М.Бундмаа:  Г.Болдбаатар, Д.Амартүвшин хоёртой харьцуулах хүүхэд 2020 он гартал лав байхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-24

Нэгэн цагт Монголын жүдо бөхийн 52 кг-ын жингийн шилдэг байсан, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа одоо Хонгконг улсад дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэгвэл түүний нэрэмжит жүдо бөхийн тэмцээн саяхан Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон. М.Бундмаа гавьяат энэ тэмцээний дараа “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө сэтгэлийн гүндээ тээж явдаг харуусал, гомдлоо “асгажээ”.

Тэрбээр “Миний хувьд амжилт буураад, зодог тайлсан. Хэдий зодог тайлсан ч  шигшээ багийн  дүү нартаа туслаад байж байх хүсэл их байсан. Том том тэмцээнд явахгүй ч дүү нартаа дэм болоод байя гэсэн бодолтой байлаа. Гэвч шигшээс багаас хассан. Тэмцээн уралдаанд явахгүй хүнийг юу гэж л шигшээ байлгаад байх вэ дээ.

Одоо жингийнхээ дүү нарын барилдааныг хараад бас л болоогүй байна даа гэж өөрийн эрхгүй бодогддог. Миний бодлоор тамирчдыг насаар нь зааглаад, “одоо яв” гэх нь буруу юм шиг санагддаг. Эрэгтэйчүүдийн хүнд жинд Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр хоёроор л жишээ авъя.

Н.Түвшинбаяр ах байгаа тулдаа л манай хоёр хичээж, бас тэр хүний эрдмээс суралцаад, амжилт гаргаад явж байна.  Би ингэж л ойлгож байна. Н.Түвшинбаяр аварга бол бөхийн авьяастай хүн. Энэ хүнийг харж үлгэр дуурайлал, урам зориг авч, дагадаг тамирчин олон. Түүнийхээ хүчинд амжилт гаргадаг шиг байгаа юм. Үүнээс гадна 60 кг-д манай Г.Болдбаатар, Д.Амартүвшин байна. Энэ хоёртой харьцуулах хүүхэд 2020 гартал лав байхгүй шүү.

Амараа, Болдоо хоёрыг дэмжээд, дэмнээд өгвөл олимпоос медаль авна гэдэгт би итгэдэг.Дэлхийн медалиа ч хос болгох боломжтой. Олон улсын тавцанд энэ хоёр шиг барилдах залуу тамирчин одоогоор харагдахгүй байгаа нь үнэн. Намайг ингэж хэллээ гээд үеийнхнээ өмөөрч байна гэх байх. Гэхдээ би хэн нэгнийг өмөөрөөгүй. Би хөндлөнгийн нүдээр хараад хэлж байж магадгүй. Гэвч яалт ч үгүй тэгж харагдаад байна. Тэр хоёроос илүү барилдчих хүн хэн байна, хэл гэвэл тэр гээд халчих тамирчин олдохгүй л байх” хэмээн ярьжээ.