ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүүн хойд Азийн улсууд Монголоос эрчим хүчээ авах хүсэлтэй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-01

“Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ хамтын ажиллагааны форум” өчигдөр  “Corporate convention center”-т эхэллээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, форум өндөрлөнө.  Форумыг  НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) зохион байгуулж буй юм. Форумд Монгол, Хятад, ОХУ, Япон, БНСУ зэрэг 20 гаруй орны 200 орчим төлөөлөгч оролцлоо.  Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жилд 43 хувиар өссөн бөгөөд 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тооцоо байгаа. Эрчим хүчний хэрэглээний хурдтай өсөлтийг  улс орнууд хамтран шийдэх нь хамгийн оновчтой шийдэл болж буйг бүгд онцолж байгаа. Тиймээс   Японы “Soft Bank”-ны ерөнхийлөгчийн санаачилсан Азийн супер сүлжээ Монгол, Хятад, Орос, Солонгос, Япон гэсэн таван орныг хамарсан томоохон төсөл болон хэрэгжихэд алхам алхмаар ойртсоор байгаа юм.  
Түүний илрэл нь энэхүү форум.  Форумын үеэр оролцож байгаа улсуудын төлөөлөл  “Зүүн Хойд Азийн орнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ганц улс нь Монгол” хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.  Монгол Улс нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцтэй. Мөн өргөн уудам газар нутагтай.

Энэ их нөөцийг ашиглаж чадвал тус бүс нутгийн орнуудыг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаагаа ч дуулгалаа.  Харин манайхаас бусад Зүүн Азийн бүс нутгийн бусад орнуудын сэргээгдэх эрчим хүчний нөөц хомс байдаг аж. Энэ бүс нутагт ДНБ-ий 25 хувь, нийт хүн амын 22 хувь, эрчим хүчний хэрэглээний 25 хувь төвлөрч байгаа нь манай орны хувьд өргөн уудам нутгийн нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүчний экспортлогч орон болох алтан боломж гэж салбарынхан үзэж байна. Тэр  дундаа Монголын говь нутаг бүхлээрээ сэргээгдэх эрчим хүчний нөөц юм гэж форумд оролцогчид хэлж байв. Сэргээгдэх эрчим хүчийг хэн үйлдвэрлэж, хэн худалдаж авах асуудлаар нэг ойлголтод хүрч буй нь энэ форумын үр дүн байлаа. Хуралдаанд оролцогч улсууд Зүүн Азийн бүс нутгийн эрчим хүчний ирээдүйн чиг хандлагын талаар нэгдсэн нэг ойлголттой байгаа нь давуу тал хэмээлээ.  Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төсөл”-ийн зохицуулагч Б.Бямбасайхан “БНХАУ, ОХУ, Япон, Солонгосын төлөөлөл энэ удаагийн хуралд судалгааны үр дүнгээ танилцуулж байна. Тус улсууд Монголоос эрчим хүч авах хүсэлтэй байгаа. Энэ ажил дахин нэг шат ахилаа. Одоо энэ ажлуудыг дахин ахиулж,  ажил хэрэг болгохын тулд улс төрийн яриа хэлцлүүдийг хийх шаардлагатай. Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний сүлжээг барьж байгуулах цаг нь болсон.

Бид найдвартай эрчим хүч нийлүүлэх боломжтой байна” гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн түвшинд энэ асуудал яригдаж буй нь маш том давуу тал. Япон, Солонгос төлбөрөө төлөөд манайхаас эрчим хүч экспортолж авъя гэсэн” хэмээлээ. Тэгвэл Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга байр сууриа илэрхийлэхдээ “Эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нөөц маш ихтэй гэдгээрээ Монгол Улс анхаарал татаж байгаа юм. Зарим нэг тоо дурдмаар байна.  АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний лабораторийн тооцсоноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхиар эрчим хүч үйлдвэрлэхэд нэн тохиромжтой гэсэн.  Энэ нь жилд 2550 терраватт/цаг эрчим хүчийг салхиар үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Олон улсын Эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр хүлээж авах нарны жилийн дундаж нийлбэр цацрагийн хэмжээ 1400 квт/цаг/ метр.кв.жил. Энэ нь жилд 4774 терраватт/цаг эрчим хүчийг нараар үйлдвэрлэх хэмжээний нөөцтэйг илтгэнэ. Дэлхийн статистик­ийн мэдээгээр Монгол Улс 162 тонн тэрбум нүүрсний нөөцтэй. Энэ бүхэн дэлхий нийтийн анхаарлыг татах гол үзүүлэлтүүд болж буй юм. Монгол Улс Азийн супер сүлжээ санаачилгад анхнаас нь оролцож, дэмжиж, гол зохион байгуулагчаар нь явж байгаа бөгөөд Засгийн газрын оролцоо, дэмжлэг сайн байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. Нар, салхины эрчим хүчийг ашиглаад эрчим хүч экспортлох боломж бий болно.

Зарим судалгааны урьдчилсан тайлангаас харахад 2035 он гэхэд манай улс 20,000 мВт эрчим хүчийг экспортлох боломжтой гэж байгаа. Энэ хэмжээний эрчим хүч экспортлоод ирвэл жилд Монгол Улс 5-6 тэрбум ам.доллар олно шүү дээ” хэмээлээ.  Тэгвэл  Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн удирдагч Филиппе Лиенхарт “Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц өмнөх судалгаанд тооцсоноос өссөнийг нарийвчилсан судалгаа харуулж байна.  Зүүн хойд Азийн орнуудыг холбосон цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж гарсан.  Нөөцийн байршлын хувьд өмнө тогтоож байсанчлан говийн бүс тооцогдож байгаа бөгөөд нар, салхийг ижил хувиар ашиглах боломжтой хэмээн үзэж байна.  Төслийн хүрээнд Монгол Улс гурван шатлалтайгаар эрчим хүчээ нийлүүлэх боломжтой. Эхний шатанд 2026 онд тав, 2036 онд 10 гегаватт цахилгаан нийлүүлэх бол энэ тоо 100 гегаватт хүртэл нэмэхийг судалгаагаар тооцоод байгаа” хэмээв.