ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Цэндсүрэн: Хамрын дусаалга тархины судсыг агшаах аюултай

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-22

Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу хамрын гамрит өвчний талаар “Сонгдо” эмнэлгийн Чих, хамар, хоолойн их эмч М.Цэндсүрэнтэй ярилцлаа. 

-Хамрын дайвар хөндийн үрэвслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бидний нэрлэж заншсанаар хамрын гамрит өвчнийг хамрын дайвар хөндийн үрэвсэл гэж нэрлээд байгаа юм. Хүний хамар дөрвөн хос найман дайвар хөндийгөөс бүтдэг. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Тэдгээр хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хамар битүүрдэг. Ингэснээр хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг.

-Хамрын дайвар хөндий үрэвссэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ. Өвчилсөн эсэхээ яаж мэдэх юм бол?

-Хамгийн түрүүнд хамар битүүрнэ. Өтгөн ногоон нус юм уу шаргал ялгадас гардаг. Тэр ялгадас хамраар гарахаас гадна, нармай руу татагдан, нулимж гаргадаг байж болно. Түүнээс гадна үнэрлэх мэдрэмж өөрчлөгддөг. Зарим хүмүүст өөрт нь  эвгүй үнэр үнэртэх юм уу амтагдаж болно. Бүр хурц үедээ бол тонгойход нүүрний яс руу, ялангуяа шанааны яс руу өвддөг. Мөн толгой өвдөх, халуурах, зовхи хавагнах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

-Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?

-Маш олон шалтгаантай. Хүн амын шигүү суурьшил, агаарын бохирдол, хуурайшилт, утаа зэргээс шалтгаалан чих, хамар, хоолойн өвчлөл, амьсгалын дээд замын халдвар сүүлийн үед элбэгшиж байна. Ялангуяа хүйтэн сэрүүний улирал болон улирал шилжих заагт хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл ихсэх боллоо. Бид ханиад хүрч, хамар битүүрч эхлэх үед тохирсон эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд анатомын бүтцийнхээ хувьд эмгэг биш бол тодорхой хугацааны дараа өөрөө  эдгэчихдэг. Харин анатомын бүтцийнхээ хувьд эмгэг, хэвийн ажиллаж чадахгүй байгаа бол тухайн ханиад томуутай холбоотойгоор үрэвсэл, халдвар эхэлж, түүнийг буруу эмчилснээс зөвхөн хамрын үрэвсэл биш, хамар дайврын үрэвсэл буюу гамритад шилждэг. Өөрөөр хэлбэл тохирсон дусаалга хэрэглээгүйгээс, антибиотикоо зөв сонгож хэрэглээгүйгээс, эсвэл эмчийн зааврын дагуу хэрэглээгүйгээс үүдэн хамрын дайвар хөндий үрэвсдэг юм. Өвчтөнөөс өөрөөс нь шалтгаалах эрсдэлүүд их байгаа. Жишээлбэл, хамрын дусаалгыг тогтмол хэрэглэх, тохиромжгүй дусаалга сонгох, архи тамхины хэрэглээ, усан спортоор хичээллэх, амьтан тэжээх, удаан хугацаагаар ханиадтай байх зэрэг хүчин зүйлүүд хамрын дайвар хөндийн үрэвсэлд хүргэдэг гол шалтгаанууд болдог юм.  Хамар гэдэг агаарыг бүлээсгэх, шүүх, чийгшүүлэх, дамжуулах үүрэгтэй эрхтэн. Гэтэл эдгээр үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, бүтцийн юмуу үйл ажиллагааны гаралтай шалтгаанаар дайвар хөндийн үрэвсэл үүсдэг гэсэн үг.

-Хамрын үрэвсэл халдварлах уу?

-Хамар, дайвар хөндийн үрэвсэл халдварлахгүй.  Харин ханиад томууны гаралтай, зөвхөн хамарт нь үрэвсэл явагдаж байх үед томуугийн вирус халдварлаж болно.

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хамар битүүрснээс л үндсэндээ үрэвсэл үүсдэг. Хамар битүүрэх маш олон шалтгаан байна. Хамар битүүрч байгаа шалтгааныг бүтцийн болон үйл ажиллагааны гаралтай гэж хоёр хуваадаг юм.  Бүтцийн шалтгаан гэдэг нь хамрын муруйлт, хамрын гэмтэл, ур, төрөлхийн гажиг, мэс заслын үеийн гэмтэл, нармайн гүйлсний томрол, самралдгийн томрол, ховор тохиолдолд хамрын дайвар хөндийн хавдар, шүдний халдвар зэргийг хэлнэ. Харин үйл ажиллагааны гаралтай хамар битүүрэх шалтгаанд нян, вирус, мөөгөнцөрийн халдвар, харшлын үед дархлаа сулрах, хамрын хөндийн цочмог үрэвслийг хожуу оношлох, өвчилсөн үедээ тохирсон эмчилгээ сонгоогүй, хамрын дусаалгыг буруу хэрэглэсэн зэрэг хүчин зүйлүүд орно. Эдгээрээс үүдээд хамрын үйл ажиллагаа хямарч, битүүрнэ.  Бүтцийн хувьд засах боломжгүй өөрчлөлтүүдээс шалтгаалан хамар битүүрсэн үед эхлээд дайвар хөндийн үрэвслийг эмчлээд, битүүрэлд хүргээд байгаа шалтгааныг олж,  мэс заслын аргаар эмчилнэ. Үйл ажиллагааны гаралтай хамар битүүрэлтийн хувьд  үрэвслийг нь эмчлээд хамрын битүүрэлтийг багасгасан нөхцөлд дайвар хөндий үрэвсэхгүй.

-Энэ төрлийн үрэвсэл, хамрын гамрит өвчин манай улсад хэр их байна вэ. Танай эмнэлэгт өдөрт хэчнээн хүн ийм шалтгаанаар эмчлүүлж байгаа вэ?

-Сүүлийн үед хамар битүүрэлт элбэгшиж байгаа. Энэ нь миний дээр дурьдсан агаарын бохирдол, хуурайшилт, угаалгын шингэний янз бүрийн бодис зэргээс шалтгаалж байгаа юм. Гэвч түүнийг хамар битүүрч байх шатанд нь мэргэжлийн эмчид хандаагүйгээс болж хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гамрит болоод байгаа юм. Хамрын дайвар хөндийн үрэвсэл хүндрэх аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй. Манай эмнэлгийн хувьд долоо хоногт үйлчлүүлж байгаа хүмүүсийн 30-аас дээш хувь нь зөвхөн хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй байгаа. Хамрын дайвар хөндийн үрэвслийн хурц шатанд хагалгааны тухай яригдахгүй. Эхлээд 14 хоног эмчилж, зовиур нь дарагдаж, ялгадас нь татарсан үед дурангийн хагалгаа хийдэг. Дурангийн хагалгаа хийхдээ эхлээд муруйсан таславчийг тэгшлээд, томорсон самалдгаа багасган, хамрын дайвар хөндийн хамрын нүхтэй харьцаж байдаг хөндийг дурангийн аргаар томсгоод дотор талд үрэвссэн ялгадас, шүүрлийг дурангаар цэвэрлэдэг. 

-Танай эмнэлэг энэ төрлийн хагалгааг хэр их хийв?

-Манай эмнэлэг 2014 оноос хамрын дайвар хөндийн мэс заслыг дурангаар хийдэг болсон. Манайх хамрын хагалгааны 80-85 хувийг нь дурангаар хийдэг юм. Харин хамрын гамритад  100 хувь дурангийн хагалгааг хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт 55 настай, хоёр жил дараалан гамритаар өвдсөн гадаад улсад амьдарч байгаад ирсэн эмэгтэй хагалгаанд орноо. Тэр өвчтөний хувьд хамрын нэг талын дайвар хөндийнүүд бүгд үрэвссэн байсан. Хамрын хөндий буюу шанааны ясны хөндий, этмойд хөндий  хоёрын үрэвслийг дурангаар цэвэрлэхэд харьцангуй хялбар хэдий ч  тухайн өвчтөний хувьд суурийн хөндий буюу тархины ясанд хамгийн ойрхон байсан хөндийг дурангийн аргаар нээж, тэнд байсан их хэмжээний идээг авч, тархины идээт хүндрэлээр хүндрэх гэж байхад нь аварлаа. Хагалгаа амжилттай сайн болсон. 

-Өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?

-Биеийн байдал нь сайн байгаа. Хагалгаанд орсон өвчтөнүүд 48-72 цагийн дараа эмнэлгээс гардаг бол тухайн өвчтөний хувьд тархинд ойр их хэмжээний үрэвсэлтэй байсан учраас эмийн эмчилгээ хийлгэж, одоогоор хяналтад байна. 

-Ийм хагалгаа хэр их хийдэг вэ?

-Төвлөрсөн том эмнэлгүүдийн чих, хамар, хоолойн тасгууд энэ төрлийн хагалгааг дурангаар хийж байгаа. Манай эмнэлгийн хувьд дурангийн хагалгаа маш их хийдэг хэдий ч суурийн хөндий нээсэн хагалгааг манай зөвлөх эмч н.Дамдинсүрэн болон миний бие хийлээ.

-Өөрт тохирсон дусаалгыг яаж сонгох вэ. Надад тохирно гэдгийг яаж мэдэх ёстой юм бол?

-Хамгийн гол нь хамрын үрэвслээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв хамар нэгэнт үрэвссэн бол дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Мэргэжлийн эмчид хандах ёстой. Урьдчилан сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд далайн давсны болон натри хлоридын уусмалаар угааж болно. Сүүлийн үед гарсан цацлага хэлбэрийн давсны уусмалаар ч шүршиж болно. Түүнээс гадна гэр, албан тасалгааны агаарыг цэвэр, чийглэг байлгаж, тамхины утаанаас эрс зайлс хийж, хурц үнэртэй бүтээгдэхүүнтэй харьцахдаа амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй юм. Харин бүтцийн шалтгаантай бол эрт оношлуулж, эмчлүүлэх шаардлагатай.

-Хамрын дусаалгыг байнга хэрэглэх нь сөрөг нөлөөтэй гэлээ. Ер нь дээд тал нь хэд хоног хэрэглэх ёстой гэдэг заавар байдаг уу?

-Дусаалга хэрэглэх шаардлагатай үед 5-7 хоног л хэрэглэх ёстой. Дусаалгад эдгэх хэмжээний битүүрэлт бол энэ хугацаанд бүрэн эдгэрдэг. Эдгэхгүй байгаа бол эмчид хандах шаардлагатай.  Хамар онгойлгодог дусаалга, бэлдмэлүүд гэдэг нь хамрын судсыг агшааж, агаар нэвтрүүлэх зориулалттай бэлдмэлүүд байдаг. Гэтэл энэ нь судас агшаадаг бэлдмэл учраас зөвхөн хамрын судсыг биш, тархины судсыг ч агшаана гэсэн үг. Тархины судас агшсанаас олон төрлийн сөрөг нөлөөтэй. Тиймээс долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Ялангуяа жирэмсэн эхчүүд гормоны шалтгаанаар хамар битүүрдэг учраас хамрын дусаалга хэрэглэж болохгүй. Учир нь  эхсийн судсыг агшааж, урагт очих хүчилтөрөгчийн хангамжийг багасгах аюултай байдаг.