ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх үзэж тарна гэчихээд үсэрч очоод наалдчихлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-02

Эрхэлсэн байгууллага, даргалсан яаманд нь асуудал үүсч, чинээндээ тулсны дараа өөрийн хүсэлтээр огцорч байна гэж өргөдөл барьж гүйдэг хачин жигтэй буруу жишиг энэ төрд тогтлоо, Ерөнхий сайд аа. Зам, тээврийн, хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсны дараа салбарын сайд, дэд сайд хоёр нь өөрийн хүсэлтээр ажлаа өглөө хэмээн олны өмнө гарч ирж мэдэгдэл хийж байлаа. Өөрийн эзэмшлийн хоёр компанийн нэр дээр ЖДҮХС-гаас зээл авсан нь илэрчихээд байхад л Зөрчлийн хуулиар сүрдүүлж, үгүй хэмээн мэлзэж зогссон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг МАН-ын бүлгээс хариуцлага тооцно гэж мэдэгдсэний дараа “өөрийн хүсэлтээр” гэсэн марзан тайлбар хийгээд ажлаа өгч байх юм. Бас болоогүй ээ. “Уучлаарай” хэмээн бөхийж, уран гоё жүжиг тавихаа мартахгүй юм аа, тэд. 

Арлын Японы улс төрийн соёлоос суралцаж, араас нь бас мужик, ёсзүйтэй гэж магтуулахыг хүсч байгаа юм байх. Гэвч үгүй л дээ. Ажлын хариуцлага алдаад хөөгдсөн эгэл иргэн ажлаасаа гарсан ч цалингийн зээлээ ном журмын л дагуу төлдөг юм. Яг л тэр ёсоор Б.Батзориг улсаас “хулгайлж” авсан 1.4 тэрбум төгрөгөө тоо ёсоор нь эргүүлж төлж гэмээнэ бөхийхөөс илүү хүндэл, 15 секундын хэвлэлийн хурал хийхээс ч чухал байхсан. Засгийн газар ер нь асуудал дэгдэх бүрт нэг сайдаараа туг тахиж, нөгөөх нь олны өмнө гарч ирж жүжиг тавьж явсаар бүрэн эрхийн хугацаагаа барахыг хүсч байх шиг. Гэхдээ У.Хүрэлсүх сайд аа, ийм байдлаар цааш явмааргүй байх юм. Ийм засаглал ч гэж юу байх билээ. Та ажлаа авахдаа “Надад ганцхан гуйлт байна. Миний Засгийн газар болоод надаас хууль бус зүйл хийхийг битгий шаардаарай. Бас хууль бус зүйл хийлгэх гэж битгий оролдоорой. Би амь насаа алдахаас ч айхгүй” гэж хэлж байсныг чинь өдөр шөнөгүй л танд сануулж байна, бид. Мартчихсан байх вий гэж санаа тавьж буй хэрэг л дээ. Ард түмэн таниар шударга бус зүйл хийлгэхийг хүссэнгүй. Хууль бусыг хий гэж шахаж шаардаагүй шүү. Сайд нараас чинь ч ялгаагүй хууль бус зүйл хийлгэх гэж бид хүсээгүй. Тиймдээ ч бурууд нүд хурц байж, хэлсэн амандаа эзэн сууж, идсэн хоолондоо сав нь болж нэг жилийг өнгөрүүлэв.

Харин танай танхимын сайд нар чинь хууль бусыг хийж, хулгай хийгээд байх юм, зүгээр үү. Үүнийг бид гуйгаагүй юм шүү, эртхэн хэлчихье. Ерөнхий сайд та “Шударга бусын төлөө амиа алдахаас ч айхгүй” гэж цэргийн хүний ёсоор цэх зогсоод ёсолж хэлснийг бодохоор хүрэл зүрх хайлдаг юм. Тийм ч учраас өглөө бүр шударга ёсны сэлмээ эргүүлнэ дээ хэмээн хүлээдэг эгэл иргэдийн чинь итгэлийн гал бөхөх гээд байх юм, яах вэ. Авсан эхнэр, элссэн нам, анд нөхдөөсөө урвахгүй хэмээн амлаж байсан У.Хүрэлсүх та нүглийн нүдийг гурилаар хуурчихаад ичээндээ орчихоор энэ улсад хэн сэлэм эргүүлэх юм бэ. Анд нөхдөөсөө урвахгүй гэдэг амлалтаа арай л өөрөөр биелүүлээд байна даа. Ард түмний сонголтоор гарч ирсэн Ерөнхийлөгч таны яриандаа онцлоод байдаг авлигаар хөлжсөн, хууль хүчнийхнийг гартаа атгачихсан бүлэг­лэлийн өмнө хүчгүйдэж байх юм. Шударга бусын эсрэг ганцаардаж байхад шударга ёс ярьдаг Ерөнхий сайд нь нүүрээ буруулж бус нийлж зогсоод ярьдагсан бол хэчнээн жинтэй сонсогдох бол. Яг энэ цагт л сахилга дэг журмыг тогтоодог, авлига хээл хахуультай тэмц­дэг, буруутанд хариуцлага тооцдог, зорьсноо хийж хэрэгжүүлдэг Ерөнхий сайд­ын дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй байна. Сэлмээ сугалъя, Ерөнхий сайд аа. Албан тушаал мөнхийх биш гэж та өөрөө хэлсэн биз дээ.

Авч байдаг, өгч л байдаг төрийн сайдын суудалд ингэтлээ их шунахын хэрэг байна уу. Шударга ёсны төлөө амиа алдахаас ч айхгүй тэмцэх цаг үе яг одоо л ирчихээд байна. 2017 оны аравдугаар сарын 04-нд Их хурлын танхимын индрээс хэлсэн үгийг тань эргэж нэг сануулсан ч болж байна. Та “Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна” хэмээн амлаж байлаа. Одоо л энэ үгний ид шидийг үзмээр байх юм. Төр толгой гудайлгаж биш тэдний өөдөөс сэлмээ сугалаасай хэмээн эгэл жирийн иргэн бид чинь нүдээ чилтэл харуулдаж байгаа шүү.

Ард түмний мөнгөнөөс 950 саяар нь халаасалчихсан сайд нар, УИХ-ын гишүүдээ хэрхэх вэ. Хулгайчаас хамгаалж, хуульд зааснаар нь зарцуулна гэсэн амлалтаа хэрэгжүүлэхгүй юм уу. Үүнийг хийхэд хууль хэрэггүй зөвхөн сэтгэл зүрх, эр зориг хэрэгтэй гэж мөн л та хэлж байлаа. Өөрийн эзэмшлийн хоёр ч компанидаа зээл авчихсан нэг сайд чинь шинэхэн гэдгээрээ халхлаад таны сүүдэрт үлдчихлээ. Эхнэрийнхээ хормойн доо­гуур нуугдчихаад, би мэдэхгүй гэж гүрийж байх юм. Одоо л таны улс төрийн эр зоригийг харъя. Бас чин сэтггэлийг чинь нэг удаа ч болов үзэхсэн. Нэг жил засаглаад үр дүнд хүрсэнгүй. Хууль бус хулгай нь ар араасаа илэрч байна. Засгийн газрын мэдэлд байгаа ганцхан сангийн булхайг уудлахад л ийм шившигтэй асуудал дэгдэж байгаа учраас одоо тэдгээр хулгайчидтай заамдалцвал яадаг юм бэ. Ядарсан нэгний халаасыг суйлж байсан улстөрчдөөс яг энэ цаг үед та ард түмнээ өмөөрмөөр байх юм. “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэсэн экс Ерөнхийлөгч Н.Багабандийн үгийг чуулганы индрээс та хэлж байж билээ. Энэ удаа танд сануулъя. Зориг хүрэхгүй байгаа учраас ухаан чинь хүрэхгүй байна уу, эсвэл шударга ёсны төлөө тэмцэх гэхээр амь насанд чинь халдах гээд байгаа юм уу. Тийм дарамт байдаг бол түүнийгээ индрийн өмнө гарч ирээд эгэл иргэддээ хэлчихвэл яадаг юм бэ. “Шударга бусыг Ерөнхий сайдаараа хийлгэхгүй ээ” хэмээн бүтэн жил хамгаалж байсан ард түмэн энэ удаад ч хамгаалаад гарч чадна шүү, баттай хэлчихье. Хатуухан хэлэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та авлигачидтай үзэж тарна гэж амлачихаад үсэрч очоод тэдэнтэйгээ наалдчихлаа. Унгасан хойноо хавчиж ажил хиймээргүй л байх юм.