ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дархлаажуулалтын 10 хоног” маргааш эхэлнэ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-19

Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ сарын 20-30-ныг хүртэл улс орон даяар “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор зохион байгуулах аж. Жил бүрийн тавдугаар, аравдугаар сард “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах юм байна. Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг байна. Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг юм. Тухайлбал, дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртэлх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг долоон төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байгаа аж. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг байна.