ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дэлбээлдэг цэцэг”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-31

“Эгэл амьдрал”-ын хойморт энэ удаа нэгэн эко бүсгүйг урилаа. Тэр бидний л адил улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөж яваа эгэл нэгэн. Гэхдээ та, бидний зорьж очих дуртай газрын нэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөнөөс орой бүрий болтол ажиллаж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон ой төгөл бий болгох ажилд гар бие оролцож, моддыг арчилж тордох, иргэдийн амар тайван аялж, амрах тохилог орчныг бий болгох буянтай үйлсийг бүтээж яваа учраас түүнийг онцолсон юм. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт уулзах тов тогтоочихоод яарсаар очлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байрлах ногоон өнгөтэй оффисын байрны хоёр давхарт гарч, зорьж яваа бүсгүйгээ сураглав. Гэтэл компьютерийн цаана сууж байсан шавилхан бүсгүй инээмсэглэсээр тосч ирсэн нь миний уулзах “Эгэл амьдрал”-ын эзэн байжээ. Бидний яриа түүний хүүхэд нас, аав ээжийн тухай дурсамжаар эхлэв. Түүнийг Ж.Мөнхбаяр гэдэг. 1978 оны аравдугаар сарын 29-ны намрын шар нар ээсэн өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. Хоёр хоногийн өмнө түүний төрсөн өдөр болсон юм. Хилчний гэрт мэндэлсэн тэрбээр хээрийн отряд дамжин бага насаа өнгөрүүлж, эх орныхоо дархан хилийг ээж аавтайгаа хамт манаж явсан “хилчин” охин байлаа. Харин 1986 онд Дорнод аймгийн хилийн цэргийн анги руу гэр бүл нь шилжиж очсоноор тэнд бага сургуулийн нэгдүгээр ангид элсэж орсон түүхтэй. Энэ тухайгаа ярихдаа “Би 1996 онд аравдугаар ангиа төгсчихөөд хөдөө аав ээж дээрээ хэсэг мал хариулсан. Харин 1999 онд ХААИС-ийн агрономичийн ангид тэнцэж, 2003 онд төгссөн. Газар тариалангийн мэргэжлээр ажиллах нь миний сонирхол байсан учраас энэ мэргэжлийг сонгосон юм. Ажлын гараагаа “Соёолж” компаниас эхлүүлж, үрсэлгээний хүлэмж, тасалгааны цэцэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа.

 

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн анх байгуулагдахад буюу 2012 онд ажилд орж билээ. Тэр цагаас хойш зургаан жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгээ дэлхийд эхний 10-т орох том цэцэрлэгт хүрээлэн болгох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ажиллаж явна” хэмээв. Ж.Мөнхбаярын төрсөн эгч нь тухайн үед Дорнод аймгийн Техник, технологийн коллежид ногоочин мэргэжлээр суралцаж байжээ. Суралцах хугацаандаа Сүмбэр, Халх голоор дадлагад гарч чацаргана, арнетик хурааж буйг хүүхэд байхдаа харж, ургасан ногоо хурааж байгаа нь сайхан санагдсан учраас агрономич болохыг хүссэн аж. Харин аав ээжийнхээ хилчин мэргэжлийг өвлөсөн хүн бол түүний ах бөгөөд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын аврах бүлгийн даргаар ажилладаг гэнэ лээ. Тэд эхээс наймуулаа. Долоон эмэгтэй, ганцхан эрэгтэй. Тиймдээ ч охид бүгдээрээ эрчүүдийн ажлыг ч хийж өсчээ. Аав ээж нь “Та нар ажил хийж сурах ёстой. Гадаа, гэрт, хөдөө, хотод ч дасан зохицож ажилладаг байж л энэ нийгэмд амьдарна” хэмээн сургадаг байсан учраас энэ ёсоор охид бүгд эр хүний ажлыг ч түүртэхгүй хийж сурчээ. Тэрбээр, аавыгаа 2010 онд өвчний улмаас алдсан бол харин ээж нь энх тунх үр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч явна. Ж.Мөнхбаяр эгч нөхөртэйгөө оюутан байхдаа танилцжээ. Ханийг нь Ч.Чогсом гэдэг бөгөөд адилхан агрономич мэр­гэжилтэй, мөн хоёул цэргийн хүний хүүхдүүд. Оюутны ширээнээс эхлүүлсэн хамтын амьдрал өдгөө 18 жил үргэлжилж байна. Анхны хүүгээ өлгийдөж, аз жаргалдаа бялхаж явсан хосуудад амьдрал багахан зовлонг үүрүүлсэн аж. Тэдний том хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Бусдын дэмж­лэгээр хоолоо идэж, хувцсаа өмсдөг. Гэвч тэр хоёр амьдралд бууж өгөөгүй юм. Тиймдээ ч хайртай үрийнхээ төлөө хамтдаа шаналж, бас жаргаж явна. Ажил мэргэжил нь адил учраас нэг, нэгийгээ илүү ойлгож, хамтдаа ажилладаг учраас ажлын цагаа зөрүүлж, хүүгээ ээлжлээд харчихна. Гэхдээ хүний л амьдрал учраас заримдаа оройтож, илүү цагаар ажиллах үед ар гэр нь орхигдож, хүүхдүүд нь хоол ундгүй суух цаг үе олон бий. Гэлээ гэхдээ хоёр залуу амьдрал хэцүү байна гэж бууж өгөлгүй энэ хүртэл зүтгэжээ.

Тэд нэг хүү, хоёр охинтой. Анх Ч.Батсугар хүү нь жаахан байхад ажлын цагаа зохицуулж чадахгүй тэвдэх үе байсан ч хүүгээсээ хойш долоон жилийн дараа төрүүлсэн охин нь өдгөө тусад орж, ээж, аавынхаа эзгүйд гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, ахыгаа ч асарчихна. Бага охин Ч.Номин харин цэцэрлэгийн сугалаанд азгүйтэж, хоёр жил хувийн цэцэрлэгт сурчээ. “Ажлын энэ хавьд цэцэрлэг байдаг бол охиноо өгчихмөөр санагддаг юм. Даанч хоёр настайдаа сугалаанд азгүйтсэн учраас гурван настай болсон ч цэцэрлэгт авахгүй юм билээ. Тэгээд л хувийн цэцэрлэгт өгсөн. Төсвийн цалин харж амьдардаг бидний хувьд хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулах чинь бас л чанга шүү дээ” хэмээн инээмсэглэв. Дэндүү жаахнаараа Ч.Хүслэн охиндоо хэтэрсэн их ачаа үүрүүлж буйгаа мэдэрдэг ч охин үрээрээ бахархах эхийн сэтгэл нүднээс нь илхэн харагдаж байлаа. Тэрбээр, “Охиноо манай гэрийн “үнсгэлжин” гэж дууддаг юм. Гэхдээ миний охин аав, ээжийнхээ хамгийн том түшиг. Өглөө хүүгээ орхиод гарахдаа өдөржин даарчих вий гэж боддог ч охин хичээлээсээ тараад харьчихлаа гэхээр л сэтгэл амрах шиг болдог. Миний хань ч гэсэн мундаг ажилсаг хүн бий. Ажлаа зөрүүлж, ээлжээр гардаг учраас миний эзгүйд гэрийн ар талыг найдвартай хамгаалж үлдэнэ. Ер нь байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй хүмүүсийн нэг нь заавал гэртээ үр хүүхдээ харах хэрэгтэй болдог. Гэтэл бид хоёрын нэг нь ажлаа орхилоо гэхэд амьдрал юу болох билээ. Тиймээс ажил, амьдралаа зохицуулах гэж хичээнэ. Миний хүү чинь мундаг шүү дээ. Гурван сард нэг удаа мэдрэлийн эм тариа хийлгэдэг юм. Шөрмөс сунгах хагалгаа хоёр жилийн өмнө хийлгэлээ. Тэгээд Эрүүл мэндийн яамнаас энэ талаар дэмжлэг үзүүлдэг болов уу гэж сураглаж очтол байдаггүй юм билээ. Төр энэ мэт зүйлд жаахан уян хатан хандвал зүгээр санагдсан” хэмээн ярих түүний ярианаас бүтээсэн амьдралдаа дэндүү хангалуун, ирээдүй өөдөө итгэлтэй тэмүүлэх эгэл бүсгүйн хүсэл мөрөөдлийг олж харлаа.  “Амьдрал хэцүү байна, миний хүүхэд өвдөж зовоодог, миний гэр хол” хэмээн элдвийн зовлон тоочиж суудаг олон мянган хүмүүсээс яагаад ч юм тэс өөр санагдсаныг нуух юун. Ярилцаж суух зууртаа амьдралын энэ мэт бэрхшээлтэй асуудлыг хөндөхөд ч “Би чадна аа, бид хамтдаа зохицуулчихдаг юм. Миний хамт олон надад байхад юу юунаас ч илүү үнэ цэнэтэй” гэсэн сэтгэлийн эрч хүч, зориг тэвчээрийг нь биширч суулаа.

Хаа хол Улиастайн гүүрний орчмоос ажилдаа ирдэг ч урдуураа түгжрэлгүй учраас амархан шүү дээ хэмээн ярина. Ерөөс зовлон бэрхшээл түүний хувьд зөвхөн сорилт төдий бөгөөд амьдралыг илүү хялбараар харж, тэндээсээ аз жаргалыг мэдэрч суудаг нь илхэн аж. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэх их айлын босгыг алхаж орсноо тэр азтай хувь зохиол гэж боддог гэнэ лээ. Мод тарих нь мянган суварга босгосноос ч илүү их буян учраас Ж.Мөнхбаяр эгч хамт олонтойгоо хамт өдөр бүр буян үйлддэг. Бидний ярилцаж суусан өрөө тасалгаа ч өнгө, өнгийн тасалгааны цэцэгсээр дүүрэн бөгөөд охиных нь сургууль шинээр ашиглалтад орохоор болж, хуучин сургуулийг нураах үеэр хатаж гандсан олон цэцэгсийг ажил дээрээ авчран арчилж, өнгө зүс оруулжээ. Эко орчин гэдгийг энэ байгууллагаас харлаа. Ажилд анх орох үед зөвхөн Цэцэрлэгт хүрээлэнгийн голоор явдаг бетон замыг барьж байжээ. Тэр цагаас хойш зургаан жилийн хугацаанд өөрийнхөө гараар, хамт олонтойгоо хамтран ногоон төгөл, өнгийн гоёмсог цэцэг, нийслэлийн иргэдийн амарч тухлах ая тухтай орчныг бүрдүүлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгож чадсандаа юу юунаас илүү бахархдаг аж. “Хийсэн ажлаа дараа нь харах үнэхээр гоё. Тэтгэвэрт гарсан хойноо ч энэ хавиар зугаалахдаа энэ модыг ингэж суулгаж, тэдэн жилийн дараа ургаж билээ гэж харах сайхан санагдана. Манай хүрээлэн жилээс жилд өсөж дэвжиж байгаа. Дандаа эмэгтэй хүмүүс даргаар ирдэг учраас илүү их сэтгэл, зүтгэлтэй ажилладаг юм. 975 га газрын 183 га-д тохижилтын ажил хийгдэж байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 28 хувийг бүрдүүлдэг. Би тарьсан модоо тоолж үзээгүй. Гэхдээ жилд хавар, намрын тарилтаар 10 гаруй мянган мод тарьдаг. Тэр болгонд гар бие оролцоно. 2017 оноос эхлэн бригад ахаллаа. Миний ахалсан дөрөвдүгээр бригад 55 га талбайг хариуцан ажиллаж, 2017 онд ажлын амжилтаараа хоёрдугаар байрт орж шагнуулж байлаа. Одоо нэгдүгээр бригад ахлаад ажиллаж байна. Ажилдаа дуртай учраас нэг өдөр чөлөө авчих юмсан, эсвэл очихгүй амрах юмсан гэж боддоггүй юм. Хэдийгээр өглөөнөөс үдэш болтол дандаа гадаа ажилладаг ч бүтээсэн бүхнээ эргээд харахад ажлын ядаргаа, тэр өдрийн даарсан мэдрэмжээ мартчихдаг” гэсэн юм.

Агрономич болон ойжуулалтын мэргэжилтэй хүмүүс жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ж.Мөнхбаяр эгч шиг олон хүмүүс жилийн дөрвөн улиралд гадаа ажиллана. Намар иргэдийн тарьсан модыг өвөл цасаар хучна, хаврын цэнэг усалгаанд бэлтгэнэ. Мөн зам талбайгаар өглөө бүр гүйх хүмүүсийн ая тухтай байдлыг хангах үүднээс цас орох бүрт зам талбайгаа цэвэрлэх, зундаа тарьсан модоо услах гэх мэтээр тэдэнд хийх ажил их бий. Тиймдээ ч ажиллах нөхцлийг нь “хүнд” гэсэн нөхцөл рүү оруулж, цалин хангамжийг нь нэмчихээсэй гэсэн бодол жилийн дөрвөн улирал гадаа ажилладаг олон хүмүүст байдаг гэдгийг албаны хүмүүст манай сониноор дамжуулж хэлэхийг хүссэн юм. Яагаад гэвэл, нийслэлийн ногоон байгууламжийг бий болгох гэж зүтгэдэг амаргүй ажилд цалин бага, ажиллах орчин хүнд гэж бодсон залуус орж ирдэггүй, ирсэн ч удалгүй ажлаас гарчихдаг гэх мэт бэрхшээл байдаг аж. Гадны улс оронд дөрвөн хүн нийлээд нэг га газрыг хариуцан ажиллаж байхад, манай улсад эсрэгээрээ нэг хүн 4-5 га газарт ажилладаг гэнэ лээ. Нөгөөтээгүүр, зарим ухамсаргүй иргэд тарьсан зүлэг модыг нь хугалах, сэтгэл гаргаж ургуулсан гоёлын цэцгийг нь тасдаж гомдоох үе олон. Сандлын хажууд хогоо хаядаг, цөмсөн самрынхаа ясыг асгачихаад явж одно. Хотоо хайрлах, зүлэг ногоон байгууламжаа хамгаалах талаар хэлэхэд “Та нар энэ ажлыг хийх гэж мөнгө авдаг биз дээ. Энэ миний ажил биш та нарын ажил” гэх мэтээр үл тоож, доромжлох хүмүүс ч олон байдаг гэв. Гэхдээ саараас илүү сайн хүмүүс олон болж, иргэдийн ухамсар дээшилж байгаад баяртай байдаг хэмээлээ.

Бөөгийн зан үйл хийж байна хэмээн тарьсан модыг нь хугалах нэгэн байхад аав, ээж, төрсөн ганц хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж мод тарих гэсэн юм хэмээн зориод ирэх хүмүүс олон бий. Тэр болгонд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид талбай гарган өгч, мод, бут сөөгийг нь тариулна. Харин тариад явсны дараа ургуулж, арчлах ажлыг хийнэ. Бид ярилцах зууртаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв гудамжаар алхав. Түүний ахалсан нэгдүгээр бригад “Сүү” хувьцаат компанийн тариад явсан мод бут сөөгийг арчлах, хажуугийн сул шороог ачих, нэгэн аавын хүүдээ зориулж тарьсан гацуур моддыг услах ажлыг хийж байлаа. Цэцэрлэгт хүрээлэнд өмнө хэлсэнчлэн жилд 10 мянга гаруй мод тарьдаг бөгөөд 20 гаруй төрлийн мод, бут сөөг ургадаг. 2018 оны намрын мод тооллогоор 94 хувьтай ургаж байна гэсэн тооцоо гарчээ. Мөн энэ жил гэхэд л 10 гаруй мянган мод, бут сөөг шинээр тарьж, нийтдээ 130 гаруй мянган мод, бут сөөг ургаж байна. Энэ хэрээр ч ажиллах хүчин хэрэгтэй ч хүн нэмж авах орон тоог баталдаггүй, төсөв нэмдэггүй байдал нь тэдний бэрхшээл аж. Хотын төвөөр тарьсан адилхан гацуур, шилмүүст модод яагаад ургадаггүй талаар түүнээс лавлахад “Урдаас оруулж ирдэг, эсвэл уулнаас тайраад ирэхээр ургахад хэцүү. Мод өөрөө маш их арчилгаа шаардана. Манайх өөрсдөө их тоосонцортой улс. Тиймээс байнгын тоосонд дарагдаж, арчилгаа муу байгаа учраас үхдэг гэж боддог юм. Мандлын болон тасалгааны цэцэг ч ялгаагүй арчилгаа шаардана. Ер нь цаашдаа хотын төвөөр ч байгалийн олон наст цэцэг нутагшуулж, ургуулаасай гэж хүсдэг” хэмээн ярилаа.

Түүнийг найрсаг, хамт олонтойгоо эвтэй, хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг гэдгийг хамт ажилладаг хүмүүс нь онцолж байв. “Соёолж” компанид ажилд ороод л нэг жилийн дараа “сайн ажилласан” хэмээн шагнуулж Бээжин хотоор аялж байсан бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн эд эс болсны дараа “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрээ цоолж, салбар яамныхаа жуух бичгээр шагнуулжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын жуух бичиг гэх мэт олон шагнал ажил хийх урам зоригийг нь илүү бадраажээ. Хамт олныхоо энэ их итгэлийг алдахгүйн тулд үргэлж хичээж, байгууллагынхаа спорт, урлагийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хичээж явдгаа ярьж суулаа. Байгууллагынхаа буянаар олон газар очиж, тухайн улсын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай танилцаж явахдаа яг энэ цэцгийг, ногоон байгууламжийг очиж байгаад хийнэ ээ хэмээн бодож, тэр хүслээ ч биелүүлж явна. Учир нь 2017 онд Улаанбаатар их сургуульд Доктор, профессор Д.Жанцалнямын удирдсан ангид суралцаж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэгт ургамал, чимэглэлийн судалгаа” чиглэлээр доктор С.Жавзангийн удирдлага дор магистрын зэрэг хамгаалж, гоёлын байцаа зэрэг нэг наст гоёмсог цэцгээр хүрээлэнгээ чимэх ажлыг хийж байгаа гэнэ. Цаашдаа хүрээлэндээ байгалийн олон наст цэцгийг нутагшуулах хүсэлтээ явдаг хэмээлээ. Тэр мөрөөдөл нь тун удахгүй биелэх биз ээ. Баяр, гуниг, зовлон жаргал гэрлийн хурдаар солигдох их хотын минь нэгээхэн буланд ийм нэгэн гайхалтай бүсгүй өнөөдөр ч модоо арчилж, цэцгээ тарьсаар явна. Дэлбээлдэг цэцгэндээ илүү дуртай хэмээн инээмсэглэсэн шиг энэ амьдралдаа, эрхэлсэн ажилдаа та “дэлбээлдэг цэцэг” нь юмсанж. Бүдрэх зовлон байвч туулаад л гар, бүтээсэн бүхнээрээ бахархаж яв, бас дурласан мэргэжилдээ илүү шунан дурла гэсэн энгийнээс энгийн дүрмийг цаг гаруйхан уулзаад гарахдаа ойлгоод гарлаа. Эрхэлсэн ажилдаа илүү шунан дурлаж, энэ амьдралдаа битгий сөхрөөрэй, эгч минь. Эргээд хоёулаа уулзахад илүү гоёмсогоор дэлбээлдэг юм шүү.