ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөд солонгост хууль бусаар оршин суугчдын тоо 251 мянгад хүрчээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

Сүүлийн үед БНСУ-д хууль бусаар оршин суух иргэдийн тоо огцом өсч, 2018 оны наймдугаар сарын сүүлчийн байдлаар 335455-д хүрчээ. Тус улсын Хууль зүйн яамнаас 2016 онд Солонгос Улсад хууль бусаар оршин сууж буй иргэд 208917 байсан бол 2017 онд 251041-д хүрсэн талаар мэдээлсэн байна. Ийнхүү хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийн тоо ихэсч байгаатай холбогдуулан тус улсын Хууль зүйн яамнаас тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, барилга, зам засварын ажил зэрэг ажлын байруудад нэн тэргүүнд хяналт тавьж эхэлсэн байна. Тус ажлын байранд ажиллах явцад баригдсан хууль бус оршин суугчдыг улсын хилээр албадан гаргах арга хэмжээ авахаар болжээ. Мөн хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг олон тоогоор удаа дараа ажиллуулсан ажил олгогч, зуучлагчдад торгууль ногдуулах, тухайн ажил олгогч, брокерын нэрийг олон нийтэд ил болгохоор болжээ.

Солонгос Улсын хилээр орж ирэхээс өмнө иргэдэд урьдчилан виз болон хилээр нэвтрэх шалгалт хийх юм байна. Энэ хүрээнд хууль бусаар ажиллах магадлалтай иргэдийг ангилж, виз олгохоос татгалзах болон визгүй зорчдог улсын иргэдээс хууль бусаар ажиллах магадлал өндөр гадаад иргэдийн хувьд улсын хилээр нэвтрэх шалгалтыг өндөржүүлэхээр болсон байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж эхлээд байгаа аж. Тодруулбал, визний хугацаа дууссан иргэдийг 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд сайн дураар Солонгос Улсаас гарсан тохиолдолд тухайн улсад дахин зорчихыг хориглосон арга хэмжээнээс чөлөөлөгдөх боломж олгожээ. Энэхүү аянтай зэрэгцэн шалгалтын ажиллагааг идэвхжүүлж буй бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа аж.