Нийслэл хотод эрчим хүчинд холбогдож чадаагүй, мэдээллийн эрин зуунаас хол хоцрогдож байгаа цөөнгүй хороод бий. Тэгвэл өчигдөр 300 орчим айл өрхийг гэрэл цахилгаантай болгосон баяртай үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хоёр жилийн турш хөөцөлдсөний дүнд ийнхүү 3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүд найдвартай, тасралтгүй хангагдах эрчим хүчтэй юм. Уг ажлыг хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар “Да хот” компани хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ийн 1.73 км агаарын шугам, 10 кВ-ийн 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ийн 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна. Ийнхүү өмнө нь зурагт, хөргөгч, индүү, угаалгын машин гээд амьдралын наад захын хэрэглээгээ хангах цахилгаангүй байсан айл өрхүүд эрчим хүчтэй болсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.
УИХ-ын гишүүний зөвлөх Ж.Одбаяр “Бидэнд найдвартай эрчим хүчтэй болох хүсэлт маш олон иргэдээс ирдэг. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдсон тойргийнхоо иргэдээ эрчим хүчээр хангах асуудлыг ажил хэрэг болгох үүднээс хоёр жилийн хугацаанд хөөцөлдөж, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран өнөөдөр олон өрх гэрэлтэй боллоо. Энэ ажилд Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний хөгжлийн төв, УБЦТС болон “Да хот” ХХК-ийнхандаа талархал илэрхийлье” гэв.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2000 орчим айл цахилгаангүй амьдарч байгаагаас өнөөдөр 300 орчим нь ийнхүү эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож буйг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Цаашид ч мөн энэ ажил үргэлжилж, ойрын хоёр жилдээ багтааж үлдсэн өрхүүдийг эрчим хүчинд холбох боломж бүрдэнэ гэв. Түүнчлэн Засаг дарга эрчим хүчээ дагаад хөгжил ирж байна. Тиймээс айл өрхүүдийг шөнийн эрчим хүчний тарифаа ашиглан утааг бууруулах арга хэмжээ авах, байшингаа сайтар дулаалахыг захисан юм.