ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Эрдэнэбаяр: Хархоринг ирээдүйн нийслэлээр зарлах эсэх шийдвэр гаргахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-31

Монголын залуу эрдэмтдийн холбооны зөвлөх, судлаач Л.Эрдэнэбаяртай нийслэл хотыг нүүлгэх шаардлагатай  эсэх талаар энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Саяхан болоод өнгөрсөн намрын чуулганы нээлтээр Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга хоёулаа үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үг хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ид ярьж буй энэ цаг үед нийслэл хотыг нүүлгэх, эсэх асуудлыг орхиж боломгүй мэт санагдана. Судлаач хүний тань хувьд асуухад ер нь манай улс нийслэлээ нүүлгэх нь зөв үү?

-Нийслэл хотын чиг үүргийг өөр хотод шилжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлэх чухал асуудал. Олон улсын туршлагаас үзэхэд нийслэл хотоо шилжүүлж байгаагүй улс орон гэж нэгээхэн ч байхгүй. Шалтгаан нөхцөлийг нь харахад хэд хэдэн шалтгааны улмаас нийслэлээ шилжүүлж байсан байдаг. Нэгдүгээр шалтгаан нь зүй зохисгүй хэт төвлөрлийн улмаас нийслэл хотынх нөхцөл байдал хүндэрсэн. Нийгэм, эдийн засаг, экологийн доройтлууд бий болсон, түүнийгээ засаж сэргээхэд маш их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгцээтэй болдог буюу зарим тохиолдолд засаж сайжруулах боломж мухардсан байдаг. Өөрөөр хэлбэл, их элс рүү багахан ус асгаж байгаа юм шиг хөрөнгө мөнгийг сороод дуусдаг ч төдийлэн сайжирч дээшлээд байгаа зүйл харагдахаа больдог учраас нийслэлээ шилжүүлэх хэрэгцээ үүсдэг. Хоёр дахь шалтгаан нь  улс орон хөгжлийн шинэ төв байгуулах хэрэгцээ сонирхлоор нийслэлээ шилжүүлдэг. Жишээлбэл, Казахстан улсын жишээ байна.  Нутаг дэвсгэрийн урд хэсэгт Алмата  хэмээх нийслэлтэй байсан. Нутаг дэвсгэрийн төв хэсэг болоод хойд хэсэг нь  хөгжлөөр сул байна гэсэн үндэслэлээр, мөн тодорхой хэмжээнд Алмата хотын экологи, эдийн засгийн байдал хүндэрсэн гэсэн шалтгаанаар нийслэлээ шилжүүлж байсан. Энэ  хоёр шалтгаан хоёулаа манайд давхцаад байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар гэсэн ганцхан хотын тулгуурт өрөөсгөл хөгжилтэй улс болоод байна. Гэтэл нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзэлдэг Хангайн, Баруун бүсийн аймгуудын хөгжлийн түвшин ихээхэн доогуур байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж нүүх асуудал байдаг. Манайд бол энэ асуудал тулгараагүй. Энэ шалтгаан ихэвчлэн далайн эргийн, газар хөдлөлтийн онцгой бүсэд байдаг нийслэлүүд, мөн хөрсний гулгалт үүсдэг хотуудад тохиолддог. Энэ асуудал өнөөдөр манайд тулгараагүй хэдий ч Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Тэгэхээр хамаатай байж болно. Үндсэндээ манай улсад эхний хоёр шалтгаанаас болж  нийслэлээ шилжүүлэх шаардлага бол байна. 

-Таны хувьд нийслэлээ шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Үүнийг хэрхэн хийх вэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд нийслэл хотын төвлөрлийг задалдаг хэд хэдэн арга байна. Эхнийх нь шинэ нийслэлээ зарлаад нийслэлийн засаг захиргаагаа шилжүүлдэг. Энэ жишээ бол элбэг байдаг. Удаах нь  шинэ нийслэлийг зарлаж, засаг захиргааны зарим чиг үүрийг шилжүүлэх боловч хуучин нийслэлдээ засаг захиргааны зарим үүргийг үлдээдэг жишээ байна. Гуравдугаарт нь  шинэ нийслэлээ зарлахгүй. Тэгсэн хэр нь засаг захиргааны зарим хэсгийг шилжүүлдэг туршлага бий. Манай улс нийслэлийн чиг үүргээ хоёр хотод хуваах боломжтой. Шинэ нийслэлээ зарлаад засаг захиргааны хэсгийг нүүлгэх боловч Улаанбаатар хотод нийслэлийн зарим чиг үүргийг хэвээр үлдээх хувилбар нь оновчтой болов уу. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот  Монгол Улсын эдийн засгийн төв хэвээрээ үлдэх нь зөв юм гэж үзэж байна. Энэ нь АНУ-ын Вашингтон, Нью-Йорк  хотуудын  жишээтэй  адилхан байж болох юм. Хуучин Нью-Йорк  хот Америкийн нийслэл байсан шүү дээ. Одоо бол Вашингтон хот болсон. Гэхдээ өнөөдөр 300 сая хүн амтай улсын нийслэл Вашингтон гэхэд 700 мянга орчим хүнтэй байна. Харин Нью-Йорк хот нь Америкийн  эдийн засгийн төв хот хэвээрээ байгаа шүү дээ. Ийм хувилбараар байж болох юм.  

-Нийслэл хотыг хааш нь шилжүүлэх зохистой вэ?

-УИХ-аас 2001 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэмээх эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийг батлан гаргасан юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нэг томоохон заалт бий. Тухайбал, үзэл баримтлалын 4.7.5.г-д “Улаанбаатарын болон бусад бүсийн хэмжээнд Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний бөөгнөрлийг задлах...”,  4.7.5.д-д “... Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хотоос тус улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэн байршуулах асуудлыг иж бүрнээр судалж 2020 он хүртэлх хугацаанд шийдвэрлэх” гэсэн хоёр чухал заалт бий. Энэ заалтыг одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа.  Хархорин хот Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Өвөр хөшөөтийн булаг гэдэг газраас 70 орчим км зайд оршдог. Тухайн үед парламентын гишүүд, эрдэмтэн судлаачид үе үеийн төрт улс нийслэл хотууд цэцэглэн хөгжиж байсан Орхоны хөндий буюу одоогийн Хархорины орчимд ирээдүйн нийслэлийг байгуулахаар бодолцож Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “нутаг дэвсгэрийн төв хэсэг” хэмээн оруулж байсан юм. Үзэл баримтлал дахь дээрх заалтуудыг УИХ авч хэлэлцэх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд сануулдаг. Өөрөөр хэлбэл, Хархоринд нийслэлээ шилжүүлэх, эсэх шийдвэр гаргахад УИХ-д хоёрхон жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. 

-Яагаад Хархорин гэж? 

-Хархориныг нийслэлээр зарлах асуудлыг 1990 оноос ярьж эхэлсэн байдаг. Тэр үед нээлттэй ардчилсан нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор үндэсний бахархлаа сэргээх асуудал их яригддаг байсан. Тухайлбал, 1990-1992 онд Үндэсний хөгжлийн сайдаар, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эрдэмтэн Ж.Батсуурь Их Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн засварлах, хамгаалах, орчин үеийн Хархорин хотыг хөгжүүлэх асуудлыг  тавьдаг. Ж.Батсуурь өөрөө хүн төрөлхтний гарал үүсэл, генийг судалдаг эрдэмтэн хүн. Тэрбээр Орхоны хөндийг ганц монгол туургатны биш дэлхийн хүн төрөлхтний үүслийн цэг юм гэж их үздэг. Мөн үе үеийн нүүдэлчдийн төрт улсууд Орхоны хөндийд нийслэлээ байгуулж байсан түүхтэй. Ж.Батсуурь   санаачлан 1990-ээд оны эхээр Хархорум их сургуулийг Хархорин суманд байгуулж байсан. Энэ суманд байгуулагдсан анхны их сургууль. Мөн 1994 онд Хархорин сумыг хот болгох УИХ-ын шийдвэр гарч дараа нь Засгийн газраас Хархоринд орон нутгийн хот гэсэн зэрэглэл тогтоох шийдвэрүүд гарч байсан. Дараа нь 2003 онд Хангай бүсийн тулгуур төвөөр Хархоринг баталж өгсөн. Тэгэхээр ямар ч байсан орон нутгийн  зэрэглэлтэй хотоос бүсийн хэмжээний хотоо болгоод зэрэглэлээ дээшлүүлсэн хэрэг. Хархориныг нийслэл болгох гэсэн дараагийн томоохон давлагааг Ц.Элбэгдорж  2004 онд Ерөнхий сайд байхдаа үргэлжлүүлсэн байдаг. Тэрбээр 2004-2008 оны Засгийн газрийн үйл ажиллагааны хөтөлбөрт Хархориныг жишиг хот болгон хөгжүүлнэ гэж зааж өгсөн.  Энэ чиглэлээр нэлээд ажил хийж байсан. Жишиг хот болгох хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг  улсын хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхий сайд Ц.Элбэгдорж,  ажлын хэсгийн орлогч даргаар  УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн гишүүд дотор  найман Улсын хурлын гишүүн, дөрвөн салбарын сайд, холбогдох  эрдэмтэд, орон нутгийн удирдлагууд гэх мэт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулаад, дэд хэсэг нь чиглэл чиглэлийн 60 орчим эрдэмтэн судлаачдаас санал дүгнэлтийг нь аваад, жишиг хотын төслийг  боловсруулаад  явж байсан. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг УИХ-д өргөн барьж батлуулж чадаагүй. Тухайн цаг үеийн тогтворгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж магадгүй.  Уг нь жишиг хот болгох хөтөлбөр батлагдсан бол эртний нийслэл Хархорум хотын уламжлал, орчин үеийн шинэчлэлийг хослуулсан хот байгуулалтын шинэлэг хөтөлбөр болох ёстой байсан юм. Одоо энэ хөтөлбөрийн төслийг үргэлжлүүлэн сайжруулж, батлах шаардлага байгаа. 

-Хархориноос өөр газар нийслэлээ шилжүүлэх талаар ярьсан уу?

-Монгол Улсын шинэ нийслэлийн байршлыг Хархоринд гэдэг дээр нэгддэг олон эрдэмтэд байна.  Өөр газар байгуулах саналтай хүмүүс ч бий. Тухайлбал, нийслэлийг Төв аймгийн Лүн суманд шилжүүлье гэсэн санал гарч байсан. Багануур, Зуунмод, Дарханд шилжүүлье гэсэн санал ч байсан. Энэ нь Улаанбаатар хотын  төвлөрлийг багасгах гэсэн хүсэл дээр л гарч ирж буй санал санаачлагууд юм. Сүүлийн үед Майдар хот гэж ярих болсон, гэхдээ Майдар нь одоогоор хот биш суурьшлийн төсөл. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар хүн ам нь 15 мянгаас дээш байж хотын статус авах ёстой.  Судлаачийн зүгээс үзэхэд ойрхон зайд нийслэлийн чиг үүргийг шилжүүлэх нь төвлөрлийг задлахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Бидний хувьд 2001 онд УИХ-аас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нутаг дэвсгэрийнхээ төв хэсэг рүү нийслэлийн зарим чиг үүргийг шилжүүлэх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Өнөөдрийн нэг туйлтай хотын төвлөрлийг ядаж хоёр туйлтай болгох ёстой. Тэр нь Хангайн болон баруун бүсийн  аймгуудад хөгжлийг ойртуулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих чухал санаа гэж үзэж байгаа юм. 

-Хархорин, Орхоны хөндийн хувьд нийслэл шилжин очих боломжтой юу. Тухайлбал, Орхоны хөндийн зарим хэсгийг 2004 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн өвд бүртгэсэн байгаа. Мөн нүүгээд очиход ус болон бусад байгалийн нөөц нь хүрэлцэх болов уу?

-Энэ чиглэлээр бид Ж.Батсуурь доктортой санал солилцож байсан. Ерөнхийдөө дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутагт эртний нийслэл Хархорумын туурин дээр шинээр хот байгуулж болохгүй. Тэр бол манай улсын дэлхий нийт болон ЮНЕСКО-гийн өмнө хүлээсэн үүрэг. Харин багахан зайд хаяа залгуулж шинэ хот байгуулах бүрэн боломжтой. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2005 онд Хархориноос 10-аад км зайтай шинэ хотын шав тавьж байсан юм.  Тавьсан шав нь одоо хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин нийслэлийн буйр дээр нийслэл хот барих биш түүнийхээ хажууд  байгуулах бололцоотой гэж үзэж байна. Экологийн даацын хувьд  эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. Зарим эрдэмтэд усны нөөц багатай, зарим нь усны нөөц байгаа гэдэг. Монголын хамгийн урт Орхон гол тэнд урсаж байна. Ойрхон задгай ус гэвэл Өгий нуур  байна. Гүний усны тодорхой хэмжээний нөөц бий. Орчин үеийн технологиор гадаргын усыг цэвэршүүлээд хэрэглэх боломжтой. Гэхдээ энэ нь Улаанбаатар шиг сая  хүнтэй хот барих асуудал биш  ойролцоогоор 200-300 мянган хүнтэй засаг захиргааны төв байх тухай асуудал яригдаж байгаа хэрэг. Эдийн засгийн гол үндэс суурь нь аялал жуулчлал байх юм. Эхний ээлжинд парламентын ордон, Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын зарим яамд, гадаадын элчин сайдын яамдыг Хархоринд шилжүүлэх асуудлыг тавьж болно. Мэдээж тэнд бүх төрлийн хүнд аж үйлдвэрлэл, уул уурхайг хориглоно. Нэмээд нэг сонирхолтой жишээ хэлэхэд Уйгарын эзэнт улсын нийслэл  Хар балгас гээд хотын туурь Орхоны хөндийд байдаг. Тухайн үедээ тус хот 100 мянган хүнтэй байсан гэдэг. Тэр үед ямар нэгэн төвлөрсөн инженерийн систем, цэвэрлэх байгууламжгүй байхад 100 мянган хүн тэр хотод амьдарч болоод байсан байна. Тиймээс орчин үеийн технологи бүхий 200-300 мянган хүнтэй хот байгуулах бололцоотой гэж үзэх үндэслэл түүхээс улбаалж гарч ирж байгаа юм. 

-Та түрүүнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хархоринд нийслэлээ шилжүүлэх эсэх шийдвэр гаргахад УИХ-д хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ гэж хэлсэн энэ талаараа тодруулахгүй юу?

-2001 онд  баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “ ...2020 оноос өмнө Монгол Улсын нийслэлийг нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэх асуудлыг судалж, шийдвэр гаргана” гэж заасан байгаа. Тиймээс УИХ-аас  тодорхой шийдвэр гаргахыг эрдэмтэд, иргэд олон нийт ч гэсэн хүлээж байна. Миний бие танай сонинд гурван жилийн өмнө энэ чиглэлээр ярилцлага өгөхдөө УИХ-ын шийдвэрийг сануулж, таван жилийн хугацаа үлдээд байгаа тухай ярьж байсан. Харин одоо бол 2020 он хүрэхэд хоёр жил хүрэхгүй  хугацаа үлдсэн байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй энэ үед эл асуудлыг битгий орхигдуулаасай гэж хүсэж байна. Шинэ үндсэн хуулийн төсөлд Монгол Улсад Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хот байх тухай асуудлыг хөндөж байгаа. Үүнд, нэмээд бодлогоор Хархоринг улсын зэрэглэлтэй хотын ангилалд багтаах нь чухал юм. Эртний нийслэл Хархорум хот байгуулагдсаны 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Хархорин хотын нутгийн зөвлөлөөс, ШУА-тай хамтран 2015 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байсан. Тэгвэл удахгүй 2020 онд  800 жилийн ой болох гэж байна. Уг түүхэн ойтой холбоотой Хархорины нутгийн зөвлөл, ШУА-тай хамтран ЮНЕСО-гоос холбогдох тогтоол шийдвэр гаргуулах, Засгийн газраас ой тэмдэглэх асуудлаар ажлын хэсэг байгуулах зэрэг ажлыг санаачилан ажиллаж байгаа. Их ойтой холбогдуулан Хархорум хотын хөгжлийн хөтөлбөрийг шинээр батлах, аялал жуулчлалын томоохон цогцолборын бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх зэрэг ажлууд ярьж байгаа бөгөөд хамгийн чухал нь Ирээдүйн нийслэлээр Хархоринг зарлах шийдвэрийг УИХ-аас гаргавал Монгол Улсын хөгжлийн шинэ хуудас эхэлнэ гэж үзэж байна.