ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүдэд төсөвлөсөн таван тэрбумаар 375 жижиг үйлдвэр барьж болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-18

Төрсөн өдрийн баярын бялууг хуваахад хүн бүхэнд ижил тэгш хүртээдэг нь жам ёсных. Мэдээж төрсөн өдрийн эзэн гэдэг утгаараа нэг хүн илүү хүртэх нь тодорхой. Яг тэр жаяг ёсоор 2019 оны төсөв буюу найрын ширээнд тавьсан “бялуу”-г ижил тэнцүү хуваах их ажил Төрийн ордонд өрнөж ид байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ өдрүүдэд баярын гол дүр, төрсөн өдрийн эзэн болжээ. Тиймдээ ч бялуугаа ижил тэгш хүртээх, илүү томыг өөртөө авахын тулд баян айлын эрх бацаан шиг л цамаан загнах болов. 2017, 2018 оны төсвөөс даруй хоёр дахин их буюу 11 их наядын төсөв оруулж ирж, баярхлаа. Харин баяр дууссаны дараа гаргасан төсвөөс нь сох дутах хоёр их наяд төгрөгийн зарлагыг тэр хаанаас олохоо мэдэхгүй. Туйлахыг мэдэхээс хэмнэх тухай ойлголт түүнд суугаагүй учраас, гуйлга гуйж олно уу, өр зээл тавих уу гэдэг нь сонин биш. Яг л эрх бацааны шинж, энэ улсын Сангийн сайдаас илэрч байна. Төрсөн өдрийн эзэн том айлын санхүүг атгаж буйн хувьд дураар дургиж байгаа.

Найранд уригдсан 76 хүн тус бүрт таван тэрбумыг тасалж өгөв. Бялууны зүсмээрээ тэд байшин өрөх үү, балгас барих уу гэдэг нь Сангийн сайдад түй ч хамаагүй. Суудалдаа бат шигдэж, сууриа бэхжүүлж авах л чухал байсан учраас хэзээ мөдгүй хамраараа газар хатгаж, хаанаас мөнгө олохоо мэдэхгүй таг гацах Монгол Улс гэх их айлын зовж олсон мөнгийг баруун солгойгүй цацах ажлыг өрний тухай жиргэдэг шиг ээ тун ч сурамгай хийж байх юм. Гишүүдийн тойрог бүрт өгсөн таван тэрбум өдгөө УИХ-д төсөв хэлэлцэхээс ч чухал асуудал болчихжээ. Манай тойрогт яагаад гурван тэрбум байгаа юм. Танай тойрогт яагаад 26 тэрбум /Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт 52 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд эндээс өөрийнх нь сонгогдсон тойрогт 26 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэх аж/ байна вэ гэсэн мөнгөний хэрүүл гарч эхлэв. Энэ мөнгийг зөвтгөж харвал сургууль, цэцэрлэг, сумын засаг захиргааны байр болох юм гэнэ лээ. Гэвч, сууриа цутгаад таг гацахгүй гэсэн баталгаа алга.

Нэгэн сэтгүүлчийн бичсэнчлэн 21 аймаг, 360 суманд баахан тууз хайчлах ажил болоод өнгөрөх вий дээ. Гэтэл нийслэлд 36 мянган барилга эзнээ хүлээж, улсын хэмжээнд нийтдээ гурван тэрбум ам.доллар барилгын салбарт царцчихаад байгаа. Дархан, Эрдэнэтийн там болсон зам дээр өдөрт хэдэн арваараа хүн амиа алдаж байна. Мал, махаа борлуулж чадахгүй малчид дотооддоо үйлдвэртэй болох мөрөөдөлтэйгөө насыг барж байна. Ийм чухал зүйлд оруулах мөнгийг тэд соёлын төв, тамгын газрын байр, сум руу очих зам тавих нэрийдлээр үрж дуусгах нь хэрхэвч зөвтгөх зүйл биш юм. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулалт хэлбэрээр тавигдсан 1.2 их наяд төгрөгөөс гадна орон нутгийг хөгжүүлэх санд тавигдсан 186 тэрбум төгрөгөөр бид юу хийж болох байсан бэ.

Энэ бол яндангийн шүүлтүүрийн 54 тэрбумаас ч чухал болоод байна. Орон нутагт нэн чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг тавьчихаад байхад дахиад гишүүн тус бүрт тав, орон нутагт нь 186 тэрбум, түүхий нүүрсний татвар болох 860 гаруй сая төгрөг, ашигт малтмалын татварын 33 тэрбумыг мөн орон нутаг захиран зарцуулах аж. Гишүүдийнх нь халааснаас гадна орон нутагт өгсөн энэ мөнгөөр нийслэлд хэдэн айлыг орон сууцтай болгож, мөн сонгуульд зориулж гишүүдийн тойрогт өгсөн 375 тэрбумаар нэн чухал юу хийж болохыг уншигч танд илүүг нуршихгүйгээр тоон баримтаар хүргэе.