ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Би төсвийг ашигтай байлгахын төлөө ажиллаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанд оролцож буй гишүүдийн асуултыг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Орон нутагт нэлээд эрх мэдэл шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Ямар хэмжээний хөрөнгийг орон нутагт шилжүүлж байгаа вэ? Аймаг тус бүрээр нь хэлэх боломж байна уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Урсгал зардлыг орон нутагт шилжүүлэх төсөл боловсруулсан. Ер нь хөрөнгө нь нэг газар, урсгал зардал нь өөр газар байх юм бол дундаас нь шамшигдуулдаг байдал тасрахгүй. Тиймээс ийм өөрчлөлт хийсэн. Орон нутагт 158 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлж байгаа. Харин шинээр баригдаад орж байгаа хөрөнгө оруулалтыг тусдаа суулгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Өнөөдөр орон нутагт 158 тэрбум төгрөгийн шилжүүлж байна гэж байгаа ч хийх ажил, хөрөнгө мөнгийг нь шилжүүлсэн л хэрэг шдээ.  Ер нь орон нутаг өөрсдөө төсвөө бүрдүүлж, хэрхэн захиран зарцуулахаа шийддэг болговол бодит шинэчлэл юм. Тэгэхээр орон нутгийн төсвийн шинэчлэлийг хэзээ оруулж ирэх вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Агаарын бохирдлын эсрэг хөрөнгө оруулалтын 50 хувийг, ашигт малтмалын лиценз олгох нийт эрхийн 50 хувийг, газрын тосны орлогын 50 хувийг орон нутагт үлдээнэ. Энэ хуулийг 2018 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Одоо УИХ дээр байгаа. Таны зарчмын байр суурийг бүрэн дэмжиж байна. Орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг, захиран зарцуулдаг байж хөгжинө.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Малчид яаж хөдөлмөрлөдгийг та нар мэдэхгүй. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг хэвээр байлгамаар байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Нийгмийн даатгалын сан /НДС/ -гийн тогтолцоо 1995 онд үүсч бий болсон. Үүнээс өмнө төр бүгдийг хариуцаж байсан. 2015,2015,2017 онуудад НДС-д хоёр их наяд төгрөгийн татаасыг улсын төсвөөс өгсөн. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр НДС алдагдалтай байгаа юм. Бодит амьдрал дээр олон жил хөдөлмөр эрхэлсэн багш, эмч, сувилагч НДШ төлөөд яваад байдаг. Гэтэл үүний цаана янз бүрийн сэдэлтэй хүмүүс орж ирээд, хуурамч бичиг баримт бүрдүүлээд өндөр тэтгэвэр аваад байгаа нь үнэн. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг дахиад нэг жилээр хойшлуулах санал оруулж ирж байгаа юм. Би бол Монгол Улсын иргэн, Монгол Улсын Сангийн сайд. Тиймээс улсын төсвийг ашигтай байлгахын төлөө ажиллаж байна.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.