ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэргийн болон техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сергей Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан, энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлжээ.

Ерөнхий сайд “Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг” хэмээн хэлсэн байна.

У.Хүрэлсүх сайд цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Сергей Шойгугаас хүсчээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ.