ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөрчил гаргасан жолоочийг замын цагдаа болгоё

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

Цагдаа нарыг бид хүндлэх хэрэгтэй юм. Тэд замын хөдөлгөөнийг зохицуулж, дүрэм журам мөрдүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг. Таны эрүүл мэнд, элэг бүтэн амьдралд санаа тавьж ажилладаг юм. Тэд бидэнтэй л адил ажлаа хийж яваа хүн. Элдвээр хэлж, харааж зүхэх хэрэггүй. Даргын тушаалыг л биелүүлдэг тангараг өргөсөн төрийн албан хаагч. Жолооч нараас мөнгө төгрөг авахдаа гол нь биш дүрэм журмаа мөрдсөнөөр аюулгүй зорчих, ямар нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулах гэж л анхааруулж хэлдэг билээ.

Та өөрөө буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх нь чухал шүү дээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэсэн үг байдаг даа. Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Халуун наранд хөлсөө гойжуулж, хүйтэнд хөлдөх шахам зогсдог цагдаа нарыг яагаад хайрлах ёстойг та эндээс мэдрэх байлгүй. Өөрт тохиолдоогүй зовлонг хэн ч ойлгодоггүй. Өөрийн биеэр туулж байж л ойлгодог. Тийм учраас гадаадын өндөр хөгжилтэй орнуудад зөрчил гаргасан жолооч нарыг нийгэмд хэрэгтэй хөдөлмөр эрхлүүлдэг байх.

Цагдаа нарын хийдэг ажил ямар хэцүү байдгийг жолооч нарт яагаад мэдрүүлж болохгүй гэж. Зөрчил гаргасан жолооч нарыг торгож, хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна 12 юм уу, 24 цаг замын хөдөлгөөн зохицуулдаг цагдаа болгочихмоор юм. Тэгж байж л цагдаа нарын ажил ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүс арай өөрөөр хандах болов уу. Зөрчил гаргасан жолооч та замын цагдаа болоод үз.