ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Болормаа: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан журамд өөрчлөлт оруулах шаардлага байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас санаачлан “Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-г  гаргажээ. Хотод шилжин ирж байгаа иргэдэд тулгардаг асуудал болоод тэдний эмзэг байдал юу болох талаар МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төвийн захирал, судалгааны багийн ахлагч Ц.Болормаагаас тодрууллаа.

-Шилжин ирэгсдийн эмзэг байдалд ямар хүчин зүйлүүд багтаж байна вэ?
-Улаанбаатар хотод суурь­шин амьдрахад тулгардаг хүндрэлүүдийг ерөнхийд нь эмзэг байдал гэж нэрлэж байгаа юм. Хөдөө орон нутгаас хот руу шилжин ирэх шалтгаан нь голдуу амьдралаа дээшлүүлж, ажилтай, орлоготой болох гэсэн хүсэл байгаа юм. Гэтэл нөхцөл байдал анх хотод ирэхдээ төсөөлж ирсэн шиг байдаггүй. Яг ийм шалтгааны улмаас нийслэлд суурьшин амьдарч байгаа мөртлөө албан ёсны бүртгэлгүй өрхүүд олон байна. Тэдний хувьд албан ёсны бүртгэлгүй учраас ажилд ороход хэцүү. Мөн бүртгэлгүйн учраас  нийгмийн халамж болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог. Санхүүгийн эмзэг байдал гэхэд л бүртгэлгүй, ажилгүй иргэн банкнаас зээл авах боломжгүй, санхүүгийн ямар нэг үйлчилгээ авахад хүндрэлтэй байх гээд олон бэрхшээл байна. Энэ мэт олон хүндрэлүүд байгаа нь ядуурлын тоог нэмэгдүүлэх гол шалтгаан нь болж байна гэж дүгнэсэн байгаа.

-Судалгаанд хэчнээн хүн хамрагдсан бэ. Тэдгээр хүмүүсийн хэд нь бүртгэлгүй байсан бэ?
-Зөвхөн Улаанбаатар хотоос 400 өрх хамрагдахад 50 гаруй хувь нь буюу 200 гаруй өрх бүртгэлгүй байсан. 

-Бүртгүүлэхгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ?
-Хамгийн гол шалтгаан бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан 2020 он хүртэл нийслэлд ирэх шил­жин ирэгсдийн хөдөлгөөнийг хязгаарласан хориг байгаа юм. Бүртгэлгүй байгаа иргэдийн 70 гаруй хувь нь энэ шалтгаанаар бүртгүүлээгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Үүнээс гадна хотод ажил олдохгүй, амьдрал дээшлэхгүй бол эргээд хөдөө орон нутаг руу буцна гэсэн бодолтой байгаа учраас бүртгүүлээгүй гэх шалтгаан ч голлох хувийг эзэлж байгаа.

-Улаанбаатар хотоос хол буюу захын сумдаас шилжин ирэх хүмүүс хэр их байна вэ?
-Монгол Улсын 21 аймгаас шилжиж ирсэн байгаа. Сэлэнгэ болон, Дорноговь аймгуудад хийсэн судалгаанаас үзэхэд тэндхийн иргэд ихэвчлэн Замын-Үүд хот руу шилждэг.  Байнгын биш ч гэсэн богино хугацааны хөдөлгөөнүүд их байсан. 

-Хотод шилжин ирэх зайлшгүй шаардлагатай байгаа иргэд хэд байгаа бол?
-Шаардлага гэхээсээ илүүтэй судалгаанд оролцсон хүмүүсээс өөр тийшээ шилжих бол хаашаа шилжих хүсэлтэй байна вэ гэж асуухад дийлэнх нь буюу 80 орчим хувь нь Улаанбаатар хот руу шилжинэ гэсэн хариултыг өгч байсан. Гэтэл 2020 он хүртэл шилжин ирэх боломжгүй байгаа. Тиймээс энэ хоёр асуудлын хооронд зөрчилдөөн нэлээд гарах байх. 

-Улаанбаатар хотод тогт­мол ажилтай мөртлөө 2020 оны хязгаарлалтаас болоод албан ёсоор шилжиж ирээгүй иргэн олон байгаа?
-Тоон судалгаагаар бол ийм мэдээлэл аваагүй. Харин чанарын судалгаагаар бүртгүүлэхгүй байгаа шалтгаа­ны дийлэнх хувь нь яг ийм шалтгааныг хэлж байсан. Үүнээс гадна хөдөө орон нутаг руу явсан иргэд тэндээ бүртгүүлээгүй байх тохиолдол их байна. Шалтгаан нь мөн 2020 оны хязгаарлалттай холбоотой байсан. Хөдөө орон нутагт амьдрах нөхцөл хүнд байвал эргээд Улаанбаатар хот руу шилжиж ирэх болбол хязгаарлалт тавьсан учраас болохгүй. Тиймээс бүртгүүлэхгүй амьдарч байгаа иргэд их байгаа. Тэдэнд мөн л нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс эхлээд тулгарах хүндрэл олон байна. 

-Шилжигчдийн эмзэг байдлын гол шалтгаан нь 2020 оны шилжих хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гэж ойлголоо. Тэгэхлээр танайхаас судалгааны үр дүнд тулгуурлан энэ захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргах уу?
-Бид судалгааны үр дүнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцуулсан байгаа. Хүсэлт гаргахаас илүүтэй бид судалгааны үр дүнд тулгуурласан зөвлөмжүүдийг гаргасан. Эдгээр зөвлөмжүүдэд уг захирамжид уян хатан байдлыг тусгах гэсэн заалт байгаа. 

-С.Батболд дарга ямар хариу өгсөн бэ?
-Зөвлөмжүүдтэй танилцаад биелүүлэх боломжгүй заалт байхгүй байна гэж байсан. Судалж үзээд зайлшгүй шаардлагатай гэвэл журмыг дахин нэг харж болно гэсэн хариуг өгсөн.