ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

22 мянган нялхсыг өлгийдөн авсан буянтан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-25

Амьдралынхаа 35 жилийг эх, үрийн эрүүл энхийн манаанд зориулж, өдгөө 90 насны босгыг алхаад буй ахмад эмч А.Пагма гуайтай уулзахаар Зайсанд байрлах “Тайм скуэр” хотхоныг зорилоо. Яагаад ч юм түүнийг эмэгтэй хүн гэж бодож очсон тул орцны үүдэнд хэдийнэ гарч ирээд намайг хүлээн зогсох буурал тэргүүнтэй, туранхай бор өвөөг гэж огт бодсонгүй. Тэрбээр “Сониноос ярьсан хүүхэд мөн үү, хүү минь” хэмээн  хэзээний танил мэт инээмсэглэсээр угтлаа. Миний охин хэмээн дотночлон дуудаж, удаан уулзаагүй хүүхэдтэйгээ уулзсан мэт энэрэл дүүрэн харцаар ажин, үүнийг ид, түүнийг уу хэмээн дайлах нь бурхандаа одсон жижигхэн эмээг минь санагдуулж, сэтгэлийн дотор хэзээ эртийн гэгээн дурсамж зурсхийн, зангирч суулаа. 

А.Пагма эмч 1930 онд Ховд аймгийн Булган суманд малчны гэрт төрж өсчээ.Тэрбээр есөн настайдаа сумын бага сургуульд орж, улмаар 1943 онд аймгийн төвийн долоон жилийн сургуульд орж, 1949 онд Ховд аймгийн 10 жилийн сургуулийн анхны төгсөгч болсон аж. Тэр үед ядуу айлын хүүхэд л  сургуульд явдаг байсныг  А.Пагма өвөө хуучлав. Мал идээ сайтай, чинээлэг айлууд мөнгө төлөөд хүүхдээ сургуулиас гаргаад авчихдаг байсан аж. Малын зах, ногооны талбайгаар  дэгдэж асан жаал бор хүү төрж өссөн гэр орон, эцэг эхээсээ холдон номын мөр хөөх болсон нь ийм учиртай. Түүний сурагч нас дайны хүнд жилүүдэд өнгөрсөн гэдэг. Дунд сургуулиа онц дүнтэй дүүргэсэн баруун хязгаарын залуухан хүү А.Пагма 1950 онд Их сургуулийн Хүн ангийн пакультетэд орж, 1955 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн байна. Шижигнэсэн шинэхэн сэхээтэн төгсөн даруйдаа Толгойтын баазуудын их эмчийн салбараас ажил амьдралын гараагаа эхэлжээ. Монгол Улсад арьс өнгөний өвчин дэлгэрч, аймаг бүрт хоёр отряд байгуулагдан ажиллаж байсан тэртээ 1958 онд Ховд аймгийн эрүүлжүүлэх 23 дугаар отрядын их эмчээр томилогдон нутагтаа ажиллах болсон байна.

Отрядыг татан буулгасны дараа аймгийнхаа эмнэлгийн арьс өнгөний диспансерын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1961 онд эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжил олгох гурван сарын дамжаанд сууж, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон дөрвөн жил ажилласан түүхтэй. Баруун хязгаар нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэж явсан залуухан эмч 1965 онд нийслэл хотыг зорьж, Улсын нэгдүгээр төрөх эмнэлэг буюу одоогийн “Өргөө” амаржих газарт их эмчээр ажиллах болжээ. Энэ газарт түүний амьдралын 25 жил өнгөрсөн. Энэ хугацаанд тэрбээр 22 мянган эхийн төрөлтийг удирдаж, хорвоод мэндлэх 22 мянган нялхсыг өлгийдөн авсан буянтан. Пагма эмч эх барихаас гадна өвчинд нэрвэгдэн зовж байсан  таван мянган эмэгтэйд мэс засал хийж, өнчрөх үр, хагацах ханийн зовлонгоос гэтэлгэсэн алтан гартан юм. Тэрбээр эмч болсон эгэл хувь заяагаа “Муу аав ижий хоёр минь ядуу тарчиг байсан нь сургууль номын мөр хөөж, өдий зэрэгтэй явах их амьдралын эхлэл болсон юм даа” хэмээн дурсав. Тэрбээр үхэл амьдралын алтан заагт, аз эзийн торгон уулзварт бүтэн 35 жил цаг наргүй зүтгэхдээ нэг ч удаа халширч зүрхшээж үзээгүй, эрүүлийн тангарагтаа бат зогссон бурхан эмч.

Тийм ч учраас өдгөө 90 насны босгыг ануухан алхаж, өнчрөл хагацалд уналгүй ханилсан хань, төрүүлсэн үрстэйгээ элэг бүтэн жаргаж, хүний амьдралын сайхныг амталж, буянаа эдлэн суугаа нь энэ биз ээ. А.Пагма эмчийн хөгшнийг Самдангийн Дуламсүрэн гэдэг. Өдгөө мөн л 90 дөхсөн ануухан буурай. С.Дуламсүрэн гуай мөн л ханьтайгаа мөр зэрэгцэн хүн ардын эрүүл энхийн зөлөө зүтгэж явжээ. Эмнэлгийн лаборантаар насаараа ажилласан нэгэн. А.Пагма гуай хөгшинтэйгөө танилцсан үеэ дурсах дуртай юм билээ. 24 настай залуухан хархүү явахдаа анх ханьтайгаа учирсан аж. Тэр мөчөөс хайр сэтгэлээ өгч, хүний амьдралд хөл алдан дэрвэж явсан мөчүүдээ дурсахдаа тэртээд үлдсэн зүүд шиг гэрэлт өдрүүд сэтгэлд нь зурсхийн оров уу гэлтэй үл мэдэг инээвхийлэн бодлогоширов. Хоёр залуу 1955 онд амьдралаа холбон, орчлонд А.Пагма эмчийнх гэдэг айлын утаа нэгээр нэмэгдсэн түүхтэй. Тэр цагаас хойш  бүтэн  64  намрын навч хагдрахыг үзэж, 64 хаврын цэцэг нахиалахыг хамт үзжээ.  Хүн хүнээ хайрлаж амьдарна гэдэг гайхалтай зүйл юмсанж. Хөгшнийхөө аяганд ааг нь анхилсан шинэхэн цай хийж, хоёр гардан барих С.Дуламсүрэн эмээ, чанасан махнаас хөшиглөн аяганд нь хийж өгөх А.Пагма өвөө хоёрыг хараад “Өнө мөнхийн хайрандаа үлгэрийн төгсгөл шиг жаргая” гэдэг сайхан дууны бадаг өөрийн эрхгүй санаанд орж суув. Тэд дөрвөн охины эцэг, эх болж, энхрийлж өсгөсөн жаахан охид нь эдүгээ эмээ болохыг үзэж суугаа насны буянтай буурай нар юм. Үндэсний номын санд насаараа ажилласан том охин нь энэ жил гавъяаны амралтдаа гарч байгаа аж.

Ээж аавтайгаа элэг бүтэн өтөлнө гэдэг хэн хүнд олдоггүй ховор хувь тохиол. “Зөв явбал зөөлөн хорвоо” гэдэгчлэн буянтай сайхан амьдарна гэдэг үрийн үр, үеийн үедээ буян заяа нь дэлгэрэн байдаг аж. Төрүүлж өсгөсөн дөрвөн охиноо дөрвүүлэнг нь эрдэм номын мөр хөөлгөсөн бөгөөд түүнийх нь буянаар эдүгээ бүгд тэгш сайхан амьдралтай яваа гэнэ. Хоёр хөгшин уг нь зургаан хүүхэд төрүүлсэн ч эхний хоёр хүү нь тогтоогүй ажээ. А.Пагма гуай энэ тухай дурсахдаа “Бид уг нь хоёр хүүтэй байсан юм. Даанч хүн болж өгөөгүй, алдчихсан юм даа” хэмээн харамсан өгүүлэх бөгөөд сэтгэлд нь хаа холын гуниг харван орж ирэв үү гэлтэй яриагаа таслан дуугаа хураав. Жаргал зовлон ээлжилдэг орчлонд мөр мөрөө түших гэж ханилсан юм хойно, төрүүлсэн үрсээ хорвоогоос үдэх гунигт өдрүүдийг ч тэд гараа гараа атган даван туулсан аж. 

А.Пагма гуай 90 гарсан хэдий ч зүгээр сууж сураагүй тул одоо ч Монгол Улсын ажиллах хүчний нэг хэвээр байна. Тэрбээр “Номин” ХХК-д түгээлтийн машин “пүүлдэг” ажилтай. Тэрбээр энэ тухайгаа, “Зүгээр сууж чадахгүй юм билээ.Эрүүл мэндээ бодсон ч хөдөлмөрлөж байхын муу гэж байхгүй. Ядаж л хөдөлгөөний дутагдалд орж, хөшөөд суучихгүй шүү дээ” хэмээн ярив. Түүнийхээ ачаар ч тэр үү өдий насалсан хүн гэхэд түүнд өвдөх зовиур байдаггүй. Хайрлаж, хөдөлмөрлөж, зөв амьдарна гэдэг хүний амьдралын мөнхийн гэгээ аж. Түүний ул мөр, үеийн үед үлдэж, үр удам хойч үеийнхээ угтах замыг гэрэлтүүлсээр байдаг юм байна. Хайр хүндлэл бялхсан энэ гэрээс гараад алхахад, бие биенээ халамжлах цал буурал тэргүүнтэй хоёр буурайн дүр зураг үе үе бодогдон, уярч явлаа.