ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорвоо сайн хүмүүсээр дүүрэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-26

Амьдрал гэдэг оройд нь авирч гарах боломжгүй өндөр барилгатай адилхан. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон шаттай. Хүмүүс тэр шатаар цаг цагаар, өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр өгссөөр, уруудсаар л.  Уруудах амархан, хэний ч туслалцаа хэрэггүй. Нэг л өдөр арай гэж гарсан хоёр, гурав, арван давхраасаа уначихсан ч байж мэднэ. Тэгвэл өгсөх замд олон хүний туслалцаа хэрэгтэй болдог юм байна. Өнөөдрийг хүртэл амьдралын шатаар өгсөж явахад олон ч хүн өргөж, түлхэж, өөрсдөө шат болж тусалжээ. Анх оюутан болж байх үед бүх л хүмүүсийн амьдрал сайнгүй байлаа.  Нэгдүгээр дамжаанд орсон жил учраа олохгүй, автобусны карт дээр наадаг сар үнэгүй зорчих билетээ ч авах мөнгөгүй үе олон. Өдөр хоол идэх 1000 төгрөг ч байхгүй өдрүүд олон байсан. Бууз 80 төгрөг байлаа.  500 төгрөгтэй бол 5-6 бууз авч цадталаа идчихээд хичээлээ давтах боломжтой.

Гэвч 500 төгрөг гэдэг нүдний гэм. Тийм л өдрүүдийн ард гарахад нэг найз минь чадлаараа тусалсан. Боломжтой үедээ үргэлж бууз авч өгнө. Автобусны мөнгөгүй үед даана. Хаа нэг гэрээс мөнгө ирэхээр хариуг нь барьж, цуйван, гуляш авч тансаглан аа, хоёулаа.  Сүүлд гуравдугаар дамжаанд байхдаа найзынхаа аавын хашаанд гурван ханатай гэр бариад хагас жил амьдарсан юмдаг. Надаас нэг удаа цахилгааны мөнгө нэхэж байгаагүй юм.  Магадгүй өдий хүртэл сайн, муугийн дундуур туучиж, сайхан, муухайгаар хэлүүлж явахад минь энхэл донхолтой замын чулууг хамгийн их түүж өгсөн нь чи л байх.  Өлссөн үед авч өгсөн бууз ямар амттай байсныг би мартаагүй.  Хэцүү цагт тусалж, автобусны мөнгө өгч байсныг чинь үргэлж санадаг шүү, найз минь.  Хорвоо сайн хүмүүсээр дүүрэн. Ямар ч байсан муугаасаа хавьгүй их.  Одоо ч би тэр сайн хүмүүсийн ачаар амьдралын шатаар өгссөөр л явна.  Чи ч бас өгсөж л яваа. Хоёулаа аль нэг давхарт нь тааралдаж, гуляш идэж тансаглана аа, найз минь.