юм аа л хийнэ шүү дээ.